Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Уучилчихаач дээ…!

Н.Энхбаяр, С.Баяр хоёр оо… гэж.   Аав шиг минь хоёр эрхэм бусдын өмнө хэрэлдэж, бие бие рүүгээ буу шагайх нь холгүй гэтэж явна.  Яахав дээ, амьдралд тохиолддог л зүйл  биз. Энэ өргөн уудам нутгийн хаа нэгтээ  энэ дайны эвдрэлцсэн хүмүүс  байдаг л байлгүй. Тэглээ гээд улс хотлоороо шуугиад, талцаж намираад байхгүй. Их л сайндаа эхнэр, хүүхэд нь саахалт айлдаа хов хүргэнэ.  Нутаг усандаа доог тохуу болох төдий.   Харин  энэ хоёрын хувьд бол өөр өө. Н.Энхбаяр бол Монгол төрийн гурван өндөр албан тушаалыг ээлж  дараалан хашиж, энэ түүхт  намыг олон жил удир­даж явсан эрхэм. Тийм бо­лохоор түүний үг хаана ч үнэтэй.  Хэн ч анхаарч сонсоно. С.Баярын хувьд ч ялгаагүй. Хэдийгээр Н.Энхбаяр шигээ төрийн өндөр албан тушаалд  залраад байх хувь дутсан ч нийгмийн  сонирхол татахуйц хувь хүн. Хэсэгхэн хугацаанд ч болов Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж үзсэн. Үг нь үнэн, бас хурц байдгаараа анхаарал татдаг.  Тийм бо­лоод л энэ хоёрын хувийн шинжтэй дайсагналцал нь төр, улсын хэрэгт хамааралтай болоод нэг жил өнгөрлөө. Сайн бодоод үзээ­рэй.  С.Баяр,  Н.Энхбаяр  хоё­рын хэрүүлд улс оронд нэ­мэртэй ганц ч зүйл байхгүй. Эвд­рэл эхэлсэн түүх нь ч албан тушаал булаалдсан ху­вийн шинжтэй. Өнгөрсөн 20 жилд  мэс­ний дайтай хурц үгээр  хатгалдаж явсных нь  гай.

Энэ бүхнээ нуудаг байсан бол одоо ил болгож.  Ялгаа нь ердөө энэ.  Бие биенээ нохой, гахайгаар нь дуудаад барьцалдаж авсан бол яахав гэхсэн.  Н.Энхбаяр нь  Монгол Улсынхаа  төлөө  хоёргүй сэтгэлээр зүтгэх гэтэл нөгөө муу С.Баяр гай  болоод байна гэнэ. С.Баяр олон сайхан зүйлийг бодож олоод яг  хийдгийн даваан дээр гайхал Н.Энхбаяр өнгөлзөөд  амаргүй.  МАХН 90 насныхаа босгон дээр цэвэршиж  МАН болоод ухаа хонгор мориндоо ард түмнээ ганзагалаад ухасхийх гэтэл Н.Энхбаяр  мориных хөлийг  МАХН  гэгчээр  чөдөрлөж орхив гэнэ. Пүү пай. Ийм муухай юм байх уу даа, та минь.  Хэдхэн жилийн өмнө “Н.Энх­баярт хэн хамгийн сайн долигонох вэ” хэмээх уралдаан зарлаж байснаа  умартаад “Н.Энхбаяраас хэн түрүүлж урвах вэ” гэх тэмцээн  зохиолоо.  Хөдөлмөрчид өргөнөөр оролцож байна гэж жигтэйхэн.  Тэгтэл гайхал Н.Энхбаяр  хамаг муу муухайгаа ойлгоод одоо л төр улсаа аварч хамгаалж  ард түмнээ бодъё гэтэл С.Баяр боломж олгосонгүй.  Ингэж болох уу даа. Монголд байтугай дэлхийд өөрийгөө данстай гэж боддог Н.Энхбаяр үүнийг тэвчинэ гэж үү. Тэгээд долдугаар сарын 1-нд ард түмнээ буудсан хүн бол С.Баяр гэх  нь холгүй үзэж тарав. Мөдхөн энэ хоёрын нэг л С.Зоригийг  хөнөөсөн болж  магадгүй.  Цааш­лаад  Мандухай цэцэн хатан,  Чингис хааныг  ч тэр хоёрын нэг л хөнөөснөөс гарцаагүй.  
Тавин насны босго хол алхсан эрчүүдийн хувьд энэ хөгтэй биш гэж үү.  Төрийн нурууг үүрэлцэж явсан хоёр ах хүү усан буугаар хоорондоо байлдаж гүйвэл ямар байх вэ. Толгойд нь хяруу бууж чалх суларч яваа өдий насанд ухааны цар тэлдэг гэж худлаа юм уу.  Монголчууд өдий насны  эр­чүүдийг хүндэтгэж, жингийн ачаа татахуйд замдаа сулрамгүй  бяд сууж, төрийн ачааг үүрэхэд шуна­лын дэв нь арилан ухаажсан  байдаг гэж сургадагсан.  Андуурч гэх үү.  Аль аль нь амьдралын хар цагаа­ныг үзэж аливаад хөнгөн хуум­гай хандахааргүй буурь суурьтай болмоорсон. Тавь гарсан  ах нар нь хоорондоо толхилцохоор дөч шүргэсэн дүү нар нь дагаж  хуйлраад муухай гэдэг нь.  Тэр чинээгээрээ төр улсын бодлого богино  банзлын хормой шиг дэрвээд хэрэг алга.    

С.Баяр, Н.Энхбаяр хоёрыг ном уншдаггүй гэж худал гүтгэмээргүй байна. Ялангуяа Буддын гүн ухааны ном үзсэн  Н.Энхбаярын хувьд бүр ч илүүг бодмоор санагдана. Түүний Төрийг барьж байсан арга ухаанд  дорнын заншил давамгайлж байсан мэт бодогддог. Дорныхон “ордны аргаар”өрсөлдөгчдөө намнаж хоо­ронд нь хэмлэлдүүлж өөрөө онц­гойрон түүнээсээ ашиг хүртдэг башир зантай. Н.Энхбаяр тийм л явсан. Харин өдгөө ухаарвал яасан юм бэ. 

Дорныхны  нэг айхтар философи бийсэн. Тэр бол уучлал. Хэн агуу их байна тэр уучилж чаддаг. Эртний хаад хязгааргүй их эрх мэдэлтэй  харгис хэрцгий байсан ч уучлал нь тэднийг улам бүр агуу болгож байсан. Чингис хаан ч энэ эрдмийг эзэмшсэн нэгэн байж. Хэрвээ тэр уучилж өршөөж чаддаггүй байсан бол түүнд мянганаар дуурсагдах  Зэв, Мухлай  зэргийн агуу жанжид заяах байсан гэж үү.  Тийм байж чадаагүйдээ Н.Энхбаяр  өдгөө сүүдрээсээ өөр нөхөргүй яваа юм биш биз.  С.Баяр яахав ээ, өрнийн сургаальтай хүн.  Гэхдээ л өрнийхний  зарчим бол  Библи шүү дээ. Библийг Үндсэн хуулиасаа дээгүүрт тавьдаг улс үндэстэн дэлхийгээр нэг. Бас л уучлалыг агуу их ухаарал хэмээн номлосон байдаг. “Хүн нэг хацрыг чинь алгадвал нөгөө хацраа тавьж өг” гэж Библи сургасан юм. Тэгэхээр Н.Энхбаяр, С.Баяр хоёр  бие биенээ уучилчихаач дээ.  Сэтгэл зүрхээ чөлөөлж  бодол юугаа ариусгаач.  Тэдний  хэн нь ч Монголын төрд хийсэн юмтай,  хэлэх үгтэй. Бие биенээ уучилж  жолоогоо татлаа гээд түүхийн хуудаснаас хийсчихгүй. Тэднийг эвлэрлээ  гэж хэн ч шоолохгүй. Араас чинь нэхэж яваа залуус баярлана уу гэхээс бачимдахгүй.  Ингэж гэмээнэ төр улсыг жолоодож яваа дүү нараа дөнгөнөөс нь мултална гэсэн үг. Тэдэнд өөрийнхөөрөө сэтгэх, зам мөрөө өөрөөр гаргах боломжийг нь олго.  Тавь хол гарлаа. Мөдхөн 60 хүрнэ. Мөн л толхилцоод хүүхэд багачуудын тохуу болсоор явах уу. Үр хүүхдээ бод. Тэд эцгүүдийнхээ өмнөөс ичиж амьдрахгүй байг.  Ард түмнийхээ өмнө зэрэгцэж суугаад эв найртай үг хэлэлцэж  эр хүн шиг тэврэлдээд сал л даа.  Тэртээ найман зууны өмнөх  Тэмүүжин,  Жамух нарын нөхөрлөлөөр эхэлсэн дайсагнал нөхөрлөлөөр төгссөнийг сана.  Тэднийг бодвол Н.Энхбаяр, С.Баяр нар боловсролтой,  даяар­шилийн эринд амьдарч яваа нийгмийн зүтгэлтнүүд шүү дээ. Хэн хэндээ хэлж болох хамаг хатуу үгээ хангалттай хэлж дууссан бол одоо эвлэрэх цаг болжээ.  Нэг ийм дуу байдаг даа.  Чингис хаан хамтлагийн Жаргалсайхан дуулдаг юм.  

…Мөнх бусын заяа тавиланд гунигын бороо цээжнээ зүсэрнэ
Морин хуурын зөөлөн эгшиг миний сэтгэлийг аргадан уянгална
Намар намраар алслан холдох гэнэн цайлган үеэ дурсанаа
Наслах тусмаа улам нялхарч бусдын гэмийг уучлах болно оо
Аяа, анд минь чи хаалгыг минь тогшооч…
гэж.  Сайхан дуу шүү. Ялангуяа гитартай дуулбал уу. 

Л.МӨНХБАЯСГАЛАН


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж