Хуучирсан мэдээ: 2012.10.17-нд нийтлэгдсэн

Дондог багш

Зураач С.Дондогийн  "Мөр" бүтээл.

Хэдэн жилийн өмнө Монголын дүрслэх урлагийн  сод авьяастан, зураач С.Дондог багшийн 70 насны ой болж өнгөрсөн   билээ. Түүнээс хойш хэдэн жил өнгөрчээ. Удахгүй Монголын дүрслэх урлагийн байгууллагийн  70 жилийн түүхт ой болно. Энэ ойг угтаж нэрт зураачийн амьдрал уран бүтээлийн тухай нэгэн сайхан ном олны гар дээр очих гэж байна. Мөн энэ үеэр түүний уран бүтээлийн үзэсгэлэн гарч үзэгч олонтойгоо дахин золгох гэж буй юм. Дондог багштай   би анх Хөгжим бүжгийн дунд сургуулийн зургийн ангийн нэгдүгээр курсээ төгсөх хавар манай сургууль дээр элсэлтийн шалгалт авахаар ирэх үед  анх танилцсан юм. Би аль хэдийнэ хуучин оюутан болчихсон багш нартаа туслаад гүйж явлаа. Тэр үед Дондог багш уран зургийн багшаар ирж элсэлтийн шалгалт авч байлаа. Намар нь манай сургууль Дүрслэх урлагийн дунд сургууль болон Хөгжим бүжгээс бие даан өрх тусгаарлан нүүж гуравдугаар дунд сургуулийн ард цэцэрлэгийн хуучин байр засч орсон. Энэ үеэс уран зураг, зураасан зураг, уран дархны ангид бид хуваагдан орж байв. Манай ангийн Бумандорж, С.Дагвадорж, Наранцэцэг, Д.Дагвадорж, Болдбаатар, Оюунбилэг нар Дондог багшаар уран зураг заалгаж эхэлсэн юм. Дондог багшийн ангиар бид завсарлагаа бүрээр орно. Тэдний тавьсан натюрморт, шинээр зурж буй натурын зургуудыг хардаг байв. Тэр үед зурсан олон сайхан зургуудыг нь би одоо ч тодхон санадаг юм. Усан будаг, тосон будаг, харандаан зургууд нь гайхалтай чадварлаг, маш их эрч хүчтэй, бүгд сэтгэлийн хөдөлгөөнөөр хийгддэг байв. Зуны дадлагаар Уу-Буланд нэг зун явахад аль 1953 онд тэнд пионерийн зусланд амарч байсан тухайгаа ярьж урд уулын ар бэл  дээрх хадан дээр гарын үсгээ тосон будгаар палитал зурснаа намайг дагуулж явж үзүүлж байсан юм. Мөн Горхид дадлага хийх үеэр  бидэнтэй зэрэгцэн сууж айлын өвөлжөө, тэр хавийн байгалийг, ойр орчны айлууд, адуу малыг гарт баригдтал зурж биднийг бишрүүлдэг байв. Сургууль дээр багш нарын конторт чөлөөт цагаараа шатар тоглож энэ нь бүр тэмцээн болон өргөжиж хэдэн сараар ч үргэлжилдэг байсныг тэнд өлгөсөн самбар дээрх нэрсээс харж болдог байв. Бид тэр үедээ багш нараа их л ахмад хүмүүс гэж санагддаг байж. Одоо эргээд бодоход тэд маань ид залуу байжээ. Дондог багшийн хүү Одгариг тэр үед бараг сургуульд ч ороогүй байсан. Багш зураач болох хүсэлтэй охидод их анхаарал халамж тавьдаг  байлаа. Намайг Москвад сургуульд яваад эхний жилийн өвлийн амралтаар ирэхэд гэртээ урьж холын орны сонин сайхан ярилцан байх үед тэдний гэрт Сарангэрэл, Чулуунцэцэг, Цэнд Аюуш зэрэг манай доод ангийн охид нэг өрөөнд нь амьдарч байсан юм. Зураач Сарангэрэл хожмоо Дондог багшийн гэргий болж хүү, охин хоёр төрүүлэн олон жил жаргалтай сайхан амьдарсныг нь мэдэх юм. Одоо том болцгоосон хүүхдүүдийг нь харахад Дондог багшийн дүр төрх тэднээс тодрон харагддаг юм. 1972 онд Дондог багш миний хөргийг зурж билээ. Тэр зураг арай л дуусаагүй үлдсэн… Одоогоос арваад жилийн өмнө гудамжинд таараад “Өөрийнхөө хөргийг очиж аваарай, би чамд өгөхөөр бэлтгэчихсэн байгаа. Чамд хэр таалагдахыг мэдэхгүй, харин надад гарын бичлэг нь их таалагдаж байна” гэж билээ. Одоо тэр хөрөг надад хадгалагдаж байгаа. Нэг удаа урлангаар маань гэнэт ороод ирлээ. Миний юу хийж бүтээж байгааг тойруулан харж жаал сууснаа “молодец Төгсөө” гэж хэлсэн сэн. Энэ бол тэр агуу зураачийн надад өгсөн үнэлгээ байлаа. Лхагвасүрэн, Ч.Хүрэлбаатар гээд өнөөгийн Монголын дүрслэх урлагийн нүүр царай болсон олон шавь нар нь ид бүтээн туурвисаар явна. Ялангуяа Ч.Хүрэлбаатар зураачаас Дондог багшийн зан чанар, уран бүтээлдээ хандах байдал, алиа хошин зан нь илүү тод дамжсан шиг санагддаг ба багшийгаа тэр жинхэнэ зураач хүний амьдралаар хорвоог туулсан гэж дурдаг юм. Уран зурагт дотоод сэтгэлийн хөдлөлөө уран бийрийн бичилтээр тод томруун илэрхийлэн харуулж хөдөлгөөнтэй зурдаг цөөхөн зураач байдаг. Би зураач Г.Баяр болон С.Дондог багшийн уран зургуудаас  тэр их эрч хүч, хөдөлгөөнийг уран зургуудыг нь харах бүртээ мэдэрдэг.  Энэ он жилүүдэд Дондог багшийн олон шинэ бүтээл хэрхэн зурагдаж үзэсгэлэнд тавигдаж олны хүртээл болохыг харах завшаан бидэнд олддог байв. Уран бүтээлд нь цэрэг эх орны сэдэвтэй зургууд нэлээд хувийг эзэлдэг ба “Ардын хувьсгалын ялалт” гэдэг 20 метр диарамыг Алтанбулагийн хувьсгалын музейд зурж үлдээсэн юм. “Мөр” гэдэг алдартай уран зураг нь намайг оюутан байх үед Зөвлөлтийн сэтгүүлүүдэд олон удаа хэвлэгдэж байлаа. Мөн байгалийн зургууддаа Монголын говь, хангай, уул усыг маш сайхан зурж дүрсэлдэг байв. Хөрөг зургийн том мастер байсан юм. “Магсаржавын хөрөг”, “Сүхбаатар”, “Чойбалсан”, “Хөдөлмөрийн баатар Үрчгэр”, “Хөгжимчин Ишдулам”, “Хуурч Жамьян” зэрэг хөргүүдээс хувь хүний онцлог, дотоод сэтгэл, тухайн цаг үеийн байдлыг тодорхой харж болно. 1970 оны сүүлээр Монголын зураачид БАМ-аар аялахад Дондог багш оролцож үр дүнд нь олон сайхан хөрөг, бүтээн босголтын тухай сэдэвт зургууд, байгалийн зургуудтай ирсэн юм. Монгол хүн анх сансарт ниссэн баярт өдрүүдэд “Манай эрин”, “Оддын дунд” зэрэг зургуудаа туурвисан билээ. Дондог багш бидэнд өөрийн хүүхэд насны тухай олон сайхан дурсамж ярьдаг байснаас өөрийн багш Оросын зураач Рушев болон түүний охин алдарт зураач Надя Рушевагийн тухай түүний ээж халимаг бүсгүйн тухай олон сайхан дурсамж нь сэтгэлд үлджээ. 1973 онд Дүрслэх урлагийн дунд сургууль дээр хувийн цуглуулгаараа Надя Рушевагийн үзэсгэлэнг гаргаж олон сайхан бүтээлийг нь фото зураг захидлуудын хамт дэлгэн харуулж тэр хосгүй зураачийн тухай бидэнд танилцуулсан билээ. Орос хэлд мундаг, урлагийн тухай ном сонин уншдаг мэдээлэл сайтай хүн байлаа. Одоогоос 10-аад жилийн өмнө бидний хэсэг зураач Гачууртад пленерт гарч байх үед биднийг чиглэн  дугуй унасан гурван хүн айсуй. Хамгийн эхэнд 80 дөхсөн Намхайцэрэн гуай, дараа нь 70 дөхсөн Гаваа багш, ард нь 60 дөхсөн Дондог багш явна. Эднийг хараад зураач хүний хэзээ ч хөгширдөггүй өөдрөг сайхан сэтгэлийг мэдэрч бахархах сэтгэл төрж байсан юм. Дондог багш оюутан ахуйдаа зуны амралтаараа Орос орноор хөндлөн гулд явж их юм үзэж нүд тайлж хэдэн жилээр эх орондоо ирээгүй тухайгаа бидэнд ярьдаг байв. Тэр үедээ Монголын хаврын улаан шороон шуурга болон усны амт хэчнээн сайхныг санаж байснаа ярьдагсан. Жинхэнэ зураач хүний эгэл амьдралаар амьдарч, сургуулийн урлан дотроо өөрийн гэсэн бяцхан буландаа зочидоо хүлээн авч хорвоо дэлхийн сонин сайхан, урлагийн ертөнцийн тухай хүүрнэн суудагсан. Уран бүтээлээрээ томоохон үзэсгэлэн гаргах тухайгаа төлөвлөн, ямар зургууд тавигдах, ямар зочин урихаа нүдэнд харагдтал дүрслэн ярьдаг байж билээ.

Дондог багшийн гэргий, үр хүүхдүүд, анд нөхөд, шавь нар нь түүний мөрөөдөж байсан үзэсгэлэнг нь нээж олон сайхан бүтээлийг нь дэлгэн үзэгчдэд толилуулах юм. Дондог багшийн тухай дурсан бодоход бидний сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн дугуй хар малгай хазгайдуу тавин хуучин муу ногоон үүргэвчээ үүрэн ёжтой үгээр биднийг шоолон инээж дотносон ханддаг дүр сэтгэлд  улам тодрон одоо ч бидэнтэй хамт байх шиг санагддаг   билээ. Таны шавь, шавийн шавь нар чинь бүтээлээ туурвин туурвисаар л байна даа Дондог багш аа!

Зураач С.ТӨГС-ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж