Хүнээс бензин үнэртэж байна

Хуучирсан мэдээ: 2012.10.18-нд нийтлэгдсэн

Хүнээс бензин үнэртэж байна

ХУУЛЬ БУС ШТС-1

“Бид нараас бараг бензин үнэртэж байна”

Чк чк чк.. цаг нь аль хэдийнэ яваад эхэлсэн “тэсрэх бөмбөг”-ний хажууханд байнгын айдастай  амьдардаг айлууд байна гэж сонсоод тэр зүгийг зорилоо.

Толгойтын эцсийн гэр хорооллын эдгээр айлуудын ойр хавьд нүүрсний угаар бус шатахууны үнэр ханхийнэ.  Шатахуун түгээх станцын үүдэнд гуч орчим насны эмэгтэй /Түүнийг Д.Отгонбаяр гэдэг/ хүүгээ салхилуулж байв. Газар мундсан юм шиг энд хүүхдээ салхилуулж байгаагийн учир нь тэднийх ШТС-тай хөрш амьдардаг болохоор тэр аж /Түүнтэй хийсэн яриаг дор хүргэнэ/. Энэ эмэгтэйн “хөрш” болох ШТС-ыг хэдхэн хоногийн өмнө нийслэлийн Удирдах зөвлөлийн хуралдаанаас буулгах шийдвэр гаргасныг энд онцолъё.

“Анх дэлгүүр, машин угаалгын газар барих гэж байгаа гэж ярьдаг байсан. Ихэвчлэн шөнө дөлөөр шахам барьсаар байгаад нэг мэдэхэд энэ шатахуун түгээгүүрийн газрыг босгочихсон. Эхлээд энэ хавийн иргэд мэддэг, чаддаг дарга, цэрэгтэй нь бүгдтэй нь уулзсан. Гэвч ямар ч амжилт олоогүй. Сүүлдээ ч ажил төрлөө алдан байж тэгж заргалдаж явдаг үе өнгөрч, бид дийлдээд хоцорсон” гэж ШТС-ын “хөрш”-үүд бидэнд ярив.

Ямартай ч арваад хоногийн өмнө нийслэлийн удирдлагууд газрын зөвшөөрөлгүй, ШТС байгуулах зөвшөөрөлгүй  гэсэн үндэслэлээр дөрвөн ШТС-ын үйл ажиллагааг зогсоож, газар чөлөөлөх болон татан буулгах шийдвэр гаргасан ч энэ тухай мэдэгдэл одоогоор хараахан очоогүй байна. Толгойт дахь энэхүү ШТС нь татан буулгаж, газар чөлөөлөх ёстой гэж үзсэн “Сод Монгол” компанийн 33, 43, 22, 32-р салбарын нэг, тодруулбал 33-р салбар нь юм.

Толгойт дахь уг ШТС-аас арван метр хүрэхгүй зайд амьдардаг Д.Отгонбаяртай уулзлаа. Тэрбээр дараах зүйлсийг ярив.

-“Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” /УБЦТС/ компани, хороо, дүүргийн удирдлагуудтай би байнга уулзаж, энэ газрыг чөлөөлж, ШТС-ын үйл ажиллагааг хянаж, шалгаж өгөхийг гуйдаг.  Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид “Үйл ажиллагаа явуулах эрхийг нь цуцалчихсан. Та одоо хариад хэд хоног түр хүлээж бай. Асуудлыг шийднэ” гэж олон удаа хэлсэн. Харамсалтай нь, өглөө хаачихсан байдаг ч ажлын цаг дуусах үед оройдоо машин цуваад эхэлдэг. Би УБЦТС компанийн гүйцэтгэх захиралтай нь хүртэл уулзаж үзсэн. Олон ч удаа цахилгааныг нь таслуулсан. Хэдхэн цаг болоод л цахилгаатай  болчихдог. “Сод Монгол”-ын удирдлагуудтай ч уулзаж байсан. “Энэ газраа буулгахгүй бол 50 метрийн дотор амьдарч байгаа айлуудыг нүүлгэн шилжүүлээд, өөр хашаанд буулгаж өгөөч” гэж зөндөө гуйсан. За ч гэхгүй, үгүй ч гэхгүй байсаар жил гаруй хугацаа өнгөрсөн. Тэд нар “Бид энэ газрын түр түрээсэлдэг, тань руу эргээд утсаар залгана. Ямар нэг арга бодно” гэж хэлээд л алга болчихдог. 24 цагаар ажилладаг болохоор шөнө дөлөөр машин  тасралтгүй сигналдана. Ер нь бүтэн нойртой хоносон шөнө гэж байхгүй дээ. Манайх ам бүл наймуулаа. Зургаан хүүхэдтэй. Дөрөв нь бага насны хүүхдүүд. Бид нар гэртээ байгаа мөртлөө л бензин ууршсан агаараар амьсгалж, залгилж байна. Бид нараас бараг бензин үнэртэж байна. Гал гарах вий гэж байнга санаа зовдог. Хөлдөж үхэхгүйн тулд гэр хорооллын хүмүүс галаа л түлнэ биз дээ. Гэтэл хэдхэн алхмын цаана ийм аймшигтай газар байгаа болохоор үргэлжийн айдастай, гал ч сайн түлдэггүй. Энэ станцынхан бие засах газаргүй. Хашааны эргэн тойрны хэсэг авах юмгүй болсон шүү дээ”.

Хууль бусаар барьсан ШТС-ын хажууд маш хүнд нөхцөлд амьдарч байгаа Д.Отгонбаяр ийн ярилаа. Түүнтэй уулзсаны дараа бид тус ШТС-ын түгээгчтэй уулзах гэсэн боловч “Манай колонкийг буулгах гэж байгаа тухай сонссон. Удирдлагууд асуудлыг шийдэх байх. Бие засах газрын тухайд бол байхгүй нь үнэн” гээд мэдээлэл өгөхөөс татгалзав.

Толгойт дахь ШТС-ын өөр нэг анхаарал татсан асуудал бол эндээс ердөө 40 метр хүрэхгүй шахам зайд байдаг айлын хоёр давхар байшин саяхан шатжээ. Иргэдийн ярьж буйгаар байшин шатахад хүмүүс сандарч, ШТС руу гал гарах вий гэж айсан ч ШТС-ын тэр салбарт гал унтраах багаж хэрэгсэл байгаагүй байна. Энэ бас л бодох ёстой асуудал юм.


ХУУЛЬ БУС ШТС-2

Томоохон зөрчлүүдийг “толгойлогч”

Нийслэлийн Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу татан буулгахаар зэхсэн өөр нэг ШТС бол Сүхбаатар дүүргийн IX хороонд байрлах /бидний хэлж заншсанаар 32-ын тойргын ойролцоох шинэ замын хажууд/ “Сод Монгол” компанийн ШТС юм. Эндхийн ойролцоох айлууд эзгүй байсан учир олон хүнтэй уулзаж чадсангүй. Харин тус ШТС-ын хажууд амьдардаг оюутан охин “Одоо энэ сэдвээр ярихаас ч бүр залхаж байна. Бид нар ШТС руу машин ордог замыг хэдэн өдрөөр хааж, суулт хийж хүртэл үзсэн. Ямар ч нэмэр болоогүй. Энэ ШТС-ыг хаах шийдвэр гарсан гэж сонсоод сэтгэл амар амьдрах нь гээд баярлаж байгаа” гэв.

Энэ мэт зөрчил нь удаа дараа давтагдаж буй “Сод Монгол” компанийн байр суурийг сонсохоор очиж, хэвлэлийн ажилтантай нь эхлээд уулзсан ч “Бид энэ долоо хоногт багтан хэвлэлийн бага хурал зарлана. Одоохондоо мэдээлэл өгөх боломжгүй. Ямар ч байсан тайлбар хийх болно. Нураах байсан бол яах гэж бариулсан бэ гэдэг асуудал бас бий шүү дээ” гэлээ.   

Байдал ийм л байна. Та өөрийгөө ШТС-ын дэргэд амьдарч байна, гэрээс чинь ердөө аравхан метрийн зайд бензин дүүрэн сав байна гээд бодоод үз дээ. Ямар ч хүний хувьд, ямар ч байгууллагын хувьд эрүүл, аюулгүй байдлаа бодсон энэ бол байж боломгүй зүйл. Тиймээс л бид айлуудын дэргэд айлссан, тэр тусмаа зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдож, татан буулгахаар болсон дээрх хоёр ШТС-ыг онцлон сурвалжилсан юм. Түүнээс аль нэг компанийн бизнесийн хэвийн байдалд халдах гэсэн зорилгогүй. 

Нийслэлд зөвшөөрөлгүйгээсээ гадна зөвшөөрөлтэй ч гэсэн айлын дэргэд аюул дагуулж очсон олон ШТС байгааг битгий мартаарай.

ЗАРИМ БАРИМТУУД:

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 20 аж ахуйн нэгжийн 181 ШТС-ын 51-д хийсэн шалгалтын хариуг харахад дараах дүр зураг харагдаж байна.

  • Нийт таван компанийн 22 ШТС-ын барилга байгууламжийг ашиглалтад хүлээж аваагүй байхад үйл ажиллагаагаа эхлүүлсэн байжээ.
  • 27 ШТС-ын барилга байгууламж энгийн тоноглолтой буюу хийн буцаах системийг төлөвлөөгүй байсан нь олон төрлийн хуулийн заалтыг зөрчсөн.
  • Долоон ААН-ийн 24 ШТС барилга байгууламжийн аюулгүйн зайн хэмжээг зөрчсөн буюу орон сууц, үйлчилгээний байр, гэр хороолол, хатуу түлшээр халаадаг байрны дэргэд газар олголтын зөвшөөрөлтэй байна.
  • “М Ойл” ХК-ийн  “Айку” станцын газар эзэмших гэрчилгээний хугацаа  2005 онд дууссан ч одоо хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.
  •  “Сод Монгол” компанийн 2, 16, 43, 33, 13, 32, 6, “Шунхлай”-гийн 20, 7, 9,  “Магнай трейдинг”-ийн 125, “Петровис”-ийн 18, 16, 33, “Жаст ойл”-ийн 2, 5, 8 10, 3 станцууд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгээгүй, барилга, байгаль орчны тухай хуулийн заалтуудыг зөрчсөн байжээ. 
  •  “Сод Монгол” хувьцаат компанийн 39, 16, 43, 13, 17, 6 дугаар станцууд “Мон аналитик” ХК, “Алхана трейд” ХК, “Хүрээ инвест” зэрэг өөр өөр байгууллагуудын нэр дээр бүртгэлтэй байдаг.
  • Шалгалтад хамрагдсан станцуудын байгаль орчинд нөлөөлөх талын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтийн 33 хувийг “Эко планет” ХК гүйцэтгэсэн /монополь байдалтай/ зэрэг зөрчил илэрсэн байна.

Зөрчилтэй нь тогтоогдсон дээрхи байгууллагуудад гаргасан зөрчлөө ажлын 21 хоногт багтаан арилгахыг нийслэлийн ЗДТГ-аас албан ёсоор шаардах бололтой. Зарим ШТС-иуд 11 жилийн турш том, жижиг ямар нэгэн зөрчилтэйгөөр үйл ажиллагаа явуулсаар ирсэн баримт ч эдэн дунд бий. Үүний бас нэг буруутан нь мэдээж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар. Жилдээ ганц удаа албан бичиг шидээд л өнгөрдөг улсын байцаагчдыг шүүх хяналтын байгууллагатай хамтран үүргээ биелүүлээгүй гэж нийслэлийн Удирдах зөвлөлийн гишүүд буруутгаж байгаа. Тэр нь зөв юм.

Нийслэлд энэ мэтээр дүрэм журам зөрчиж байж, хэдхэн алхамын зайд ШТС барих шаардлага байна уу гэвэл ҮГҮЙ. Баримт дурьдая, хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын дүрэмд ШТС-ын цэнэглэх хошуу бүрт 1200 машин ногдохоор тооцож, төлөвлөнө гэсэн заалт байдаг. Гэтэл Статистикийн газраас гаргасан мэдээгээр аравдугаар сарын 04-ний байдлаар нийслэлд 307871 автомашин замын хөдөлгөөнд оролцож байгаа гэх тоо байна. Хэрэв дээрх журмаар тооцож үзвэл нийслэлд нийт 256 бензин шахах хошуу байхад л хангалттай гэнэ.

Үүнээс үзэхэд, нийслэлд ШТС-ууд байх ёстой хэмжээнээсээ тооны хувьд дунджаар хоёр дахин илүү байгаа гэсэн үг. Тиймээс цаашид зөрчил илэрсэн ШТС-уудыг шууд буулган, газраа чөлөөлж авахад буруудах зүйлгүй юм.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж