
Уулзалтын хүрээнд Засаг даргын орлогч Н.Батаа Берлин хотын Захирагч К.Воверайттай уулзаж, тааламжтай цагтаа Улаанбаатар хотод зочлохыг урьсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн захидлыг гардууллаа. К.Воверайт ирэх 2013 онд Монгол Улсын нийслэлд зочилж, хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар тодорхой ярилцахаа нотлов.
Мөн уулзалтын үеэр Токио хотын орлогч дарга Т.Акияматай уулзан хотуудын шууд харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцох үеэр Т.Акияма хоёр хот цаашид Японы хөгжлийн туслалцааны Жайка агентлагаар дамжиж буй шууд харилцахыг санал болгосныг хотын орлогч дарга Н.Батаа таатай хүлээн авч, хотуудын ус суваг ашиглалтын чиглэлээр эхлээд байгаа ажлыг улам эрчимжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн Н.Батаа Берлин хотын Сенатын хот төлөвлөлт, төслүүдийн газрын захирал М.Кюнетэй уулзаж, Баруун, Зүүн Берлин нэгдсэний дараах хот төлөвлөлтийн туршлага, бохир ус цэвэршүүлэх байгууламж, цэвэр болон ундны усны хангамж, цахилгаан дулааны шугам сүлжээ, хогны менежмент, агаарын бохирдол, зам тээврийн ачааллыг хэрхэн шийдсэн зэрэг хотын тулгамдсан асуудлаар ярилцаж, санал солилцов. Уулзалт, яриа амжилттай үргэлжилж байна гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.