С.Баярцогт, С.Ганбаатар хоёр ингэж мэтгэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.22-нд нийтлэгдсэн

С.Баярцогт, С.Ганбаатар хоёр ингэж мэтгэлцэнэ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар УИХ-ын дэд дарга С.Баярцогтод мэтгэлцэх урилга илгээгээд даруй сар орчмын хугацаа өнгөрч байна. Энэ хооронд хэн, хэн нь “Мэтгэлцэхэд бэлэн” гэдэг хариулт өгсөн ч Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний бодит үнэн хэдийд задрах нь тодорхой бус байгаа юм. Иймд “Улс төрийн тойм” сонины зүгээс дээрх хоёр гишүүний мэтгэлцээний үеэр олон нийтэд өгөх ерөнхий мэдээлэл хийгээд байр суурийг урьдчилсан байдлаар хүргэе. Энэхүү мэдээлэл нь өнгөрсөн хугацаанд С.Ганбаатар, С.Баяр­цогт нарын хэвлэл, мэдээл­лийн хэрэгсэлд өгч ирсэн ярилцлага, тайлбарын эмхэтгэл бөгөөд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний талаарх зөрүүтэй байр суурийнх нь илэрхийлэл юм.

С.Б: -Оюутолгой төслийн гэрээ сайн гэрээ болсон гэдэгт итгэлтэй байна. Манайхан “Оюутолгой” төслийн гэрээг эдийн засгийн бус улс төрийн талаас нь илүү ярьдаг. Энэ онд манай эдийн засгийн өсөлт 20 хувьд хүрлээ. Ийм үзүүлэлт гарсан орон дэлхийд байхгүй. Энэ өсөлт ирэх жил 26 хувьд хүрнэ. Энэ амжилтад Оюутолгой төсөл тодорхой хувиар нөлөөлж байгаа. Бид хийсэн гэрээндээ ОУВС, Дэлхийн банкаар хөндлөнгийн шинжилгээ хийлгэсэн. Эдгээр байгууллагын мэргэжилтнүүд гэрээг Монголын Засгийн газарт ашигтай гэрээ болжээ гэсэн дүгнэлт гаргасан. Төслөөс 2.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Засгийн газар ямар ч нөхцөлд 34 хувийг бууруулахгүй гэдгийг баталгаажуулсан. Төслийн хугацаа 70 жилийн турш үргэлжилнэ гэж үзээд дэлхийн зах зээлд нэг тонн зэс 4408 ам.долларт хэлбэлзэнэ гэж тооцоход “Оюутолгой” төслөөс авах татвар хураамж төлбөр, ногдол ашгаас Монголын тал нийт 29 тэрбум ам.долларын орлого олох боломжтой. Үүний 9.9 тэрбум нь төсөлд Засгийн газрын эзэмших 34 хувийн ногдол ашгийн орлого, 19 тэрбум нь төслийн татвараас Монгол Улсын төсөвт төвлөрнө. Энэ тооцоогоор Оюутолгойгоос хуримтлах мөнгөний урсгал 2017 оноос манай улсад эерэг гарахаар байгаа.

/“Элит” төв. Парламентын сэтгүүлчдийн холбооноос зохион байгуулсан уулзалт” 2011.11.25/

С.Г: -Би эхний ээлжинд 34 хувийг дээшлүүлэх, доошлуулах тухай ярихгүй. С.Баярцогтын яриад байгаа тооны тухайд би тоохгүй байна. Хамгийн гол нь нөөц ашигласны төлбөр буюу роялти гэдгийн хувийг нэмэх ёстой. Роялти таван хувь байгааг ядаж 20 хувь болгооч гэж байгаа юм. Жишээлэхэд, би Оюутолгой гэж нэг их гоё такситай. Түүнийгээ Фрийдланд гэдэг ч юм уу нэг шар толгойтой нөхөрт түрээслүүлж байна гэж бодъё. Тэр нөхөр өдөржин давхиад 100 мянган төгрөгийн ашиг хийжээ. Түүнээсээ бензинээ хасна, өндөр үнэтэй ресторанд хоол иднэ. Тэгээд наклад худалдаж аваад 110 мянган төгрөгийн зардал гаргажээ. Ингэхээр алдагдалтай болж байгаа биз дээ. Ядаж 100 мянган төгрөгөө тэнцүүлээд, үйл ажиллагааны зардлаа оруулаад ирлээ гэхэд надад хяналт алга. Тэр техник, технологио хэдэн төг­рөгөөр худалдаж аваад байгаа тухай ямар ч хяналт алга. Ийм байхад 34 хувь, 99 хувь байсан ч надад ямар хамаатай юм бэ. Нэг төгрөгийн ашигтай ажиллалаа гэх юм бол би 99 мөнгө л авах нь байна. Үүнийг ярьдаггүй. Үүнийг ярихын тулд тэр хяналтаа тавих ёстой. Тэр таксинд орж гарч байгаа мөнгийг хянахын тулд касс нь миний төрсөн дүү байх ёстой. Ийм зүйлээ ярихгүй тэр С.Баярцогтын ярьж байгаа 34, 51 гэсэн тоо бол юу юм бэ. Худлаа ярьж байна гэсэн үг шүү дээ. Харин чи яваад хэдэн төгрөг олсон байна хамаагүй, нийт олсон мөнгөний чинь 20 хувийг би авна шүү гээд байгааг роялти гэж байгаа юм. Тэр хүн хуушуур иднэ үү, үнэтэй ресторанд хооллосон байна уу, наклад худалдаж авна уу надад хамаагүй. Энэ таван хувиа л 20 хувь болго гэсэн үг.

2 /Монголын мэдээ. 2012.10.12/

С.Б: -Үүнийг “Оюутолгой” ХХК өөрсдөө гаргасан. Энэ бол Олон улсын валютын сан манай Хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээг судлаад мөнгөн урсгалтай нь холбогдуулж гаргасан тайлан гэж би ойлгож байгаа. Гэрээний хувьд нэрлэсэн үнэ цэнээр нь 53/47, өнөөгийн үнэ цэнээр нь 59/41 гэсэн харьцаагаар Монголын талд ашигтай байхаар хийсэн.

/”Улс төрийн тойм” сонин 2012.10.08/

С.Г:  -Улаанбаатар хот даяар 71:29 хувийн ашгийг монголчууд хүртэнэ гэсэн сурталчилгааны самбарыг харж байгаа. Монголчуудыг талх, сүүгээр ухааруулах гэж оролдож байна. Гэтэл 71 хувийг монголчууд авна гэсэн ямар ч судалгаа байхгүй. Ийм хуурамч сурталчилгааг өнөөдрөөс эхлээд би шүүхэд өгч байна. Оюутолгой ёс зүйн алдаа гаргалаа. Оюутолгой энэ зар сурталчилгаагаараа Монголын ард түмнээс уучлалт гуй гэж шүүхдэнэ.

3 /Хэвлэлийн бага хурал 2012.10.08/

С.Б: -Энэ заалт Хөрөнгө оруулалтын гэрээний 1.6-д байгаа. Монголын талын оролцоог 50 хувьд хүргэх асуудлыг хэлэлцэж, 30 жилийн дараа энэхүү гэрээг сургах үед 16 хувийг нэмнэ гэж байгаа. Тогтоолд бол анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа гэж байгаа биз дээ. Хугацаа заасан уу, заагаагүй. Тэгж яривал анхны хөрөнгө оруулалтыг 100 жилийн дараа ч нөхөж магадгүй шүү дээ. Хугацаа байхгүй учраас дахиад хэлэлцээр явах болчихож байгаа биз. Харин ч 30 жил гэж хийж өгснөөрөө давуу болсон. Эхний 30 жил бид татвараа аваад, 34 хувийнхаа ногдол ашгийг аваад явна. Дараагийн 20 жилд бид 50 хувьтай байх бололцоотой гэсэн үг.

/“Ардын эрх” сонин. 2010.03.30/

С.Г: -Оюутолгойн орд нь Эрдэнэтээс дөрөв дахин их зэс, молибдений нөөцтэй орд, нөөцийн тухайд 45 сая тонн зэс, 1600 тонн алттай гэдэг. Гэтэл 31 жилийн дараа Монголын талын эзэмшлийн хувь хэмжээг 16 хувиар нэмэгдүүлнэ гэж байгаа нь үнэхээр шударга бус. Маш ашиггүй гэрээ, манай тал роялтийн татварыг таван хувиар тогтоосон. Дэлхийд бол хамгийн бага татварт орно. Гэтэл хөрөнгө оруулагч тал зөрүүлээд менежментийн зургаан хувийн татварыг борлуулалтын орлогоос авна. Түүгээр зогсохгүй хөрөнгө оруулагчид НӨАТ, экспортын татвар төлөхгүй, хэдийгээр монголчууд Оюутолгойгоос 50-60 хувийн ашиг хүртэнэ гэдэг ч амьдрал дээр 30 хувийн ч ашиг авч чадахгүй учраас өөрчлөх шаардлагын үүднээс ийнхүү нэгдэж байгаа.

4 /С.Ганбаатар тэргүүтэй УИХ-ын 27 гишүүн энэ шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн. 2012.09.19/

С.Б: -Би С.Ганбаатар гишүүнд хэлсэн л дээ.  “Мэтгэлцэх гэж байгаа хүмүүс ижилхэн мэдээлэлтэй байх ёстой. Тийм учраас чи шаардлагатай мэдээлэл байвал надаас ав. Яагаад гэвэл энэ гэрээг би өөрөө хийсэн учраас хангалттай сайн мэдээлэлтэй байгаа. Та нарын яриад байгааг сонсохоор мэдээллийн зөрүүтэй, эсвэл мэдэхгүй байгаа юм шиг харагдаад байна” гэв. Хараад байхад  улс төрийн зорилготой л ингээд байна шүү дээ. Өөр ямар нэг зорилготой гэж харагдахгүй байна. Ашиггүй гэж хэн яриад байна, улс төрчид л ярьж байгаа биз дээ. Тийм болохоор улстөрийн зорилготой гэж харж байна.

/Хэвлэлийн бага хурал 2012.10.08/

С.Г: -Би тэр хүний мэддэггүйг мэдэж байгаа. Гэтэл тэр хүн бусдынхаа мэддэггүйг гайхаад сууж байгаад харин ч гайхах юм. Би анхнаасаа ийм зүйл ярьж яваагүй. Тиймээс С.Баярцогтыг ийм зүйл эхэлж ярьсан учраас би тайлбар хийж байна. Өөрөө мэддэггүй байж бусдын мэддэггүйг гайхна гэдэг бол башир арга. Хулгайч хамгийн түрүүнд орилдог шүү дээ. Ийм ёс зүйгүй яриа гаргаад байх юм бол залуу хүүхдүүдэд маш буруу үлгэр дууриалал болно доо. УИХ-ын гишүүн хүн ийм арчаагүй зүйл ярьж байгаад би маш их харамсч байна.

/Хэвлэлийн бага хурал 2012.10.08/

Г.ОТГОНЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж