Мэдээллийн болон мэдлэгийн зөрүү

Хуучирсан мэдээ: 2012.10.22-нд нийтлэгдсэн

Мэдээллийн болон мэдлэгийн зөрүү

Бямба гаригийн өглөө МҮОНТВ-ээс УИХ-д суудалтай хоёр том намын төлөөллийг урьж, УИХ дээр үүсээд буй нөхцөл байдлын талаар байр суурийг нь сонсов. Ардчилсан намаас УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, МАН-ыг төлөөлж тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар нар оролцсон юм.

Тодруулбал, Өвөрхангайн тойрогт нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх тухай СЕХ-ны шийдвэр, түүнийг эсэргүүцэж, чуулганы хуралдаанд “бойкот” хийн чуулганы танхимын хаалгыг буйдангаар таглаж суусан МАН-ын гишүүдийн асуудлаар хоёр этгээд байр сууриа илэрхийллээ.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хувьд шүүхийн процесс, СЕХ-ны шийдвэрт улс төрийн намууд хөндлөнгөөс оролцох шаардлагагүй. Шүүхээс Өвөрхангайд нэр дэвшсэн Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг хууль зөрчсөн гэж тогтоосон л бол Сонгуулийн тухай хуулийн дагуу удаах санал авсан хоёр нэр дэвшигчийг УИХ-д оруулж ирэх нь СЕХ-ны үүрэг. Гэвч өнгөрсөн хугацаанд хууль үйлчилдэггүй, хуулийг өөрсдийн дур зоргоор тайлбарлаж ирсэн хүмүүс өнөөдөр хуулийн үйлчлэлээс зугтаж, ард түмний нэр барин уснаас хуурай гарахыг эрмэлзэж байна. Хуулийн хүрээнд шийдэгдээд явж байгаа асуудал дээр улс төрийн намууд зөвшилцөл нэрээр тохиролцоо хийх тухай ямар ч асуудал байхгүй. Аль нэг намын хуульч, аль нэг нэр дэвшигчийн өмгөөлөгч биш, харин Монгол Улсын 2,8 сая иргэнд тэгш үйлчлэх ёстой Хууль зүйн сайдын хувьд би хууль хэрэгжүүлэхээс цааргалсан нэг ч үг, өгүүлбэр хэлэх эрхгүй гэдгээ хэлсэн.

Харин Г.Занданшатар сайдын хувьд өөр. Тэрээр энэ асуудал хоёр нэр дэвшигч, нэг тойргийн маргаан төдий гэхээсээ илүү Монголын төрийг мөхөөх гэсэн гаднынхны явуулга. Монголын төрд хар хайрцаг гэж байгаагүй, харин тэр хар хайрцаг нь МАН өөрөө юм. Хэрвээ Монгол төрийн багана болсон МАН-ыг мөхөөвөл Монгол Улс удахгүй мөхнө гэх мэтийн дэлхий тойрсон баахан юм ярина лээ. Ойрын арван жилийн дотор Монгол Улсын нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ 30 мянган ам.долларт хүрч, хандивлагч орнуудын тоонд багтах гээд байгаа тул үүнд атаархсан дэлхийн том гүрнүүд манай улстөрчдийг худалдаж аваад Өвөрхангайн шүүхээс “С.Чинзориг, Н.Төмөрхүү нар сонгуулийн хууль зөрчсөн байна” гэдэг шийдвэр гаргуулсан юм байх. Тэгээд тэдгээр их гүрнүүдийн хөлд үрэгдэхгүй байх ганц арга нь үндэсний зөвшилцөл. Парламентад суудалтай улс төрийн намууд зөвшилцлийн ширээнд суугаад, хуулиа засаад МАН-ын хоёрыг тангараг өргүүлэх ёстой. Тэртэй тэргүй өмнө нь бид зөндөө л хууль засч байсан шүү дээ хэмээн ярив.

Хэрвээ хоёр нөхрийн хэлсэн үг тус бүрийн намын байр суурийг төлөөлнө гэж үзвэл Ардчилсан нам болоод Ардын намын асуудалд хандаж байгаа хандлага, мэдлэгийн түвшин, мэдээллийн зөрүү үүгээр илэрч байна. Ардчилсан намын хувьд зөв ч бай, буруу ч бай олонхиороо яриад баталсан хуулиа мөрдөх ёстой, үүнээс нийгмийн төлөвшил, улс төрийн намуудын хариуцлага эхэлнэ. Сонгогчдын саналыг мөнгөөр үнэлэх, хэн мөнгөтэй, эрх мэдэлтэй нь ард түмний нэр барьж улс төрд орж ирээд нөлөөллөө тогтоодог явдал цаашид байж болохгүй гэдэг байр суурьтай байгаа бол Ардын нам харин МАН бол Монгол төрийн хар хайрцаг, МАН үгүй бол Монгол мөхнө гэх мэт зөн билгийн юм яриад тархи угаагаад байдаг. Эцсийн эцэст шинжлэх ухаан гэж нэг юм байдаг биз дээ. Тэр нь яг өнөөдрийн энэ тохиолдолд бол хууль хэрэгжих эсэх тухай л яриа.

Мэдээж Ардын намын бүх дарга нар бүгдээрээ ийм ахархан бодолтой, харалган сохор хүмүүс байна гэж үгүй. Яс юман дээр Г.Занданшатарт ч гэсэн өөрийнхөө хэлж ярьж байгаагаас ичих булхирхай байж л таараа. Гэхдээ яах вэ, ингэж ярьвал тэрний “ард түмэнд” илүү таалагдаад, цаадуул нь өрөвдөөд босох юм байх л даа.

А.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж