Лоренцо 2011 оны анхны ялалтаа авлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Лоренцо 2011 оны анхны ялалтаа авлаа

Мотоциклийн тойрог замын уралдаан Moto GP-гийн 2011 оны хоёр дахь гараа өчигдөр Испанийн Херез тойрог замд боллоо. Испанийн нисгэгчид эхний хоёр байрыг эзэлсэн тус гараанд дэлхийн аварга Хорхе Лоренцо түрүүлж, “Honda” багийн Дэни Педроза удаалсан бөгөөд “Ducati”-гийн Ники Хайден шагналын тавцанг бүрдүүлжээ. Харамсалтай нь, уралдааны үеэр Лоренцогоос гурван секундын илүүтэй хурдалж байсан Итали нисгэгч Марко Симончелли чийгтэй замд гулгаж, онхолдсоноор Moto GP ангилалд анхны түрүүгээ авах боломжоо алдсан юм. Мөн Катарт болсон нээлтийн гараанд түрүүлж, өчигдрийн гарааг тэргүүн эгнээнээс эхлүүлсэн Кейси Стоунер гол өрсөлдөгч болох Валентино Россигийн алдааны золиос болсноор уралдааныг төгсгөж чадаагүй. Тэрбээр гарааны 12-оос уралдааныг эхлүүлсэн ч удалгүй тэргүүлэгчдийн эгнээнд багтаад байсан юм. Харамсалтай нь, “Ducati”-гийн од Росси экс-хамтрагч Лоренцог гүйцэж түрүүлэн, дараа нь Стоунерийг гүйцэх оролдлого хийх үеэр удирдлагаа алдсанаар түүнд “гай болж”, хоёул унажээ. Уралдааны дараа Стоунер “Росси гэнэтхэн л дотор талаар гараад ирсэн. Гэтэл мотоцикль дээрээ тэнцвэрээ алдаж, намайг унагаачихлаа. Үнэхээр онцгүй” хэмээн ярьсан байна. Росси босч, уралдаанаа цаашид үргэлжүүлсэн бол Австрали нисгэгч Стоунерт аз дутаж, уралдааныг орхисон юм. Ингэснээр хоёр гарааны дараагаар Лорензо тэргүүлэгчийн байрыг Педрозагаас булааж, ерөнхий дүнгээр тэргүүлж эхэллээ. Харин “хэргийн эзэн” Росси өөрөө тавдугаар бариалсан байна.

Мөн өчигдөр болсон Moto2 ангиллын уралдаанд Италийн Андреа Йанноне түрүүлж, Швейцарийн Томас Лути, Италийн Симоне Корси нар удаахь байрт шалгарчээ. Харин 125сс ангилалд “Aprilia” багийн Испани нисгэгч Николас Терол тэргүүлсэн байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж