
Хүн амын нягтаршил их, шилжилт хөдөлгөөн ихтэй дээрхи аймгуудын хувьд жилээс жилд аюулт үзэгдэл, ослын тоо нэмэгдэж байгаа учир эхний ээлжинд гал унтраах ангиуд болон эрэн хайх, аврах салбарын бие бүрэлдэхүүний орон тоог нэмэгдүүлж Гал унтраах болон эрэн хайх аврах салбарын зэрэглэлийг дээшлүүлэх, албан хаагчдын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай байгааг албан хаагчид даргадаа учирлаж байлаа.
Орон тоо дутмагаас болж ээлжинд гарсан албан хаагчид давхар үүрэг гүйцэтгэх, амралтгүй дараагийн ээлжинд гарч, хөдөлмөрийн хууль зөрчигдөх тохиолдол их байдаг байна. Мөн үйлдвэрлэлийн болоод ахуйн ослууд их гарах болсон, обьектын болон ой, хээрийн түймрийн үед унтраах болон аврах ажиллагааны багаж хэрэгсэл, гүний усны хувцас, завь дутмаг байдаг, байгаа нэг нь элэгдэж хуучирсан, өдөр тутмын хувцас хэрэглэл чанар хангахгүй, хоёр өдөр гадаа зогсоход гандаж, өнгө өөрчлөгддөг зэрэг тулгамдаж буй асуудлыг албан хаагчид хөндөж байсан.
Ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах хүндхэн бөгөөд хариуцлагатай үүрэг хүлээсэн албан хаагчид маань дандаа зовлон тооцсонгүй. 24 цагийн ихэнх хугацааг ажил албан дээрээ өнгөрүүлдэг албан хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулахад дээрхи аймгуудын Онцгой байдлын газар, хэлтсийн удирдлага болоод албан хаагчид өөрсдөө ихэд анхаарч ажиллаж байгаа нь ажиглагдаж байлаа. Мөн орон нутгийн удирдлагын зүгээс автомашин, багаж, тоног төхөөрөмжтэй болгох, албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, ажиллах нөхцлийг сайжруулахад тодорхой тусламж, дэмжлэг үзүүлдэг болсон нь орон нутагт Онцгой байдлын албаны нэр хүнд өсч байгаа, албан хаагчдын ажил мэргэжлийн онцлогийг олон нийт мэдэрдэгийн нэг илрэл юм байна гэдгийг мэдэрч явлаа.
Албан хаагчид өөрсдийн хүч бололцоогоо ашиглан амрах өрөө, гал тогоогоо тохижуулан засч, бялдаржуулах өрөө, номын сан, саунтай болж.
Нэг өдрийн хоолны мөнгө бага тусгагдсан байдаг учраас албан хаагчид мөнгөө нийлүүлэн сарынхаа хүнсийг цуглуулна. Төмс, байцаа, сонгиноо тарьчихна, сая ургацаа хурааж, ногоогоо дарсан гэнэ. Энэ дүр зургийг дээрхи аймгуудын аль ч анги байгууллагаас харж болно.
Гагцхүү албан хаагчдын төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн нэр төртэй, хариуцлагатай үүргээ биелүүлэхэд тэдний нийгмийн баталгаа хангагдсан, ар гэртээ санаа зовох зүйлгүй ажлаа хийдэг, цалин хөлс нь амьдрал ахуйд нь хүрэлцээтэй байдаг, өмссөн хувцас нь чанартай, барьдаг багажтай байх л хэрэгтэй байна.
Мөн аймгуудын өвлийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийгдэж байгаа ажлууд болон аймгуудын улсын нөөцийн өвс тэжээл, үрийн буудай, шатахууны салбаруудын үйл ажиллагаатай танилцсан. Улсын нөөцийн салбаруудын зарим агуулахад урсгал засвар хийх шаардлагатай байгааг анхааралдаа авч цаашид, нөөцийн барааны сэлгэлтэд анхаарах, олон жил хуримтлагдсан нөөцийн өр, авлагыг барагдуулахад анхаарч ажиллахыг сануулж байв.
Шаардлагатай багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах, Онцгой байдлын албыг бэхжүүлэхэд зориулж 2013 оны төсөвт 7 тэрбум 300 орчим сая төгрөгийг тусгасан таатай мэдээ дуулдлаа.
ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж орон нутагт ажиллах үеэрээ цаашид албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллахаа хэлж байлаа. Мөн албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, хувцас хэрэгслийн чанарыг өндөр түвшинд хүргэн сайжруулахад анхаарч өөрийн цаашид баримтлан ажиллах бодлогодоо тусган хэрэгжүүлж ажиллахаа илэрхийллээ.