Ромни, Обама-тэдэнд талтай улсууд

Хуучирсан мэдээ: 2012.10.23-нд нийтлэгдсэн

Ромни, Обама-тэдэнд талтай улсууд

Ардчилал болон бүгд найрамдахчуудын хооронд өрнөдөг уламжлалт тулаан энэ жил Ромни, Обама нарын дүрээр үргэлжилж буй. Тэдний хэн нь ирэх дөрвөн жилийн хугацаанд дэлхийн хүчирхэг гүрнийг удирдах вэ гэдэг нь дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. Тэднийг ерөнхийлөгч болоход гадаад харилцаа чухал. Хэрвээ тэднийг дэмждэг улсуудын тоо олон байвал бодлогоо хэрэгжүүлэхэд нь тус дөхөм болох нь гарцаагүй. Тиймээс бусад улс гүрнүүд хоёр нэр дэвшигчдийн алиныг нь дэмжиж байгааг сонирхуулъя.

Польш

Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Ромни өнгөрсөн зун Польш улсад айлчилж, гадаад бодлого болоод хоёр улсын гадаад худалдааг нэмэгдүүлэх, цэргийн ажиллагаанд хэрхэн хамтрах талаараа ярилцсан билээ. Мөн тус улсад айлчлах үеэрээ хүйтэн дайны цаг үед тодорсон баатруудын нэг Лех Валесатай уулзсан тухай дэлхийн хэвлэл мэдээллүүд чамгүй шуугисан. Польшийн төр засгийн удирдлагууд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Митт Ромнид талтай хандаж байгаа аж. Анхны мэтгэлцээнд Ромни ялсны дараа Польшийн удирдлагууд амжилт хүссэн мэндчилгээг хүргэсэн тухай тус улсын хэвлэл, мэдээллээр цацагдаад амжсан.

“Энэ улс бол маш гайхалтай баялаг түүхтэй, өв соёлтой орон. Ард түмэн нь ч гэсэн хэцүү түүхийг даван туулсан гайхалтай хүмүүс. Тийм ч учраас ирээдүйд дэлхийн өнгийг тодорхойлох том гүрэн болох боломж нь нээлттэй байгаа. Өнгөрсөн жил бүх Европ даяар эдийн засгийн уналт аюул учруулахад танай улсын эдийн засаг харьцангуй тогтвортой байсан нь гайхалтай” гэж Ромни долдугаар сарын 31-нд ярьжээ.

Харин Обамаг польшууд төдийлөн дэмждэггүй. Учир нь түүний гадаад харилцааны зарим бодлогыг Польшийн төр, засгийн удирдлагууд ч тэр, бизнесмэнүүд ч тэр бүр таалаад байдаггүй. Гэхдээ Польшийн зүгээс хэн нь ч сонгогдсон, хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдээд буй.

“Эрх чөлөөний үнэ цэнэ, түүнийгээ хамгаалахын утга учрыг энэ үндэстэн сайн мэднэ. Тиймээс улс үндэстний нийтлэг эрх ашиг, нэгдсэн тэмцэл, бодлогын талаар дэлхийн бусад улсуудад Польшоос сурах юм их бий” гэж өнгөрсөн оны тавдугаар сарын 31-нд Обама мэдэгдэж байжээ.

Их Британи

Их Британийн ерөнхий сайд Девид Камерон болон Барак Обама нар таатай харьцаатай байдаг. Энэ нь ч өнгөрсөн жил Камероныг Цагаан ордонд айлчлахад харагдсан юм. Хоорондоо шог яриа ярьж, коллежийн сагсан бөмбөгийн багт тоглож байх үеийн дурсамжуудаа хуваалцсан нь бусад улс орны хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татсан. Түүнээс гадна Барак Обамаг эхнээс нь дэмжиж байснаа Камерон тэр бүр нуудаггүй.

“Би өнөөдөр харийн улс гүрэнд биш олон жилийн өмнө салсан ах, дүүс дээрээ ирж байна. Бид олон жилийн өмнөөс түүхээрээ ч, уламжлалаараа ч нягт холбогдсон хүмүүс. Өнөөгийн бидний амьдарч байгаа ертөнц бүхэлдээ өөрчлөгджээ. Гэхдээ бидэнд түүхийг үргэлжлүүлэх, өөрчлөгдсөн дэлхий ертөнцөд таарсан бодлогыг боловсруулахад хамтран ажиллах шаардлага тулгарч байгаа. Бид цаашдаа ч их түүхийнхээ хуудсыг алдалгүй үргэлжлүүлэх боломж бий гэдэгт итгэлтэй байна” гэж гуравдугаар сарын 14-нд Камероныг айлчлах үеэр Обама ярьж байжээ.

Митт Ромнигийн хуланц нь Англид амьдарч байгаа АНУ-д ирсэн байдаг. Тэрээр Англи, Америк хоёрын харилцаанд сайжруулах зүйлс олон бий гэж үздэг. Өөрөөр хэлбэл, аль хүйтэн дайны үеэс баримталж байгаа хоёр улсын хоорондох бодлогыг өөрчилж, илүү нягт ажиллах ёстой гэж үздэг. Мөн сүүлийн жилүүдэд хамтарч байгаа цэргийн ажиллагаанд Англи, Америк буруу бодлого баримталсан гэдгээ ч нуудаггүй нэгэн.

“Бид түүхийн хувьд нягт холбогдсон улс гүрнүүд. Гэхдээ бүх зүйлс өмнөхөөсөө тэс ондоо болсныг мартах учиргүй. Бид яг одоо цагаачлалын асуудлыг нарийн тооцоолохгүй бол болохгүй. Жил болгон олон арван америкчууд Их Британийн иргэн болдог. Мөн олон их британийн иргэд америк хүн болдог. Үүнийг цэгцлэх хэрэгтэй. Үүнээс аюулгүй байдал их хамаарна шүү” гэж долдугаар сарын 25-ны өдөр Митт Ромни орон нутгийн нэгэн сонинд ярьж байсан аж.

Грек

Митт Ромнигийн хувьд Грекийн тал дээр харилцан туслалцах хэрэгтэй гэж үздэг. Мөн тэрээр бүхэлдээ өрөнд баригдсан энэ улсын өрийг төлөлцөхөд тодорхой хэмжээгээр тусалж, олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг хандуулах хэрэгтэй гэж үздэг ажээ. Энэ үзэл бодлоос нь шалтгаалж Грекийн ард түмэн Ромнид талтай ханддаг.

“Грекийн өр бүх дэлхийд хамаатай. Хэрвээ үүнийг төлөлцөхөд хамтран ажиллахгүй бол дэлхий нийтэд хямрал дагуулах магадлал өндөр. Тиймээс бид эдийн засгийн хямралыг гэтэлгэх тал дээр Европын холбоонд ч, НҮБ-д ч мэдэгдэл хүргүүлэх нь чухал” гэж энэ сарын 6-ны өдөр Митт Ромни ярьжээ.

Грекийг өрөнд баригдсанаас нь хойш албан ёсны харьцаа үүсгээгүй байна. Гэхдээ АНУ ч өөрөө хүнд цаг үеийг туулж байсан учраас зөвлөх, зааж зааварлах зүйлс олон гэдгийг мэдэгдэж байжээ. Одоогоос хэдэн сарын өмнө тохиосон үндэсний эрх чөлөөний өдрөөр баярын цахилгааныг Барак Обамагийн зүгээс явуулж байсан удаатай.

“Эртний ертөнцөд дэлхийг захирч, бүх дэлхийг өөрсдийн бодлогоороо удирдаж явсан тийм хүчтэй цаг үе Грекэд бий. Дэлхийн бүх хүмүүс багаасаа энэ улсын түүх, соёл, шашин, философийг судалж хүмүүждэг. АНУ-ын улс төрийн үзэл баримтлал ч Грекээс эхтэй. Тиймээс бид тэдэнд туслах зайлшгүй шаардлагатай гэдгийг сануулъя” гэж өнгөрсөн жилийн гуравдугаар сарын 25-ны өдөр Обама ярьж байжээ.

Израйл

АНУ улс төрийнхөө болоод цэргийн ажиллагааны хувиараа Израйлтай эртнээс нааш харилцаж ирсэн. Гэхдээ Митт Ромнигийн тухайд Израйлтай харилцах харилцааг өөрчилж зөвхөн дипломат шинжтэй харилцаанаас гүнзгийрч, илүү нягт хамтран ажиллах шаардлагатайг сануулдаг.

“Энэ улс үндэстэн бол өөрийн гэсэн газар нутагтай, өөрсдийн бахархалтай болохыг эртнээс нааш хүссэн, мөрөөдлөө тун саяхан биелүүлсэн ард түмэн. Асар их түүхтэй энэ ард түмэн биеэ даасан улс үндэстэн болоод удаагүй байгаа. Тиймээс энэ ард түмэнд туслах нь дэлхий нийтийн үүрэг. Энэ ард түмэн одоогоор амар тайван амьдралд хөл тавин орж хараахан чадаагүй байна. Эрх чөлөө, тусгаар тогтнол, ардчиллын төлөө ямар их үнэ төлдгийг ч бусад улс үндэстнээс ч илүү Израйлийн ард түмэн мэднэ. Энэ улс бол орчин үеийн дэлхий ертөнцийн бахархал болохуйц орон” гэж долдугаар сарын 25-ны өдөр Митт Ромни ярьжээ.

Обамагийн тухайд энэ ард түмэнд хандсан ноцтой мэдэгдэл хийгээд байдаггүй ч ерөнхий сайд Бенжамин Нитаняхутай сайн харилцаатай байдаг. Мөн ерөнхийлөгч Шимон Перестэй ч дипломат харьцаатай байдаг. Мөн газын зурваст үүсээд байгаа асуудал дээр ч хамтран ажиллаж байгаа юм.

“АНУ бол дэлхийн бүх улс гүрэнтэй хамтын ажиллагаатай байдаг их гүрэн. Мэдээж маш хүчтэй улс гүрний нэг бөгөөд хаалттай байсан анд найзын маань нэг бол яах аргагүй израйлчууд” гэж зургадугаар сарын 13-ны өдөр ярьж байжээ.

Латин Америк

АНУ-ын тухайд Латин Америкийн улс гүрнүүдтэй дипломат харилцаанаас өөр хэтэрдэггүй. Ардчилал тогтоох, хүний эрхийг дээдлэх тал дээр илүү хамтарч ажиллахыг АНУ нэн тэргүүний зорилт болгодог билээ. 2009 онд болсон дэлхийн улс гүрнүүдийн дээд хэмжээний уулзалтын үеэр Венесуэлийн бодлогын талаар тун хүчтэй шүүмжилж, Обамаг төдийгүй АНУ-г импералист улс гүрэн гэж өргөмжилсөн номыг ч сайшаахгүй байгаагаа хэлж байсан удаатай.

“Уго Чавез болон Фидель Кастро нарын хийж байгаа зүйл дэлхий нийтийн өмнө тулгараад байгаа томоохон аюулын нэг. Бид энэ улсад чөлөөт хэвлэл, үг хэлэх эрх чөлөө, хүний эрхийг дээдлэх, ардчиллыг цогцлоох тал дээр нь хүчтэй хамтарч ажиллах ёстой. Зөвхөн Венесуэл, Куба ч биш Латин Америк даяар үүнийг цогцлооход анхаарах нь зүйтэй” гэж тавдугаар сарын 23-ны өдөр Митт Ромни ярьж байсан удаатай.

Ерөнхийлөгч Обамагийн хувьд Латин Америкын улс гүрнүүдийн гадаад бодлого болоод үзэл баримтлалд тэр бүр сайнаар хандаад байдаггүй.

Хоёр нэр дэвшигч гадаадын улс гүрнүүдтэй ийнхүү хамтарч, улс гүрнүүд нь ч тэднийг ингэж төсөөлдөг. Гэхдээ Хятад улсын тухайд илүү хамтран ажиллаж их гүрний статусаа алдахгүйн тулд хичээж байгаа. Тиймээс энэ нь зөвхөн нэр дэвшигчдийн үзэл гэхээсээ илүү улс үндэстний бодлогын хэмжээнд яригдах асуудал. Лив, Иракийн тухайд цэргийн ажиллагаа явуулсан улс гүрэн учраас тэр бүр ил мэдээлээд байдаггүй. Мөн тив нэгтэй Канад улстай худалдааны салбарт илүү өргөн хэмжээтэй хамтарч ажиллахыг хоёр нэр дэвшигч дуу нэгтэй мэдэгдээд байна. Тэдний хэн нь сонгогдохыг дээрх улс гүрнүүд чих тавин хүлээж байгаа билээ.

Тоймч Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж