Мөнгөний бодлогын зорилгыг эдийн засагчид ерөнхийд нь үнийн тогтвортой орчинд эдийн засгийн өсөлтийг дэмжих гэж энгийн тодорхойлдог ч ээдрээ төвөгтэй олон асуудал ээрдэг. Энэ нь энгийн уншигчид битгий хэл, эдийн засагчдын талцаж маргадаг мэргэжлийн сэдвүүдийн нэг болсон. Халамжийг хавтгайруулан олгож, эдийн засагт уул уурхайгаас их мөнгө цутгахын хэрээр улсын мөнгийг удирдах ухаанд улам ухаалаг бодлого шаардагдах аж. Монгол бол инфляцийг онилсон мөнгөний хатуу бодлоготой орон. Эдийн засаг хурдацтай өсөж байгаа өнөөгийн нөхцөлд мөнгөний хатуу бодлого явуулах нь буруу, зөв гэж маргах нь бий. Тиймээс ирэх онд Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн үүрэг хариуцлага, ач холбогдол өндөр байхын сацуу ихээхэн онцлогийг харуулах учиртай. Төрийн мөнгөний бодлогыг томьёолж, хэрэгжүүлдэг Монголбанкны ерөнхийлөгч ч Засгийн газар, Парламентын гишүүдийн адил шинэхэн учраас олон нийтийн хувьд үр дүнтэй, шинэлэг мөнгөний бодлогыг хүлээж суугаа. Албан тушаал нь л шинэ болохоос аз болоход Монголбанкны ерөнхийлөгчөөр Н.Золжаргал гэж туршлагатай эдийн засагч томилогдсон. АНУ-ын Харвардын их сургуулийг нийгмийн удирдлагаар төгссөн түүнийг угаасаа “Төвбанкны хүн” гэж хэлж болох. Баруунд боловсрол эзэмшиж ирсэнээсээ хойш банк, санхүүгийн салбараас даахь холдоогүй тэрбээр 2010-2012 онд Монголбанкны дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан билээ. Одоо түүний юу хийхийг харах л үлдэв. Юу хийж байгааг нь харуулах хамгийн эхний алхам нь мөнгөний бодлогын үндсэн чиглэл юм. Түүнийг буруу, зөв гэж шүүмжлэгддэг мөнгөний хатуу бодлогыг зөөлрүүлэх болов уу, инфляцийг хазаарлан, “номхтгож” чадах болов уу, бизнесийн идвэхжил сайжрах болов уу хэмээн олон нийт хүлээлтийн харцаар ширтэж байна. Харин одоо хамтдаа Золжаргалын зорилго хийгээд Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөл рүү өнгийгөөд үзье. Түүний бодлого Монголбанкны өмнөх ерөнхийлөгч асан цагаан үстээрээ дуудуулан барин байж муу хэлүүлдэг байсан Л.Пүрэвдорж болон түүний багийнхны бодлогоос өөр байж чадах болов уу?
Монголбанкны шинэ ерөнхийлөгч зоригтой, зорилготой ажиллаж байна гэсэн мэссэжийг хэвлэлийнхэн хамгийн түрүүлнд олж харсан болов уу. Аравдугаар сарын 2-нд Монголбанкны удирдлагууд Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг УИХ-д хэлэлцүүлэхээр өргөн барьсантай холбоотой мэдээлэл хийв. Тус банкны тийм ч жижиг биш талбайтай хурлын заалыг сэтгүүлчид пиг дүүргэж, зарим нь гадна нь зогсож хүртэл мэдээлэл сонссон. Золжаргал ерөнхийлөгч ч мэдээллийн оршил хэсгээ телевизийн зураглаач нарт бичихийг зөвшөөрч, гол мэдээлэл өгөх хэсэг дээрээ тэднийг гаргасан. Мөнгөний бодлогоор сэтгүүлч нарт мэдээлэл гэхээсээ илүү мэдлэг өгөхүйц сайн илтгэл тавих шиг болсон. “За энэ ханшийн графикийг сайн хараад аваарай. Дахиж та бүхэн энэ сэдвээр олон бичиж ярих байх, буруу зөрүү асуулт тавьж, алдахгүй шүү” хэмээн байн байн анхааруулахаа мартаагүй. Үнэхээр л Төвбанкийг удирдахаас аргагүй мэргэжлийн хүн гэдгээ сэтгүүлчдэд цухас “гайхуулаад” авсан гэж болно. За үндсэн асуудал руугаа оръё.
Золжаргалын ярьж байгаагаас үзэхэд Монголбанкны инфляцийг онилсон мөнгөний хатуу бодлого үргэлжлэх нь байна. Олон хүнийг болгоомжлоход хүргээд буй ханшаар ч төдийлэн оролдохгүй нь бололтой. “Тэгээд юу хийх вэ гэсэн асуултад тэрбээр маш тодорхой, зорилготой зүйлүүдийг хийнэ, хийж ч байна, хийхээс ч аргагүй” гэв.
Монголбанк чинээлэг дундаж давхарга, нам инфляци гэдгийг 2013 оны мөнгөний бодлогын зорилт болгон тавьжээ. Бас л шинэ сонсогдохгүй байна. Өмнө нь Монголбанк мөн л нийгмийн дундаж ангийг чухалчилж, инфляцийг нам түвшинд барих гэж л мөнгөний бодлогыг хатууруулсан. Харамсалтай нь онилсон инфляциа онож чадахгүй өнөөдрийг хүрсэн. Энэ нь мөнгөний бодлогыг шүүмжлэлд ихээхэн автахад хүргээд буй. Тэгвэл Золжаргал ерөнхийлөгч “мэс ажилбарт оруулаагүй” мөнгөний бодлогоороо инфляцийг ирэх онд найман хувьд хүргэх боломжтой. Улмаар 2014-2015 онд инфляцийг 5-7 хувьтай байх нөхцөл бүрдүүлнэ гэдгээ хэвлэлийнхэнд ч Төрийн ордонд ч итгэлтэй хэлж ярьж байна. Яаж тэр вэ? Өмнөх Пүрэвдорж ерөнхийлөгч ч гэсэн ингээд амлаж болох л байсан шүү дээ. Учир нь, түүний үед хэрэгжүүлж байсан мөнгөний бодлогын мөн чанар дүрээ хувиргаагүй.
Ялгаа нь юу болж таарах вэ? Монголбанкны өнөөгийн удирдлагын хувьд өмнө нь ярьдаг хэрнээ хийж чаддаггүй байсан зүйлийг мэргэжлийн банкирийн хувьд, залуу хүний хувьд зоригтой барьж авахаар шийдсэнд байгаа юм. Төвбанкны түрүү түрүүчийн ерөнхийлөгч нарт дутагдаж байсан зүйл нь бэлэн мөнгө баруун солгойгүй тарааж, Монголбанкыг хүнд байдалд оруулаад, муу хэлүүлэх мянга түмэн шалтгааны үндсийг цэцэглүүлдэг Засгийн газартайгаа улаан нүүрээрээ учирч чаддаггүй байсанд л хамаг учир байсан хэрэг. Тэгвэл одоо Золжаргал ерөнхийлөгч мөнгө төгрөг гаргаж, тооцоо судалгаа хийх нь бидний ажил, яг газар дээр нь очиж хэрэгжүүлэх нь Засгийн газрын ажил. Та нарын үүрэг, оролцоо мөнгөний бодлогод асар чухал гэдгийг Засгийн газрын гишүүдэд биеэрээ төдийгүй бие төлөөлөгч нартайгаа хамт нэг бус удаа уулзаж ярилцаж, учирлажээ. Хэлэлцээрийн ширээний ард суухдаа айж мэгдэх биш, мэргэжлийн эдийн засагчийн авьяас ухааныг гаргаж, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг сайтар ярьж ойлгуулж, инфляцийг буулгаж иргэдийн амьдралыг сайжруулахын тулд ийм зүйл хиймээр байна. Үүнийг хийхийн тулд Монголбанкны оролцоо хаана нь байх уу, харин та нар юу хийх вэ гэдгийг сэтгүүлчдэд “хичээл” засан шигээ ой тойнд нь ортол ойлгуулж, зөвшилцөж яваа бололтой. Нэг үгээр хэлбэл, төсөв, мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг Засгийн газар, Монголбанк өмнөх шигээ хоёр тийшээ харах биш, нэг ширээнд сууж чадсан гэсэн үг. Манай уншигчид санаж байгаа байх. Гадаад, дотоодод гайгүй сайн боловсрол эзэмшсэн хөгжилтэй орнуудын эдийн засгийг судалж, суралцсан залуухан эдийн засагч нарын зарим нь энд тэндхийн хурал дээр “төсөв, мөнгөний бодлого нэг зүгт явах ёстой. Одоогийн манайх шиг нэг нь бэлэн мөнгө тарааж инфляцийг хөөрөгддөг, нөгөөх нь хумих бодлого барьж явж таарахгүй” гэж учирладаг. Золжаргал ерөнхийлөгч ч үүнийг мэдэж байсан учраас зоримог хийхээр зориг шулууджээ. Энэ талаар түүний юу ярихыг сонсъё. “Өнөөдрийг хүртэл мөнгөний бодлого нийт бий болсон мөнгийг зээл болгохгүй шиг яаж Монголбанкны үнэт цаасан дээр бариад байх вэ гэж л ирсэн. Энэ зөв. Буруу юм байхгүй. Гэтэл нөгөө талд махны нийлүүлэлт хэвийн биш, гурилын импорт зогсдог, татвар тавьдаг, үнэ нь үсэрч харайдаг. Замын Үүд дээр өргөн хэрэглээний бараа гацдаг. Энэ болгон нийлүүлэлтийн талын замбараагүй байдалтай холбоотой. Замбараагүй нийлүүлэлтээс зах зээл хамгийн дээр байгаа үнээ л аваад яваад байна шүү дээ. Доошоо орохоор нь худалдаа наймаа эрхлэгчид ашиг гээд халаасалчихаж байна. Ийм бодитой шалтгаанаар бий болж байгаа нийлүүлэлтийн инфляцийг Төвбанк дангаараа хэчнээн хичээгээд ч бууруулж чадахгүй. Засгийн газар энэ тал дээр ажиллах ёстой. Тиймээс л салбар салбараар нь мөнгөний бодлого дээр Засгийн газартай нийлүүлэлтийн талд тулж ажиллахыг зорьж байна. Миний бие Монголбанкны ерөнхийлөгчийн ажил авсанаас хойших арваад хоногийн хугацаанд /2012.10.02/ холбогдох яамдынхантай 20-иод удаа уулзалт хийлээ, багтайгаа очиж. Ойлголцож, зөвшилцөж байгаа. Ойлголцоно гэдэг бол маш чухал” гэв.
Ийнхүү инфляцийг нам түвшинд барина гэсэн зорилгынхоо үүднээс инфляцид ахиу жин дардаг бараа бүтээгдэхүүн тус бүрийг задалж ярьж, шаардлагатай зохицуулалтыг хийхэд Засгийн газрын оролцоог бий болгож, дэмжлэг авч байгаа нь Төвбанкны шинэхэн ерөнхийлөгчийн бодлогын онцлог юм. Тухайлбал, шатахуун дээр л гэхэд Монголбанкны зүгээс нийгмийн дундаж давхаргын хэтэвчийг нь байнга тэмтэрч байдаг жижиглэнгийн худалдаан дээр Засгийн газар хяналт шалгалт хий. Энэ чиглэлээр хамтарч хөтөлбөр боловсруулъя гэдэг санал тавьсан байх жишээтэй. Мөн Монголд өргөн хэрэглээний барааны үнэ өсөхөд нөлөөлдөг нэг гол хүчин зүйл бол тээврийн зардал байдаг. Тиймээс Замын Үүдээр өргөн хэрэглээний бараа Улаанбаатарт орж ирэхэд тарифинд нь яг юу нөлөөлөөд байна вэ гэдгийг гаргаж тавьж, ярилцжээ. Энэ бол манайд анхаарал хандуулах асуудал болоод ужгирч буй сэдэв. Замын Үүд боомт нь сардаа 250 мянган тонн ачаа дамжин өнгөрүүлэх хүчин чадалтай гэдэг. Оюутолгойн барилгын материал байнга орж ирнэ. Дээр нь хавар барилгын улирал эхлэх үеэр цемент, будагнаас авахуулаад барилгын материалын импорт эрс нэмэгдэх үед дээрх боомтын өргөн хэрэглээний бараа орж ирэх суваг улам л нарийсдаг. Бараагаа оруулж ирэхийн тулд наймаачид танил тал, арын хаалга, авлига хээл хахуул өгнө.Тэд төлөвлөөгүй зардлаа барааны борлуулах үнэд шингээж л таараа. Дөрвөн жилийн өмнө Эрээнээс Улаанбаатарт ирж байгаа барааны 11 хувийг тээврийн зардал эзэлдэг байсан бол өнөөдөр 25 хувь болж нэмэгджээ. Энэ бол маш таагүй зүйл гэдгийг Монголбанкныхан хэлж байна. Учир нь, суурь инфляцид том нөлөө үзүүлдэг гэсэн үг. Энэ чиглэлээр Монголбанк Засгийн газартай тусгай хөтөлбөр боловсруулахаар ярьж байгаа аж. Одоогоор Монголбанк, Засгийн газар мөнгөний бодлогын чиглэлээр хамтран хэрэгжүүлэх 4-5 төсөл бэлэн болоод буй гэнэ.
Үргэлжлэлийн Mongolian Economy сэтгүүлийн №19 (029) дугаараас уншина уу.