Нийслэлийн багууд бүдэрч, Манчестерийн хоёр “гялалзав”

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Нийслэлийн багууд бүдэрч, Манчестерийн хоёр “гялалзав”

Хамгийн олон үзэгч, фанаттай Английн хөлбөмбөгийн Премьер лигийн 31 дүгээр тойргийн тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо. Энэ тойргийн ихэнх тоглолтууд буюу найм нь бямба гаригийн үдэш, харин үлдсэн хоёр тоглолт нь өнгөрсөн шөнө болсон юм.

Лигийн хүснэгтийн эхний дөрөвт багтсан гурван баг бямба гаригт ээлжит тоглолтоо хийсэн. Тэргүүлэгч “Манчестер Юнайтед” Лондон хотноо “Уэстхэм”-ийн талбайд зочлон тоглоход довтлогч Уейн Рүүни хоёрдугаар хагаст хет-трик хийснээр багтаа ялалт авчирсан юм. Харин тэдний гол өрсөлдөгчид болох нийслэл хотын “Арсенал” болон “Челси” багууд тус тусын тоглолтдоо тэнцсэнээр “Улаан чөтгөрүүд” долоон онооны давуугаар лигийг итгэл төгс тэргүүлж байна. Доод лиг рүү унах аюулын ирмэгт байгаа “Уэстхэм” тоглолтын эхний 25 минут өнгөрөхөд хэдийнэ хоёр гоол оруулж, тоглолтыг тэргүүлж эхэлсэн ч хоёрдугаар хагаст  Уейн Рүүни 14 минутын дотор гурван удаа гоолдож, улмаар сэлгээгээр талбайд гарч ирсэн Хавьер Эрнандез тоглолтын эцсийн мөчид гоол оруулснаар “Улаан чөтгөрүүд” 4:2 харьцаатай ялалт байгуулжээ. “Алхнууд”-ын тухайд хоёр гоол нь хоёул торгуулийн цохилтоос орсон.

Харин “Стоук Сити”-гийн талбайд зочилсон Лондонгийн “Цэнхрүүд” 1:1 харьцаатай тэнцсэнээр нэг байр ухарч, дөрөвдүгээр байрт бичигдэх болсон юм. Карло Анчелоттигоор удирдуулсан “Цэнхрүүд” өдгөө лигийн тэргүүлэгчээс 11 онооны зөрүүтэй болж байна. Тоглолтын найм дахь минутад “Стоук”-ийн довтлогч Жон Уолтерс гоолын салхийг хагалсан ч 33 дахь минутад Кот д’Ивуарын дотвлогч Дидье Дрогба Николя Анелькагийн хөндлөн дамжуулалтыг мөргөж, нэгдүгээр сарын 24-нөөс хойш анхныхаа гоолыг бүртгүүлсэн юм. Итали мэргэжилтэн Анчелотти тоглолт эхэлснээс хойш цаг гаруй хугацааны дараа Фернандо Торресийг талбайд гаргасан ч өвлийн солилцооны үеэр 80 сая ам.доллараар Стэмфорд Брижид ирсэн Испанийн “Алтан жаал” өдийг хүртэл гоолдож амжаагүй л явна.

Хүснэгтийн хоёрдугаар эгнээг эзэлж буй Лондонгийн “Их буучид”-ын тааруу тоглолтууд үргэлжилж, 10-уулаа үлдсэн “Блэкбурн”-ыг талбайдаа барсангүй. Тоглолт хуурай тэнцээгээр өндөрлөсөн байна.

Харин өчигдөр “Манчестер Сити” талбайдаа “Сандерлэнд”-ийг хүлээн авч, 5:0 харьцаатай бут ниргэснээр Аваргуудын лигийн эрх бүхий эхний дөрвөн байрт багтлаа.

Премьер лигийн 31 дүгээр тойргийн тоглолтын дүн:

“Арсенал” 0:0 “Блэкбурн”
“Уиган Атлетик” 0:0 “Тоттенхэм”
“Уэст Бром” 2:1 “Ливерпуль”
“Стоук Сити” 1:1 “Челси”
“Ньюкасл” 4:1 “Вулвес”
“Эвертон” 2:2 “Астон Вилла”
“Бирмингэм” 2:1 “Болтон”
“Уэстхэм” 2:4 “МанЮ”
“Манчестер Сити” 5:0 “Сандерлэнд”
“Фулхэм” 3:0 “Блэкпуль”

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж