миний бие гүйцэх юм бол эх оронч монгол эмэгтэйн тухай роман бичнэ”
хэмээсэн байдаг. Тэнгэрээс илгээсэн түүний “зарлиг”-аар зохиолч
Б.Шүүдэрцэцэг баатарлаг эмэгтэйн тухай түүхэн роман туурвиж, жүжиг
тавьж, төд удалгүй уран сайхны кино бүтээж ирлэсэн сэлэм шиг гялалзаж
явна. Ану хатны түүхийг кино хальсанд мөнхөлж буй найруулагч
Т.Алтантуяатай ярилцлаа.
-Төмөрбаатарын Алтантуяа гэж хэн бэ. Маш том киноны
найруулагчийн эрх авчихлаа. Түүхэн кино найруулах хэмжээнд хүрсэн үү гэх
мэтээр урлагийнхан дунд жиг жуг яриа яваад байх юм?
-“Би түүхэн киноны найруулагчаар ажилламаар байна” гэж зүрх гаргах зориг
лав надад байгаагүй. Олон сайхан уран бүтээлч миний чадварт итгэж
байхад тэр хүмүүсийн итгэлийг би даахынхаа хэрээр үүрэх ёстой гэж
өнөөдрийг хүртэл зүтгэж ирлээ. Монголын киноны түүхэнд найруулагчаа
багийнхан нь сонгосон ийм тохиолдол гарч байгаагүй юм билээ.
-Таныг найруулагч нарын өмнө гишгэж түүхэн кино хийчихлээ гэлцэх юм. Та энэ киног хийснээр биеэ хэр тоож байх юм бэ?
-Би өөрийгөө “тийм хэмжээнд хүрчихлээ” гэж тодорхойлох нь хаашаа юм бэ.
Хамгийн анх романыг уншиж, жүжиг байхад нь үзэж, клипийг нь хийсэн
учраас миний хувьд “Ану хатан” киноны найруулагчаар ажиллахад ойр
байсан. Энэ бол тэнгэрээс надад ногдсон хувь заяа юм болов уу гэж боддог
юм. “Ану хатан” түүхэн уран сайхны кино зураг авалтаа өндөрлөж трэйлер
танилцуулах ёслолд бид бэлдээд завгүй байна даа. Ихэнх ажлынхаа ард
манай баг гарчихлаа.
-Ойрын хэдэн жил монголчууд ийм том хэмжээний түүхэн кино бүтээгээгүй учраас мэдээж маш их зүйлийг шаардав уу?
-Одоогоос 306 жилийн өмнөх үйл явдлыг зураглан хүргэнэ гэдэг мэдээж
хүнд. Тэр үеийн Манжийн цэргийн бүслэлтийг сэтэлж эр нөхөр, эх
нутгийнхаа газар шорооны төлөө халуун амиа алдсан чин зоригт Ану хатны
тухай кино өөрөө тэр чигээрээ Монголын түүхийн нэг хэсэг. Уран бүтээлээ
тэр цаг үед нь аваачиж хийнэ гэдэг авьяас чадвар, авхаалж самбаа, хурд,
тэвчээр, туршлага шаардсан амаргүй ажил. Манай баг шиг гар, сэтгэл нийлж
ажилласан уран бүтээлчид ховор шүү.
-Магадгүй Ану хатан тэнгэрээс та бүхнийг ширтэж, монголчуудын өвөг,
дээдсийн сүнс, сүлд энэ уран бүтээлийг түргэн, сайхан бүтээл болоосой,
босоосой хэмээн дэмжиж байгаа болов уу?
-Түүхэн уран бүтээл өөрөө амьтай, сүнстэй байдаг шүү. Хүссэн хүн бүр ийм
хэмжээний уран бүтээл хийж чаддаггүй байх. Тэр уран бүтээлийг хийх
ёстой уран бүтээлчид цаанаасаа төрдөг биз. Мандухай цэцэн хатны дүрийг
бүтээх гэж жүжигчин Н.Сувд төрсөн гэж би боддог.
-Энэ үеийн хүмүүс бясалгадаг, сүнсээ хөгжүүлнэ гэх мэтээр их сонин зүйл
ярьдаг, хийдэг болж. Түүхэн цаг үед амьдарч байсан тэдгээр алдартнууд
бидний дунд, өөр хүний биед оршиж амьдарч байж таарах уу?
-Сүнсний тухай яриаг би үгүйсгэхгүй. Би шашинд гүнзгий автсан хүн биш.
Гэхдээ олон зүйлийг харж байхад сүнсний тухай ойлголтыг үгүйсгэх аргагүй
юм. Бид киноныхоо зураг авалтыг дөрвөн сарын дотор амжууллаа. Эвлүүлэг
хийж байхад манай баг хамт олон маш өндөр зохион байгуулалттай
ажилласныг харж л сууна. Монголын түүхэн кинонд байгаагүй богино
хугацаанд чанартай зураг авалтыг бид хийж чаджээ, хамт олноороо бахархах
сэтгэл төрсөн шүү. Манай кинонд ахмад туршлагатай жүжигчдээс эхлээд
дөнгөж сургууль дүүргэсэн залуус ч ажилласан.
-Аливаа уран бүтээл санхүүжилтгүйгээр нэг ч алхам урагшилдаггүй.
Улсын төсвөөс нэг ч төгрөг гаргалгүй ажил амжуулахад бас зовлон бий
биз?
-Шүүдрээ бид хоёр нэг ч төгрөггүй байж энэ ажлыг эхлүүлж байснаа
дурсахад хүмүүс гайхдаг юм. Гэтэл киноны маань санхүүжилт өнөөдрийн
байдлаар бараг л тэрбум гарч байх шиг. Энэ давааны цаана гарах том ажлыг
манай киноны ерөнхий продюссер Д.Болдхуяг нугалалцсан гэж хэлж болно.
Дээр нь кино төслийн маань зохиолч, продюссер Б.Шүүдэрцэцэг ихэнх хүнд
асуудлыг цэгцэлж, нуруундаа үүрч бидэнд сэтгэл амар ажиллах боломжийг
өгсөн. Монголын түүхэн кинонд анхдагч болох олон алхамыг бид хийлээ.
Усан дотор зураг авлаа. Шинэ камер, техник гаднаас авчирлаа. Урлагт
хайртай хүмүүсийн дэм тусыг ч их л авлаа.
-”Ану хатан”-г найман настай балчраас наян настай буурай хүртэл
үзэх боломжтой. Эх нутгаа гэсэн сэтгэлтэй, элэг нэгтэй бүх хүнд
зориулсан час хийсэн уран бүтээл болсон гэж ойлгож болох нь ээ?
-Маш олон хүний итгэл сэтгэлийн хүчээр босч байгаа уран бүтээлийн эзэд
учраас бид яаж ч ядарч, зүдэрч байсан зүтгэх ёстой. Цаанаа л нэг өндийх
тэнхээтэй, урагшлах, ахих замтай, яг л ургаж буй өглөөний нар шиг
байсан. Хүмүүсийн хандив их хүчтэй. Мөнгөний их, багадаа биш, тэр олон
сайхан хүмүүсийн зөв энерги шингэсэн мөнгө тул ажил сайхан бүтэмжтэй
болж өнөөдөр киноныхоо хураангуйг бэлэн болголоо. Нэг л мэдэхэд үзэгчдэд
ажлаа шалгуулах болчихож. Бид тийм, ийм болсон гэж хэлэхээс илүүтэй
үзэгчид өөрсдөө үнэлгээ өгнө биз. Кино бүтсэн түүхийг яривал
барагдахгүй, сонин, содон үүх түүх ихтэй.
-Өнөө цагт монголчууд газар доорх баялагаасаа болж эх нутгаа
харийнханд хямд худалдаж, олон толгойн хэрүүл хийх болсон. Эх орны минь
хязгаар нутаг, байгаль орчин тийм гэж хэлэхийн тамтаггүй болж захаасаа
сүйдлээ. Магадгүй энэ хүнд үед монголчуудыг сэрээх хэнгэргийн цохиур нь
“Ану хатан” болж чадах уу?
-Хүн бүрийн ертөнцийн үзэл өөр, өөр өнцөгтэй байдаг. Таны нүдээр ингэж
харж, тэгж төсөөлж байгаа нь сайхан хэрэг. Монголчууд эх сайхан нутгаа
алдахаа хүрэхэд амиа хайрлахгүй зүтгэж бидэнд энэ сайхан орныг үлдээжээ.
Цэнгэг сайхан агаар, монголыг төлөөлөх салхи, өндөр уул, цэнгэг ус,
шимт хөрсийг бид дахин хаанаас ч юугаар ч сольж олж авч чадахгүй шүү.
Энэ утгаараа киногоороо бид эх орныхоо төлөө цохилох зүрхний нэгдлийг
бий болгож магад. Монголын төлөө зүрх бүрийн цохилтыг чангаруулна, бид.
-Нэг ёсондоо эх орон хаанаас эхэлдэг, ямар үнэ цэнэтэйг ухааруулсан санааг нэвт шингээсэн гэж ойлгох болох нь ээ?
-Эх орон ямар үнэтэйг бид энэ киногоороо харуулахыг зорилоо. “Ану
хатан”-гаар үнэнч хайр дурлал ямар байсныг өнөөгийн залууст бас
ухааруулна. Олон сургамжит үйл явдалтай кино болсон байх, үзээд мэдэх
байх. Киноны ажлыг детальчилж яривал барагдахгүй. “Ану хатан” кино миний
нэрийн хуудас байх болно.
-Өнөөгийн залуус хайр сэтгэлийг өнгө, мөнгөөр хэмжээд байх шиг санагддаг. Таныхаар бол…?
-Хайр бол бусдаас юу ч нэхдэггүй. Хайр авлагагүй, сайхан сэтгэлийн өглөг
гэдгийг өнөөгийн залуусын ухамсарт киногоороо дамжуулан суулгаж өгнө.
Бид нийгмийг, хүмүүсийн ухамсрыг их, бага хэмжээгээр ингэж өөрчилнө гэж
найдаж байгаа. Урлагаар дамжуулж бид хүмүүсийг хүмүүжүүлж, зөв
чиглүүлэхийг хичээж л явна. Энэ мэтээр бидний барьж авсан ажил их том
хүрээтэй, өргөн сэдэвтэй, гүнзгий агуулгатай юм. Манай ахмад уран
бүтээлчид хамт олноо “Мөрөөдлийн баг” гэж нэрлэсэн байна лээ. Бид тэдний
нүдэн дээр мөрөөдлөө биелүүлсэн болохоор тийм санаа агуулсан байх.
Эх сурвалж:"ЗУУНЫ МЭДЭЭ"сонин