Хятадад “шинжлэх ухааны наран мандаж байна”

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Хятадад “шинжлэх ухааны наран мандаж байна”

Хятад шинжлэх ухааны хоёрдугаар том гүрэн болж, АНУ-тай зэрэгцээд ирлээ. Дэлхийн шинжлэх ухааны газрын зураг эрс өөрчлөгдөн барууны орнууд байраа алдан Зүүн Өмнөд Ази, Ойрхи Дорнод, Хойд Африкийн тоглогч нар идэвхжиж байгааг Британийн шинжлэх ухааны хаантны нийгэмлэгийн шинжээчдийн статистикийн судалгаа харуулж байна. Оросын байр суурь энэ салбарт эрс ухран шинжлэх ухааны хөгжлөөр эхний 10 орны тоонд ч багтсангүй.

Олон улсын шинжлэх ухаа­ны хэвлэлүүдэд нийт­лэгдсэн шинжлэх ухааны бү­тээлүүдээрээ Хятад дэлхийн хоёрдугаарт гарч ирснийг Британийн шинжлэх ухааны хаантны нийгэмлэгийн гу­рав­­­дугаар сарын 29-нд нийт­лүүлсэн судалгаа харууллаа.
Хэдийгээр шинжлэх ухаа­ны үр дүнгээрээ хамгийн тэр­гүүний гэх 10 орны жагсаалтад гол төлөв барууны өндөр хөгжилтэй орнууд давамгайлж байгаа ч тэдний шинжлэх ухааны мэдээллийн хувь буурч байна. Гол чухал үүргүүдийг хурдан хөгжиж байгаа Хятад, Бразили, Энэт­хэг гүйцэтгэх болжээ. Үүний зэрэгцээ уг илтгэлд Иран, Туркийн мэдэг­дэхүйц дэвшилттэй байгааг тэмдэглэжээ.
Хятад дэлхийн шинжлэх ухааны элитийн эгнээнд эр­чимтэй орж ирлээ. Тус орон шинжлэх ухааны нийтлэлээрээ 1999-2003 онд (дэлхийн бүх нийт­лэлийн 4,4 хувь) зурга­дугаар байранд байснаа энэ удаа өмнөө зөвхөн АНУ-ыг оруулан хоёрдугаарт гарч ирэв. Дэлхийн шинжлэх ухаа­ны 2004-2008 оны бүх бүтээлийн 10,2 хувь нь хятад хүнийх байгаа бөгөөд энэ үзүүлэлтээрээ бүсийн уламж­лалт лидер Японыг ардаа орхисон байна.

 АНУ-ын шинжлэх ухааны нийтлэлийн хувь 26,4-өөс 21,2 хүртэл унасан ч тэргүүн байраа хадгалан үлдлээ. Япон хоёр шат ухран үзүүлэлт нь 7,8-аас 6,1 болон буурсан байна. Их Британийн үзүүлэлт бас буурч 7,1-ээс 6,5 болсон ч гуравт үлдэв. Дөрөвдүгээрт Герман зургаан хувьтайгаар (өмнө нь долоон хувь), тавдугаарт Франц таван хувьтайгаар (4,4) тус тус бичигджээ. Цааш нь Канад, Итали, Испани, Энэтхэг дараалжээ.
“Шинжлэх ухааны ертөнц эрчимтэй хувирч байна. Тавцнаа шинэ тоглогчид гарч ирлээ. Хятадын өсөлт сэтгэгдэл төрүүлж байна. Цаана нь Зүүн Өмнөд Ази, Ойрхи Дорнод, Хойд Африк харагдаж эхэллээ” хэмээн Хаантны нийгэмлэгийн (Шинжлэх ухааны академи) статистикийн судалгааг удирдсан Крис Ллеуэллин Смит тэмдэглэв.  “Орчин үед шинжлэх ухааны олон улсын хамтын ажиллагаа өсч байгаа нь маш сайн хандлага. Энэ нь маргаашийн даяарчлалын дуудлагыг бид хамтдаа угтана гэсэн үг” хэмээн Смит ярьж байна. Судалгаагаар тэргүүлж байгаа ямар ч орон алдар нэрэндээ дулдуйдан амгалан сууж болдоггүйг судалгаа харуулж байна гэж шинжээчид хэлж байна.

Эхний арвын дараах орнууд дотроос Турк амжилтаараа  бардамнаж болохоор байна. Тэдний хөгжлийн хурд нь Хятадынхаас ч эрчимтэй байна. Туркийн эрдэмтдийн бүтээл 1996-2008 онд дөрөв дахин өсчээ. Ираны дэвшил олны хувьд гэнэтийн зүйл боллоо. Тэд 1996 онд 736 бүтээлтэй байсан бол одоо 13238 бүтээлийн эзэд болжээ.
Хөгжиж буй орнуудаас Оросын үзүүлэлт эрс муудав. Судалгааны хугацаанд тэдний үзүүлэлт 24 хувиар бууран бөгөөд эхний арваас хасагдан Энэтхэгийн дараа оров.

Эх сурвалж: http://www.gazeta.ru/science/2011/03/29

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж