Хүн төрөлхтөн адгууснаас ялгарч, сүргээрээ амьдарч эхлээд хүч бус ухаан, тоо бус чанар, ааш бус төлөвшил, өнөөдөр бус маргааш илүү үнэ цэнэтэй гэдгийг ойлгосон биз. Тиймээс хамтран амьдрах хэв маягийг нийгэм хэмээн нэрийдэж, нийтээрээ дагаж мөрдөх дүрэм журам, хууль тогтоомжтой болсон. Нийгэм дундаас овойж оцойсон бүхэн тэрхүү дүрэм журамд өөрчлөлт оруулдаг боловч нийтээр дагаж мөрдөхгүй л бол хэвшдэггүй жамтай. Хэний таалалд нийцэж байж “Монгол тулгатны 100 эрхэм”-ийн нэг болох нь тодорхойгүй цуврал нэвтрүүлгийн Д.Дагвадорж аваргатай дугаар хүн бүхэнд хүрчээ. Бал бурам амтагдтал магтаал урсгаж, бялуурмаар муухай долигносон төрх буурал зохиолчид зохисонгүй. Аса гавьяатай, шагналтай, алдар нэртэй, хийсэн юмтай хүн. Гэлээ гээд есөн ялыг нь хэлтрүүлэх шалтгаан өчүүхэн ч үгүй. Уур хилэнгээ даран байж хүний хайр хүндэтгэлийг хүлээхээс, дуртай үедээ таарсан болгоноо дэлсээд, нэвтрүүлэгт орж уйлж унжаад хайр хүндэтгэл хүлээх нь юу л бол. Яг өөрийг нь барьж зодоогүй л бол “Яадаг юм, ганц дэлсээ л биз” гэх хүн маш олон бий. Аугаа хүмүүн хүн зодож болно, би ч бас зодмоор байна гэж Б.Лхагвасүрэн хэлэх нь буурал будаач сахлаа будав гэгч боллоо. Харин ахмад хүний хувиар хатуухан үг хэлээд үнэрлэсэн бол аваргад ч хэрэгтэй, ард олонд ч тустай болох байлаа. Яруу найрагч “Сэтгүүлч нар ичээрэй” гэв. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн “Аса юм чинь хүн зод, зод” гэж долигнохоосоо ичээгүй байтал ард түмний сэтгүүлч хүн зодсон хүнийг хүн зодлоо гэж бичихээсээ ичих гэж үү?!
Эх сурвалж: “ҮНДЭСТНИЙ ТОЙМ” сэтгүүл
Холбоотой мэдээ