Найрал дууны наадам болно

Хуучирсан мэдээ: 2012.10.22-нд нийтлэгдсэн

Найрал дууны наадам болно

“Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаан”-ыг анх 1993 оноос Нийслэлийн Соёл урлагийн газрын санаачлагаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн.

Хүүхдийн найрал дууны уралдааныг Монголын Урлагийн ажилтны холбооны санаачлагаар 2005 оноос эхлэн Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөгжмийн зохиолч, нэрт хормейстер Д.Лувсаншаравын нэрэмжит болгосон. Уралдаануудад нийслэлийн дүүргүүдийн ерөнхий боловсролын сургуулиудаас гадна Дархан, Эрдэнэт хотуудаас, мөн ОХУ-ын Буриад улсын Улан-Үд, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын хүүхдийн найрал дууны хамтлагууд ач холбогдол өгч оролцдог нь энэхүү уралдааны хүрээ жилээс жилд өргөжин тэлж буйтай холбоотой.

Нийслэл хот үүсгэн байгуулагдсаны 373 жилийн ойд зориулан 20 дахь жилийнхээ ойг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор “Хүүхдийн найрал дууны наадам” болгон зохион байгуулж, 9 дүүргийн ЕБС-дын дуу хөгжмийн багш нар, 80 гаруй сургуулийн найрал дууны 1300 гаруй хүүхдүүд болон “Улаан бүч” чуулга,  Монголын Хүүхдийн ордон, Дархан-Уул аймгийн хүүхдийн найрал дууны “Хүслийн шувуухай” хамтлаг, Нийслэлийн 42-р цэцэрлэгийн багачууд, Лоолойгийн найзууд, “Монгол эгшиглэн” хамтлаг зэрэг найрал дуучид наадамд оролцож, найрал дууны гайхамшгийг мэдрүүлэх болно. Наадмын үеэр МУ-ын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравт хүндэтгэл үзүүлэх ба хүүхдийн дуу дуулаач МУГЖ В.Долгор, СТА дуучин С.Баттулга болон бусад уран бүтээлчид хүүхдүүдийн хамт 1950-аад оноос хойш зохиогдсон хүүхдийн шилдэг дуунуудаар ая дуугаа өргөх бөгөөд  удирдаачаар “Улаан бүч” чуулгыг үндэслэгч Ч.Буянхишиг ажиллана. Энэ сарын 29-ний өдөр Соёлын төв өргөөний тайзнаа найрал дууны гайхамшгаар нийслэл хотын 373 жилийн төрсөн өдөрт зориулсан хүндэтгэлийн концерт болох бөгөөд хүүхдүүдийн цангинасан хоолойгоор найрал дууны гайхамшгийг мэдрүүлэн нийслэлийнхээ ойд бэлэг барих ажээ.   

Тайзан дээрхи найрал дуучид хүүхдүүдээс гадна үзэгчидтэйгээ хамтаар найрал дууг дуулж, найрал дуугаар амьсгалсан нийслэл хотын төсрсөн өдрийг хамтдаа өнгөрүүлэхийг урьж байна. Найрал дууны уралдаан нь зөвхөн уралдаан төдийхнөөр үр дүн нь хэмжигддэгүй. ЕБС- иудын хөгжмийн хичээлийн сургалтын түвшин, багшийн ур чадварыг сорьж байдгаараа нэг ёсны хөгжмийн хичээлийн олимпиад болдог. Энэ ч утгаараа багш нарын ур чадварыг сорьдог онцлогтой. Найрал дуу нь хүүхэд багачуудыг хамт олноор ажиллах чадварт сургах, гоо зүй, урлагийн боловсролыг нь дээшлэх, урлагаар дамжуулан хүүхдүүдийг хүмүүжүүлэхэд чухал үүрэгтэй урлагийн төрөл билээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж