Коммунист намын улс төрчид Бо Силайг өмгөөлөв

Хуучирсан мэдээ: 2012.10.22-нд нийтлэгдсэн

Коммунист намын улс төрчид Бо Силайг өмгөөлөв

Хятадын коммунист намын хэсэг улс төрчид сүүлийн үед нэр хүнд нь унаад байгаа Чунцин дахь коммунист намын экс дарга Бо Силайд холбогдох хэргийг мөрдөн шалгах үйл явцыг яаравчилж, олон нийтэд тэр талаар мэдэгдэх хэрэгтэй гэсэн утга агууллга бүхий захидлыг  парламентад илгээсэн болохоо мэдэгджээ. Нэгэн цагт  Чунцин дахь Коммунист намын даргаар ажиллаж, Хятадын нэр хүндтэй улс төрчдийн нэгд багтаж байсан Бо Силай өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн  их хэмжээний авлигын хэрэг, албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн хэд хэдэн хэрэгт буруутгагдаад байгаа билээ.

Зарим эх сурвалжуудын мэдээлснээр Бо Силайг тойрсон таагүй хэргүүд  хэдийгээр сүүлийн үед ар араасаа цуварсан ч түүнийг буруутай болохыг нотолсон ганц ч баримтыг Хятадын Засгийн газраас дэлгэхгүй байгаа нь олны анхаарлыг улам татаж байгаа бололтой. Албаны эх сурвалжийн мэдээлснээр коммунист намын улс төрчид  Бо Силайг өмгөөлсөн өнгө аястай дээрх захидлаа Хятад хэлээр өөрийн албан ёсны “Red China" вэб сайтад байрлуулж,  парламентын хороонд хэмээн хаягласан байжээ. Уг захидалд мөн Во Силайг ямар шалтгааны улмаас намаас хөөн гаргаж байгаа талаар болон түүний хэргийг дахин мөрдөн шалгаж хэрвээ буруутай гэсэн нотлох баримт гарвал энэ талаар ард түмэнд мэдээлэх хэрэгтэй хэмээн бичжээ. Учир нь хэрвээ Бо Силайг буруутай гэсэн албан ёсны мэдэгдэл гараагүй байхад  түүний нэр хүндэд халдаж байна хэмээн тэд үзэж байгаа аж. Харин Бо Силай одоогоор өнгөрсөн жил гарсан  Английн бизнесмен Нейл Хейвудын үхэлд буруутгагдан шалгагдаж байгаа юм байна. Түүнчлэн уг захидалд түүнийг олон жилийн турш улс төрийн үйл хэрэгт оролцож ирсэн туршлагатай улс төрч хэмээн онцолжээ. Бо Силай хамгийн сүүлд 30 сая хүн амтай Чунцины коммунист намын даргаар ажиллаж байсан аж. 

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж