“Хөгжлийн” хөтөлбөрийн нөлөө цаашид хэрхэх бол?

Хуучирсан мэдээ: 2012.10.22-нд нийтлэгдсэн

“Хөгжлийн” хөтөлбөрийн нөлөө цаашид хэрхэх бол?

Монголын мянганы сорилтын сангийн хөтөлбөр эдүгээ дөрөв дэх жилдээ хэрэгжиж байна. Энэ хүрээнд олон төсөл, хөтөлбөр хэрэгжиж буйгаас бидний хамгийн сайн мэдэх нь “Цэвэр агаар” төсөл юм. Учир нь сүүлийн жилүүдэд агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн болохоор энэ чиглэлээр дагнасан төслийн нэг нь Монголын мянганы сорилтын сангийнх. Тэгвэл ММСС 2008 оноос хойш Монгол Улсын болон АНУ-ын Засгийн Газрын гэрээний дагуу “Хөрөнгийн эрхийн”, “Хот орчмын бэлчээрийн”, “Мэргэжлийн боловсролын”, “Эрүүл мэндийн”, “Авто замын”, болон “Цэвэр агаар” гэх зэрэг зургаан төслийг хэрэгжүүлж буй гэнэ. Монголд ер нь төрөл бүрийн төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж  байна л гэдэг. Дээрх зургаан төслийн хэрэгжилттэй танилцахаар ММСС-ийн суурин төлөөлөгчидтэй хамт төсөл хэрэгжиж буй газруудаар очсон юм.

Өнөө цагийн Үйлдвэрлэл Урлалын сургууль

Сургууль төөрмөөр том бөгөөд энд хүүхдүүд бужигнасан газар юм. Нэг хэсэг уналтанд орсон  гэж хэлж болохоор политеникийн коллежиудын нэг одоо эргээд сэргэсэн гэж хэлмээр санагдсан. Учир нь гадна, дотны хөрөнгө оруулалтаар зах зээлд ажиллах боловсон хүчний ажлын байрыг төрөлжүүлэх шаардлага тасралтгүй бий болж байсан юм. Тийм ч урчаас мэргэжлийн боловсрол, сургалтын газрыг дэмжих ажлын нэг хэсэг бол  Үйлдвэр урлалын политехникийн коллеж бөгөөд энд орчин үеийн техник хэрэгсэл бүгд бүрэн байх бөгөөд эдгээр нь зүгээр ч нэг үзүүлэн биш юм байна. Багш, хүүхдүүд нь тоног төхөөрөмжөө гартаа оруулчихсан, сургалтандаа ашиглаад явж байна. Богино хэмжээний энимэйшн кино, төрөл бүрийн амттан хийх, цахилгаан болон үйлдвэрийн тоног  төхөөрөмж дээр ажиллах боловсон хүчин энд эд суралцаж байна. Магтмаар сайхан юм. Ирээдүйн амьдралаа бий болгоход заавал их, дээд боловсрол гэхгүйгээр мэргэшсэн боловсон хүчин одоо цагт эрэлттэй байна. Мэргэжлийн боловсролын сургалтыг дээшлүүлэхэд сангаас нийт 47.6 сая ам.доллараар санхүүжүүлж, энэ салбарт ажиллаж, суралцаж буй 1500 багш, мэргэжилтнийг чадахижуулах, 28 мэргэжлийн сургалтын загвар хөтөлбөрүүдийг шинээр боловсруулах, 15 сургуулийн сургалтын орчинг сайжруулах ажлыг хийхээр, зорьж, ажиллаж буй юм байна.  Үүний нэгээхэн том жишээ нь Үйлдвэр, урлалын дээд сургууль. Хөрөнгийг хааш нь оруулсан бэ гэхлээр, сургалтын орчинг сайжруулахын тулд, жишээлбэл, цахилгаанчин бэлтгэхийн тулд цахилгааны  холболт хийх бүхий л тоног, хэрэгслийг бэлтгэх зэргээр зориулсан гэнэ.

Хүн амын эрүүл мэнд өрхийн эмнэлгээс…

Бидний сайн мэдэхээр “Американ дэнж” буюу Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны өрхийн эмнэлэгт очлоо. Өрхийн эмнэлгүүд ямар байдаг уу? Тэр жишээр л зай талбай жижиг, хүмүүс ч их. ММСС-ийн Эрүүл мэндийн төслийн хүрээнд өрхийн эмнэлгүүдэд цусны даралт ихсэх, чихрийн шижин, умайн хүзүү болон хөхний хорт хавдрын эрт үеийн илрүүлгийг хийх, эмнэлзүйн удирдамжийг боловсруулах зэрэг ажлыг хийж буй ажээ. Өрхийн эмнэлгээр үйлчлүүлэгчдийн сэтгэгдлийг сонсвол, “өрхийн эмнэлэг гэдгээрээ иргэдэд ойрхон байх ёстой. Энэ утгаараа манай өрхийн эмнэлэг ямар ч байсан анхан шатны үзлэг, оношлогоог хийгээд л явуулдаг. Даанч дэндүү ачаалалтай юм” гэж хэлж байлаа. Цаашлаад дүүргүүдийн эмнэлгийн ачааллыг хэлэх ч юм биш. Тэгэхээр цаашдаа эмнэлгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй шүү дээ.

Цэвэр агаар төслөөс

Дараагийн очих газар маань бидний эрхгүй дуудна. Агаарын бохирдол дэндээд, хахаж цацсаар явдаг улирал эхэллээ. Цэвэр агаар хэрэгтэй байна! Цэвэр агаар төслийн хүрээнд гэр хорооллын айлуудад “Өлзий” зуухыг хөнгөлөлттэй үнээр нийлүүлж буй. Энэ талаар Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нэгэн өрхөөр ороод гарахдаа лавлалаа. Зуухны ашиглалтын талаар “Нэг өдөрт хоёр шуудай нүүрс хийдэг байсан бол одоо хоёр дахин илүү ашиглаж байна” гэсэн юм. Үнэхээр л дулаанаа удаан бариад, нүүрсний хэрэглээг хоёр дахин бууруулж байгаа бол агаарын бохирдол аажмаар ч буурах нь уу даа. Төслийн нэг томоохон хэсэг бол Улаанбаатараас Чойр чиглэл дэх Салхитын аманд байрлах салхин цахилгаан станц юм. Сэргээгдэх эрчим хүч бий болгох зорилгоор ийнхүү салхин цахилгаан станцыг барихад ММСС-аас хөрөнгө оруулж байгаа ажээ.

Ийнхүү Багануур тийш зорчив. Учир нь тэнд дээр дурдсанчлан салхин цахилгаан станц байрлах болон хөрөнгийн эрхийн төсөл, хот орчмын бэлчээрийн төсөл, авто замын төсөлтэй танилцах боломжтой юм. Эдгээр төслүүдийн  тухай товч дурдъя. Нийт 17.2 сая ам.долларын хөрөнгө оруулалттай Хөрөнгийн эрхийн төсөл нь нийслэлийн дүүргүүд, бүсийн наймсан тулгуур төвүүдэд хэрэгжиж буй бөгөөд гэр хрооллын иргэдийн болон хөрөнгийн эрхийн бүртгэл, газрын асуудал эрхэлсэн газруудыг хамрах юм. Ингэснээр газар өмчлөлийн хууль эрх зүйн орчинг сайжруулах, иргэдэд хашааны газраа бүртгүүлж, өмчөө баталгаажуулах ач холбогдолтой ажээ. Хот орчмын бэлчээрийн төсөл гэхээр гайхаж байнауу? Энэ бол хотод орй байрлах малчид, аж ахуйчдын амьдарл, ахуйг дээшлүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй төсөл гэнэ. Ингэхдээ төслийн гол ажил нь бэлчээрийг услах явдал буюу худаг барихыг онцолжээ. Түүнчлэн малчид нийтээрээ бүлэг болж, бэлчээрийн газраа тохирч, дундаа тордох, ашиглах зэргээ цэгцтэй шийдэх боломжийг олгох гэнэ. ММСС-аас Чойроос Сайншандын чиглэлийн зам, барилгын ажлыг 79.7 сая ам.доллараар санхүүжүүлжээ. Ийнхүү өдрөөс өдөрт бүтээн байгуулалт ид өрнөж буй энэ цаг үед зам, барилгын дэд бүтцийг анхаарах нэн тэргүүний шаардлага буйг үндэслэсэн аж.

Эхнээс нь л уншихад цаашид хэрхэх бол, хэмээн асуух учир нь, одоогоор Америкчуудтай хамтарч энэ ажлуудыг хийж байна. Цаашдаа хэрхэн үргэлжлүүлэх нь биднээс шалтгаалах хариуцлага үлдэх нь.

У.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж