Хуучирсан мэдээ: 2012.10.18-нд нийтлэгдсэн

Төсөв ба эрсдэл

УИХ-аар
Монгол Улсын 2013 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Ирэх жилийн
төсвийн хэрэгжилтэд нөлөөлөх нэг сөрөг хүчин зүйл бол гадаад талын эдийн
засгийн хямрал, түүнээс улбаалсан дотоод эрсдэл юм. Энэ удаа Монгол
Улсын 2013 оны төсөвт учирч болох эрсдлүүдээс тоймлож үзье.
Хойтон
жилийн төсвийг долоон их наяд төгрөгт эргэлдүүлэхээр төсөлд тусгаад
байна. Ирэх оны макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдтэй уялдуулан
Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг долоон их
наяд 88,3 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ
долоон их наяд 449,2 тэрбум төгрөг, нийт тэнцэл 360,9 тэрбум төгрөгийн
алдагдалтайгаар төсөлд оруулаад байгаа юм.

Энэ төсвийг
хэрэгжүүлэхэд ямар эрсдэл учирч болохыг, тухайн нөхцөлд төсвийг хэрхэн
төлөвлөхийг шинэчлэлийн Засгийн газар шинэ оны төсвийн төсөлдөө тусгаад
байна. Төсвийн төсөлд гадаад эрсдлийг хэрхэн төсөөлснийг авч үзье. Юуный
өмнө БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч үйлдвэрлэлийн түүхий эдийн
дотоод эрэлт буурч байгаа  нь Монголын эдийн засаг, төсвийн орлогод
мэдэгдэхүйц нөлөө үзүүлж эхэлжээ.

Яг л гахайнаас хялгас гуйж
дээс томоод шаварт ойчсон найзыгаа татаж гаргах гэсэн шоргоолжны үлгэр
харагдаад эхэлж. Хятадын эдийн засаг хямарч том том бүтээн байгуулалт
танагдаж, түүний араас үйлдвэрлэл буурч, төмөрлөгийн үйлдвэрийн гол түлш
болох коксжих нүүрсний хэрэглээ багасчээ. Энэ бол нүүрсээ гадагш ачиж
орлогоо нэмэх бодолтой байгаа монголчуудад муу мэдээ. 2012 оны  эхний
хагас жилд Хятадын дотоодын гангийн эрэлт буурсан байна. Үүнээс
шалтгаалж  Монголын нүүрсний зах зээлийн нөхцөл байдал муудаж баяжуулсан
болон коксжих нүүрсний экспортын үнэ 23-29 хувиар урууджээ. Ирэх онд ч
энэ байдал хэвээр үргэлжлэх тааруухан төлөв харагдаж байгаа. Эндээс
үзвэл Тавантолгойн нүүрсээ экспортлон Монгол Улс баяжиж, иргэн бүрт 1072
хувьцаа үнэгүй өгч, ногдол ашиг хуваан башийлгана гэдэг нь ойрын хэдэн
жилдээ үлгэр, мөрөөдөл төдий байж мэдэхээр байна.

Хятадын
дотоодод гангийн эрэлт буурснаас болоод нүүрсний зах зээл доройтож, 
баяжуулсан болон коксжих нүүрсний экспортын үнэ огцом унажээ. Тааруухан
мэдээ байгаа биз. Байдал нэгэнт ингэсэн байхад Хятадын тал Монголоос
нүүрс авч Монголын эдийн засагт “хандив” өргөнө гэж байхгүй.  Гаднаас
нүүрс авах бүү хэл Хятадын дотоодод нүүрсний илүүдэл бий болчихоод, 
өөрийнхөө нүүрсний салбарыг бодлогоор дэмжих байр суурь баримталж
эхэлжээ. Ийм байхад  Монголоос өмнөд хөрш рүү экспортлох нүүрсний үнийн
өрсөлдөх чадвар ойрын жилүүдэд өснө гэдэг юу л бол.

Монгол Улсын
уул уурхайн бүтээгдэхүүний гол зах зээл болох БНХАУ-ын эдийн засгийн
өсөлт 2012 оны эхний хагас жилд 7,6 хувь хүртэл буурсан. Энэ нь
2008-2009 оны санхүүгийн хямралаас хойш Хятадын эдийн засгийн өсөлтийн
хурдац хамгийн бага хэмжээндээ хүрсэн гэсэн үг. Өнгөрсөн онд өмнөд
хөршийн эдийн засгийн өсөлт 10 гаруй хувьд хүрч, АНУ-ын араас шил дарж
явсан. Гэтэл өнөөдөр ийнхүү “тормоз гишгээд”  байна. Олон улсын валютын
сангаас 2012 оны долдугаар сард гаргасан Дэлхийн эдийн засгийн төлөв
байдлын тайланд евро бүсийн өрийн хямрал улам дордож байгаа нь Хятадын
эдийн засгийн өсөлтийн гол эрсдэл болоод байгааг анхааруулсан. Үүнийг
ирэх жилийн төсвийн төсөлд дурджээ.

Өмнөх 2008-2009 оны хямралын
үед Хятадын эдийн засаг уналгүй үлдсэний хүчинд Монголын эдийн засаг
тэгтлээ доош ороогүй. Учир нь Хятад бол Монголын худалдаа, эдийн засгийн
хамгийн том түнш. Хятадын эдийн засаг сайн байвал Монголынх ч тийм л
байна. Тэр бүү хэл АНУ ч Хятадаас зээл тусламж авахад хүрч байсан юм.
Тэгвэл нүүрлэж эхлээд буй энэ удаагийн хямралд Хятад өртөж буй нь
Монголд томоохон сорилт болж мэдна.

Дэлхийн зах зээлийн нөхцөл
байдлаас шалтгаалж алт, зэс, нүүрсний үнэ, экспортын хэмжээ төсөвт
таамагласан төвшнээс буурвал төсвийн орлогод шууд нөлөөлж, төсвийн
төлөвлөсөн урсгал, хөрөнгө оруулалтын зардлыг санхүүжүүлэх боломжгүй
болгох томоохон эрсдлийг дагуулна гэдгийг шинэчлэлийн Засгийн газар
төсвийн төсөлдөө төсөөлөөд буй.

Ирэх жилийн төсвийн төсөлд
Оюутолгойн ордын Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулснаар төсөвт
нийт 445,8 тэрбум төгрөгийн нэмэлт орлого төвлөрнө гэж тооцжээ. Гэхдээ
Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах ажил ямар нэг шалтгаанаар
хойшлох  юм уу үр дүнд хүрч чадахгүй бол төсвийн орлогод дээрх мөнгө орж
чадалгүй хүндрэл үүсгэж мэдэх юм. Оюутолгой компанийн бүтээгдэхүүний
олборлолт, борлуулалтын хэмжээг техник эдийн засгийн үндэслэл болон тус
компаниас ирүүлсэн албан бичигт тусгасан хэмжээгээр тооцож, нийт 151
тэрбум төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлэхээр тооцоод байгаа. Гэвч
Оюутолгой ордын бүтээгдэхүүн экспортлох үндсэн үйл ажиллагаа төлөвлөсөн
хугацаанаас хойшилбол төсвийн орлогын бүрдүүлэлтэд хүндрэл учрах нь
гарцаагүй. Лав л өнгөрсөн зун Оюутолгой компанийн зүгээс “Наймдугаар
сарын дундуур анхны бүтээгдэхүүнээ боловсруулж экспортод гаргах эхлэлийг
тавина” гэж мэдэгдэж байсан ч намрын адаг сарын шинэд гарсан өнөөдрийн
тухайд чимээгүй л байна. Ирэх 2013 оны эхээр л анхны бүтээгдэхүүнээ
гаргана гэсэн сураг бас гарсан. Дахин хойшлох эсэхийг одоогоор баттай
хэлэх албаны хүн алга.  

Төсвийн төсөлд судлаачдын дүгнэлтээс иш
татаж зэсийн үнэ ямар байхыг төсөөлж оруулжээ. Судлаачдын үзэж
байгаагаар 2013 онд дэлхий нийтийн хэмжээнд Оюутолгойгоос гадна зэсийн
томоохон уурхайнууд ашиглалтад орж, хуучин уурхайнууд олборлолтоо
нэмэгдүүлснээр дэлхийн зэсийн нийлүүлэлт нэмэгдэж эрэлтээсээ 350 мянган
тонноор давах төлөв ажиглагджээ. Энэ бол бас л сайн мэдээ биш.
 
Төсвийн
төсөлд дэлхийн зах зээл дээрх нэг тонн зэсийн үнийг 8152 ам.доллараар
тооцсон бол тэнцвэржүүлсэн үнийг 6328,9 ам.доллараар тооцоод байгаа.
Тогтворжуулалтын санд зэсээс нийт 103,7 тэрбум төгрөг төвлөрнө гэж
тооцсон байна. Гэвч зэсийн зах зээлийн үнэ 6328,9 ам.доллар хүртэл
унавал Тогтворжуулалтын санд зэсээс төвлөрүүлэх орлого төвлөрөх
боломжгүй болно. Үүнийг ч төсвийн төсөлд дурдаад байгаа юм.  Зэсийн үнэ
6328,9 ам.доллараас доош орвол Хүний хөгжлийн сан, улсын нэгдсэн төсөв,
Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд зэсээс төвлөрөх орлогын хэмжээ тэр
хэрээр буурна.

Бас нэг эрсдэл нь шатахууны үнэ. Аль ч үед
шатахууны үнийн өсөлт инфляцид нөлөөлж, иргэдийн өргөн хэрэглээний
бараа, бүтээгдэхүүн, хоол, хүнсний үнэ нэмэгдэх гол шалтгааны нэг
байсаар ирсэн. Бүр морин тэргээр ачаа зөөх үнэ хүртэл шатахууны үнийн
өсөлтийг дагаад нэмэгддэг гэсэн онигоо бий.

Нефть бүтээгдэхүүнээ
голлон авдаг хойд хөрш шатахууны “крант”-аа хаавал сүйрэл гэсэн үг.
Тиймдээ ч автобензин, дизелийн түлшний хилийн үнэ, валютын ханшны
хэлбэлзлээс шалтгаалан Засгийн газраас тухай бүр татварын зохицуулалт
хийдэг. Ирэх 2013 онд дотоодын валютын зах, ОХУ-ын татварын бодлого,
дэлхийн зах зээл дээрх газрын тосны бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтөөс
хамаарч газрын тосны бүтээгдэхүүний үнэ өсвөл автобензин, дизелийн
түлшний импортоос төвлөрүүлэхээр тооцсон орлого ч буурна. Иймэрхүү
эрсдлийн дунд ирэх жилийн төсөв, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх хэцүүхэн
даваа шинэчлэлийн Засгийн газрын өмнө тулж ирээд байна.  

Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж