Хуучирсан мэдээ: 2012.10.18-нд нийтлэгдсэн

Мөсөн уулын орой

Ардчилсан нийгмийн гол үнэ цэнэ бол олонхийн зарчим байдаг. 10 хүн “үгүй” гэж байхад нөгөө талд 11 хүн “тийм” гэвэл “за тийм ээ л” гэсэн үг. Бизнесийн байгууллагуудын хувьд, ялангуяа нээлттэй хувьцаат компаниудын хувьд санал гаргах, шийдвэр батлах үйл ажиллагаанууд яг л энэхүү олонхийн зарчмаар явдаг. Тийм ч учраас компани дээр шийдвэр гаргахын тулд хүмүүс хувьцааны хяналтын багцыг авахыг хичээдэг. Гэхдээ энэхүү хяналтын багцыг авахдаа бусад хувьцаа эзэмшигч нараас дээрэмдэж, булааж авч чаддаггүй. Хувийн өмч хуулиар баталгаажсан байгаа. Мөнгөөр үнэлэгдэж арилжигддаг. Хувьцааны үнээ тохирч чадахгүй бол чадахгүй бөгөөд шийдвэр гаргагч биш хэвээрээ л үлдэнэ. Маш энгийн.

Улстөрд сонгууль гэсэн үндсэн тоглоомын дүрэм байдаг. Сонгуулиар олонхийн санал авсан нөхдүүд сонгогдоно. Олонхийн саналыг хууль ёсоор авах ёстой гэдгийг шинэ сонгуулийн хуулиар маш тодорхой хуульчилсан байдаг. За тэр худлаа ярихгүй энэ тэрийг нь эс тооцвол санал худалдаж авахгүй, бэлэг тараахгүй, насанд хүрээгүй балчир амьтдыг ашиглахгүй гэх мэт. Хамгийн гол зарчим нь олонхийн санал нь хууль ёсных л байх ёстой.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Cонгуулийн ерөнхий хорооны гаргасан шийдвэр хууль бус. Сонгогчдын саналыг уландаа гишгэлээ” гэж удаа дараа мэдэгдэж байна. Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг хууль бус гэж тогтоодог субъект нь иргэн Энхтүвшин эсвэл УИХ-ын гишүүн Энхтүвшин хоёрын аль ч биш юм. Тогтоодог цорын ганц газар нь шүүх. Шүүх удаа дараагийн шийдвэрээ гаргаад түүнийг нь үндэслэн сонгуулийн ерөнхий хороо бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргаж буйг үгүйсгэж буй нь өөрөө ардчилалын эсрэг хийж буй том гэмт хэрэг юм. Шүүх шийдвэр гаргахын тулд баримттай байх ёстой. Баримт нь үнэн байх ёстой. Баримт үнэн худал эсэхийг шүүх, цагдаа зэрэг нь магадлах ёстой. Тэрнээс биш ард түмэн ингэж үзэж байна гээд лоозогнож хөөрхий тэтгэврийн өвөө эмээ нар, гэдэс болон тархи нь өлсгөлөн ядуу оюутнуудыг ашиглаж сошиал медиа хүчтэй түгэн дэлгэрч буй өнөөгийн нийгмийн тархийг угааж чадахгүй, боломжгүй гэдгийг удахгүй ойлгох биз. Сошиал медиа нь өөрөө тийм үнэн зөв мэдээлэл түгээдэг мундаг эд үү гэвэл бас тийм биш. Ялгаагүй л олон нийтийн эрх чөлөөт талбар. Гэхдээ олон талын, олон уургальч мэдээлэл, үзэл бодлуудыг real time харьцуулах боломжтой. МАН Монголын сайтуудын холбоотой хамтран ажиллахаар боллоо гээд твийт явж буй нь бас л эрх чөлөөний сонгодог хэлбэр. Мөнгө ба худал мэдээллээр сонгогч олон, иргэдийг “зоддог” үе ард хоцорч үнэ цэнэ болон мэдлэгээр сонголт хийдэг шинэ үе аль хэдийн гарч ирээд буйг ухамсаргүй улстөрчид болон тэдний хүүхэлдэй нар ойлгох цаг нь аль хэдийнэ ирсэн байна.

Өнгөрсөн 10 гаруй жилийг харж байхад яаж ийж байгаад л хамгийн олон санал авбал их хуралд сонгогддог байжээ. Ийм ч учраас санал авахын тулд байж болох бүхий л сайн, муу арга ажиллагаануудыг хэрэглээд дадсан байна нэр дэвшигч нар. Шинэ сонгуулийн хуулиар үүнийг нь хязгаарлаж өгсөний илрэл нь Өвөрхангайн тойргийн шуугиулаад байгаа асуудал болж байна. Энэ асуудал эхлэл нь боловч төгсгөл нь биш юм. Өөрөөр хэлбэл зөвхөн мөсөн уулын орой. Цаашилбал Увс, Дархан, Дорнодын тойргууд дээр хууль зөрчсөн үйлдлүүдийг баримтжуулсан хангалттай баримтууд хэвлэл мэдээллээр цацагдаад удаж байна.
Эрх баригч болоход амархан мэт зарим хүмүүст санагдаж барилгачин, барималчин, авилгачин, бөх, бөө, засуул, зайран, дуучин, жүжигчин, малчин, уурхайчин, сургуулиа төгсөж чадаагүй оюутан гээд л манай нийгмийн бүрэн төлөөлж чадах бүхий л хүмүүс нэр дэвшсэн. Зарим нь сонгогдсон. Буруу юм огт байхгүй. Энэ бол сонгогч олны л хүслийн толь. Гэхдээ хүсэл мөрөөдлийг нь ажил болгох чадвартай хүмүүс нь хэд вэ, хэн бэ гэдэг нь хамгийн гол асуудал юм. Тэрийгээ ч ойлгоод зарим хүмүүс чаддаг ажлаа л хийе гээд заавал УИХ-ын эрхэм гишүүн болох чин эрмэлзлэлээ дарж байна, чадаж байна. Гэвч хамгийн том айдас, эрдсэл бол олон жил эрх баригч байсан хувь хүн, хүмүүсийн хандлага болоод байна.

Н.Энхболд “Бид хуучин шигээ ажиллаж чадахгүй байна” гээд их бухимдсан ярилцлага өгөөд байх юм. Хуучин шигээ гэдэг нь эрх барьж байсан үеэ дурсаж буй бололтой. Эрх барихын тулд олонхи байх ёстой гэдгээ ердөө ойлгохгүй юм. Түүнчлэн зарим нэг гишүүд “Хэзээ нэгэн цагт бидний цаг ирнэ шүү” хэмээн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр заналхийлж, өш санаж байгаагаа ил цагаан шүлсээ гоожуулан хэлж байна. Энэ бол яавч манай нийгмийн эерэг хандлага, зөв шугам биш билээ. Ийм хүмүүсийг сонгож дэмжиж буй нь магадгүй сонгогч бидэнд оногдох “ял” юм.

Замын хөдөлгөөний ачаалал Улаанбаатар хотод яагаад буурсаныг хүн бүр мэдэж байгаа. Гаргасан тушаал шийдвэрүүдээ хотын дарга хүчлэн хэрэгжүүлж, зөрчсөн хүмүүст хуулийн дагуу хариуцлагыг тооцож эхэлсэн учраас. Улс төрийн замын хөдөлгөөний дүрмийг хэрэгжүүлж эхлэх цаг нь болжээ. Үүнээс цааш түүнээс хойш улс төрд урсгал сөрж давхидаг, согтуу машин барьдаг, нийтийн тээвэр зорчих 1-р эгнээгээр зорчих асуудал байхгүй болно оо. Үр дүнд нь зарим нэг хүмүүс цагийн менежмент байхгүйн улмаас ажлаасаа хоцрох боловч нийтээрээ бидний амьдралын хэмнэл хурдлах учиртай юм.

Т.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж