Т.Ганди: Төсөвт цалин нэмэхэд хувийн хэвшил ч бас өсгөж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Т.Ганди: Төсөвт цалин нэмэхэд хувийн хэвшил ч бас өсгөж чадах уу?

Долоо, долоо хоногийн зайтайгаар боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллагсад жагсан, цалингаа хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагыг холбогдох яамдад тавиад байгаа. Энэ асуудал хэр урагштай байгаа талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандигаас тодрууллаа.

-Эрүүл мэнд, боловсролын салбарынхан цалин нэмэхийг шаардаад байгаа. Асуудлыг хэр нааштайгаар шийдвэрлэж байна вэ?

-Ерөнхийдөө салбарын хэмжээнд цалинг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг дээр Засгийн газрын төвшинд Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн хүрээнд, төсөв дотроо хүнд хортой нөхцөл, ур чадвартай уялдуулан нэмэгдүүлэх байр суурин дээр тохиролцсон. Гэхдээ өнөөдрийн эрэлт өөр байгаа, цалинг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх шаардлага байна. Мөн Засгийн газар салбаруудын төвшинд хэчнээн төгрөг нэмэх бололцоо байна вэ, энэ нь инфляцитай хэрхэн уялдах талаар суурь судалгаа хийгээд Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоонд санал тавьдаг. Тийм учраас Засгийн газраас хоёр салбарын төдийгүй, төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийн асуудлаар байр сууриа тодорхойлох эхний хэлэлцээрийг ирэх лхагва гаригт хийхээр төлөвлөөд байна. Гэхдээ хэлэлцээр гэхээсээ зөвшилцөл, ойлголцол илүү голлох болов уу.

-Яагаад хэлэлцээр биш байдаг билээ?

-Яагаад гэхлээр Монгол Улсад хөдөлмөрийн чадвартай, төсвийн болон хувийн хэвшил томоохон аж ахуйн нэгжүүд хоршоолол нөхөрлөлд хөдөлмөр эрхэлж байгаа нэг сая 40 мянга гаруй иргэн бий. Тэдний 154 мянга нь төрийн албан хаагч. Төрийн албан хаагчдын цалинг тодорхой хувь хэмжээгээр нэмэгдүүлэх боллоо гэхэд үлдэж байгаа 84 хувь буюу хувийн хэвшлийнхэн маань тэрхүү цалингийн нэмэгдлийг дагуулаад цалингаа мөн өсгөх бололцоо байна уу, чадамж байна уу, эх үүсвэр байна уу, ачаалал яаж ирэх вэ гэдэг асуудлыг нэлээн сайн судалгаа хийж ярих шаардлагатай болно. Цалин бол эдийн засгийн хэмжүүр,  орлого нэмэгдүүлэх процесс байдаг. Гэтэл үүнийг дагаад амьжиргааны баталгаажих төвшний доод хэмжээг өсгөнө, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлнэ. Тэгэхээр энэхүү эдийн засгийн гурван том хэмжүүрээс болоод хэрэглээний үнэ өсөхөд Засгийн газар ямар урьдчилсан бодлого төлөвлөх ёстой вэ гэдэг дээр нэлээд нухацтай ажиллаж байна.
Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж