Сайд Л.Болд М.Шпинделеггертэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2012.10.22-нд нийтлэгдсэн

Сайд Л.Болд М.Шпинделеггертэй уулзлаа

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын Европын зарим орноор хийж буй ажлын айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Австри Улс /БНАУ/-ын Дэд канцлер бөгөөд Холбооны Гадаад хэргийн сайд ноён М.Шпинделлегертэй уулзаж, хоёр орны хамтын ажиллагаа, харилцааны тухай хэлэлцээ хийв.

 Уулзалтаар Монгол Улс, БНАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2013 онд тохиохтой холбогдуулан хэрэгжүүлэх ажлууд, түүний дотор өндөр дээд хэмжээний айлчлал, эдийн засгийн харилцааг хөхиүлэн дэмжсэн арга хэмжээ болон соёл, боловсрол, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцов. Энэ үеэр сайд Л.Болд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлуудыг танилцуулж, ирэх онд Улаанбаатарт болох Сайд нарын уулзалтад М.Шпинделеггерийг оролцохыг албан ёсоор урилаа.

Талууд Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комисс нь хоёр талын эдийн засгийн харилцааг бэхжүүлэх чухал механизм болохыг тэмдэглэж, БНАУ-аас олгохоор тохиролцсон 40 сая еврогийн хөнгөлөлтэй зээлийг хэрхэн үр дүнтэй зарцуулах талаар ярилцав.

Олон талт хамтын ажиллагааны хүрээнд харилцан хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх асуудлыг хөндлөө. Энэ хүрээнд Авлигатай тэмцэх олон улсын академи, ЕАБХАБ, НҮБ-ын чиглэлээр харилцан дэмжиж ажиллахаар тохиролцлоо.

Энэ уулзалт нь 20 жилийн өмнө тухайн үеийн Гадаад хэргийн сайд Ц.Гомбосүрэнгийн айлчлалаас хойш хэрэгжиж буй Гадаад харилцааны сайд нарын айлчлалын хүрээнд тохиож буйгаараа онцлогтой юм.

БНАУ нь Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон Өрнөдийн хоёр дахь улс бөгөөд тус улсын Гадаад хэргийн сайд нь Өрнөдийн орнуудаас анх удаагаа буюу 1982 онд Монгол Улсад айлчилж байжээ гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж