Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Нутаг амьтай спикер

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл намрын чуулганы завсарлагаанаар нутаг руугаа нэг бус удаа “гүйв”. Буруу нь юу байх вэ. УИХ-ын гишүүний хувьд тойргоо эргэж, ажлаа танилцуулж, нас өндөр хүний хувьд төрсөн нутаг руугаа явж яагаад болохгүй гэж. Харин ч спикерийн хувьд, бас энэ парламентын хамгийн ахмад гишүүний хувьд бусдадаа үлгэр дуурайлал болж байгаа нь энэ биз. Гэхдээ хууль тогтоох дээд байгууллагыг удирдаж буйн хувьд Өмнөговь аймгийг эс тооцвол “амралтаараа” өөр аймаг орон нутгаар “шагайсангүй”. Тэрбээр энэ удаагийн парламентын нэг онцлог нь цөөнхгүй байгаа орон зайг нөхөхийн тулд УИХ-ын удирдлагын зүгээс гишүүддээ тавих шаардлага, хариуцлагыг өндөржүүлэхэд анхаарч байгаа гэдгийг  байнга онцолж байгаа. Тиймээс ч УИХ-ын гишүүдийг ёс зүйн дүрэмтэй болгосон. Ёс зүйн дэд хорооны дүрмийг баталж, дэд хорооны бүрэлдэхүүнийг шинэчилсэн. УИХ-ын гишүүдийн гадаадад зорчих журамд болон түүнчлэн УИХ-ын тухай, УИХ-ын Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан зэрэг нь тохиолдлын хэрэг биш байх. Намрын чуулган завсарласны дараа ч иймэрхүү агуулга бүхий сэдвээр Удирдлагын академид докторын зэрэг хамгаалж амжсан. “Монгол төрийн албаны ёс зүйн төлөвшлийн асуудал” гэсэн сэдэвтэй докторын ажил нь түүний сүүлийн хорин жилийн практикт тулгуурласан бүтээл ч гэж хэлж болох юм. Улсын Их Хурал нэгэн бүрэн эрхийн хугацаандаа  ээлжит чуулганыг  найман удаа хийдэг билээ. Маргааш энэ удаагийн УИХ зургаа дахь удаагийн чуулганаа эхлүүлэх гэж байна.  

Б.ЭНХМӨХН


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж