“Эммануэль” хэмээх 1974 онд дэлхийн кино сонирхогчдын хүртээл болсон Францын эротик кионы од Сильвия Кристель өнгөрсөн лхагва гаригт 60 насандаа таалал төгсчээ. Нэрт жүжигчин Сильвияг таалал төгссөн талаар түүний хэвлэлийн төлөөлөгч “AFP” агентлагт мэдээлсэн байна. Сильвия 1973 онд Европын телевизийн мисс хэмээх шагналын эзэн болсон жилдээ “Хашааны цаана буй нүцгэн бүсгүй” кинонд анх тоглож байсан аж. Жилийн дараа тэрээр Францын найруулагч Жюст Жакений эротик аястай “Эммануэль” кинонд анх тоглосон нь түүнд алдар хүнд авчраад зогсоогүй “Эммануэль”-ийн сэдвээр дагнасан зургаан кино бүтээхэд хүргэжээ.
Тэрээр нийтдээ 60-аад кинонд дүр бүтээсэн бөгөөд хамгийн сүүлд 2001 онд “Банк” кинонд тоглосон байна. Тэрээр өнгөрсөн долдугаар сараас эхлэн бие нь муудаж эмнэлэгт хорт хавдрын эсрэг эмчилгээ хийлгэж байжээ. Сильвияагийн уран бүтээлийн карьерт хамгийн их нөлөөлсөн “Эммануэль” кино 1974 онд үзэгчдийн хүртээл болж эмх замбараагүй, эротик өгүүлэмжтэй хэдий ч тухайн цаг үеийн нийгэмд эргэлт авчирсан хэмээн үнэлэгддэг ажээ.
Э.АНХТУЯА