Есүй: Монгол гэдэг нэрээр овоглож байгаадаа баярладаг

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Есүй: Монгол гэдэг нэрээр овоглож байгаадаа баярладаг

-Цорын ганц эмэгтэй тулаанч нь шантарвал “fighting”-ийн ертөнцөөс Монгол хасагдана шүү дээ-

Япон улсад эх орныхоо нэрийг дуурсгаж яваа Монголын анхны бөгөөд цорын ганц эмэгтэй тулаанч Есүй буюу Э.Болормаатай уулзаж, ярилцлаа. Сэргэлэн хурц нүдтэй, энгийн хэрнээ ухаалаг яриатай, царайлаг энэ охинтой ярилцаж суухад зоригтой, дайчин гэмээр зан чанар байсхийгээд л цухалзах.

Эх орондоо ирээд хэдхэн хонож буй тэрбээр байгалийн гамшигт нэрвэгдсэн Японы иргэдэд туслахаар зориг шулуудан нэг сарын “Цаасан шувуу” хандивын аянг эхлүүлжээ. Тэрбээр 2007 оноос хойш Япон улсад “pro-wrestling” буюу нохой зодооноор хичээллэсэн юм. Харин өнгөрсөн жилээс дүрэмгүй зодоон гэгддэг “fighting” руу “урвасан” Э.Болормаа зохиож буй аяныхаа хуга­цаанд Монголдоо байх нь. Монгол орон даяар үр­гэлж­лэх “Цаасан шувуу” аяны хүрээнд Есүй мон­голчууддаа “Эх орны хишиг”-ийн 21 мянган төг­рөгөөсөө 1000 төгрөгийг Япончуудад хандивлахыг уриалж буй.

Үүний зэрэгцээгээр тэрбээр Монголд байх хугацаан­даа буюу дөрөвдүгээр сарын 29-нд нохой болон дүрэмгүй зодооны тулаан зохион байгуулахаар төлөвлөжээ. Уг тэмцээндээ Японоос “pro-wrestling” болон “fighting”-ийн нэг, нэг тамирчин урьж авчирч, Монгол Улсаа төлөөлөн тэдэнтэй нэг өдөр хоёр тулаан хийх ажээ.

Ингээд Есүйтэй хийсэн ярилцлагаа хүргэе.

-Есүй, ямар учраас энэ нэрийг сонгосон бэ?

-Японд очоод Болороо гэдэг нэрээрээ тулалдъя гэсэн ч япон хэлэнд “л” үсэг байхгүй болохоор миний нэр “Борормаа” болчихсон. Тэгээд л дэвжээний нэртэй болохоор шийдсэн. Угаасаа ч тамирчин болгон өөрийн гэсэн рингний нэртэй байдаг юм билээ. Миний хувьд “Монголын нууц товчоо”-ноос сонголтоо хийе гэж шийдсэн. “Монголын нууц товчоо”-ноос энэ нэрийг найз маань сонгож өгсөн юм.

-Бас жүдогоор барилддаг гэсэн  үү?

-Тийм ээ. Ер нь олон спортоор хичээллэсэн дээ. Жүдо, самбо, сумо, сагс, волейбол гээд…

-Ингэхэд Есүй хэдэн настай болохоороо ийм олон спортоор хичээллэчихдэг байна аа гэж манай уншигчид бодох байх л даа?

-Би 1985 онд төрсөн.

-Тэгвэл М.Бундмаа, П.Лхамдэгд нартай нэг үеийн жүдоч байж?

-Тийм ээ. Бид хэд яг нэг үеийнх. Бундаа бид хоёр сайн найз.

-Жүдогоо одоо бүр орхичихсон уу. Яагаад жүдогоороо үргэлжлүүлж барилдаагүй юм бэ?

-Их сургуульд ороод цаг зав муутай болоод л…

-Японд газар хөдлөхөд та тэнд байсан биз дээ?

-Тийм. Газар хөдлөлтийн үеэр үнэхээр эвгүй байсан шүү. Голомтоос хол Токиод байсан ч гэсэн дотор муухай оргитол чичирхийлж, ганхаж байсан. Япон улс манайд үргэлж тусалж, дэмжиж байдаг. Харин энэ хүнд хэцүү үед нь тэдэнд бага ч боловч тус болъё гэж зориод Монгол нутагтаа ирлээ. Тиймээс Японы ард иргэдэд туслах “Цаасан шувуу” хандивын нэг сарын аян өрнүүлж байна. Бас аяныхаа хажуугаар монголчууддаа өөрийгөө танилцуулъя, мэдүүлье гэж бодож байгаа/инээв/. Тиймээс л дөрөвдүгээр сарын 29-нд тоглолтоо хийхээр төлөвлөөд байна даа.

-Та монголчуудыг хандив өгөхийг уриалж байна. Энэ тоглолтыг бас л хандив цуглуулах үүднээс хийж байгаа гэж ойлгож болох уу?

-Тэгнэ. Тулаанаас олсон орлогын тодорхой хувийг япончуудад хандивлах юм.


-Тоглолт ямархуу байдлаар болох вэ. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юү?

-Би өмнө нь “pro-wrestling”-ээр хичээллэж байсан. Түүнийгээ нэг удаагийн үзүүлбэр хэлбэрээр монголчуудад таниулъя гэж бодсон.

-Жинхэнэ тулаан хийхгүй хэрэг үү?

-Мэдээж жинхэнэ “fighting” /тулаан/ хийнэ. Нэг өдөр хоёр тоглолт хийнэ гэсэн үг.

-Японоос тамирчин урина гэж байсан?

-Тийм ээ. “Fighting”-ийн нэг, “pro-wrestling”-ийн нэг тамирчин ирнэ. Харин би өөрөө ганцаараа.

-Тулаан хаана болох вэ?

-Одоогоор “Аса” циркт хийхээр төлөвлөөд бай­на.  Яг эцсийн байдлаар шийдээгүй байгаа л даа.

-Та аяныхаа хүрээнд саяхан М.Бундмаатай хамт Хүүхдийн хорих 411 дүгээр анги дээр очоод ирсэн. Өөр ямар ажил хийхээр төлөвлөөд байна?

-Монголчууд маань сар бүр “Эх орны хишиг” гээд 21 мянган төгрөг авдаг. Түүнээсээ 1000 төгрөгийг энэ хандивын аянд зориулахыг уриалж бай­гаа. Бид бас бямба, ням гаригт олон хүн цуг­ласан, хөл хөдөлгөөнтэй газруудаар явж, хандив цуг­луулна. Нэгдэхийг хүссэн хүмүүсийг ч бас урьж байна. Ингээд яриад байвал олон ажил бий. Товчхондоо, аян маань төрж өссөн Баян­гол дүүрэгтээ 108 ширхэг гүйлс мод тарьснаар өндөрлөнө.

-Есүй бол Монголын анхны бөгөөд цорын ганц эмэгтэй тулаанч шүү дээ. Үнэхээр зоригтой юм аа. Ер нь яаж яваад тулааны спортод “уруу татагдчихав аа”. Хүний зөвлөгөө юү, өөрийн сонголт уу, эсвэл багаасаа л хүсч, зорьсон мөрөөдөл үү?

-Японоос “pro-wrestling”-ийн багш Монголд ирээд сонгон шалгаруулалт хийсэн л дээ. Би тэр шалгаруулалтад тэнцээд Японд ганцаараа очиж тулалдахаар болсон юм. Тэгээд 2007 онд Японд очоод “pro-wrestling”-ээр гурван жил хичээллэсэн. Гэтэл өнгөрсөн жил хариуцаж байсан клуб маань татан буугдаад “pro-wrestling”-ээ орхичихоод байтал одоогийн “fighting”-ийн багш маань надтай уулзсан юм.

-Юу гэж?

-“Чи ер нь “fighting”-аар хичээллээд үзвэл яасан юм. Чамд боломж байна. Үзээд алдах­гүй юм уу” гэсэн санал тавь­сан л даа. Угаасаа миний дотор “fighting”-т хүч үзэх юмсан гэсэн далд мөрөөдөл байсан болохоор “Үзээд алдъя. Юунаас нь айх вэ” гээд л шийдсэн.

-Японд ер нь тэмцээн, урал­­даан нь ямархуу байд­­лаар бол­дог вэ. Нэг ту­лаан хэ­дий хуга­­­­­цаанд үр­­гэл­жил­­дэг, ямар дүрмээр тулалддаг гээд л?

-Тэмцээн болгон харилцан адилгүй л дээ. Тэмцээнээсээ шалтгаалж дүрэм нь өөрчлөгдөнө. Гурван минутаар гурван раунд, таван минутаар хоёр үе ч гэх юм уу. Ер нь л янз янз.

-Тэмцээний давтамж нь ямар байдаг вэ? Зөвхөн Япондоо тулалдах  уу, эсвэл ийш тийшээ явж, тэмцээнд оролцох уу?

-Би одоогоор гадагшаа явж, тулалдаж үзээгүй. Ер нь бол явна. “Pro-wrestling”-тэй харьцуулахад “fighting”-ийн тулаан харьцангуй хол зайтай болдог юм билээ. Тулааны үеэр хүнд бэртэл авах нь элбэг. Тиймээс бэртэл авсан тамирчинд эдгэрэх хугацаа хэрэгтэй. Энэ мэт шалтгаанаар хоорондоо зайтай болдог. Харин “pro-wrestling” бол долоо хоног бүр тулалдана. Би л гэхэд гурван жилийн дотор 100 гаруй тулаанд оролцсон байна. Харин “fighting”-аар хичээллэх болсоор нэг жилийн нүүр үзлээ. Энэ хугацаанд дөрвөн тулаан хийсэн. Улиралд нэг тулаан гэх юм уу даа. Анхныхаа тулаанд ялагдаж, үлдсэн гуравт нь ялсан амжилттай.

-Жингийн ангилал гэж байх уу?

-Өмнө нь тулалдаж байсан “pro-wrestling”-т бол жин хамаардаггүй. Харин “fighting” жингийн ангилалтай. Миний хувьд жин 60-61 килограммын хооронд л хэлбэлзэж байна даа. Тиймээс энэ жиндээ л тоглодог гэсэн үг.

-Японд танаас өөр гадны тамирчид хэр их байдаг вэ?

-Гадны тамирчдыг тулаанд дуудаж, урилгаар тэмцээнд оролцуулдаг. Яг Японд суурин байж, “fighting”-аар хичээллэж байгаа гадны тамирчин бол ховор.

-Японд одоо ямар клубт харьяалагддаг вэ?

-“Шожи Акира” гээд манай багшийн нэрээр нэрлэгдсэн клуб бий.

-Нэг клубт хичнээн тамирчин байдаг юм бэ. Жишээ нь танайд?

-Манайх арваад тамирчинтай. Есөн залуу, нэг охин.

-Тэр охин нь та юу?

-Мэдэхгүй, нэг монгол охин л байна лээ /инээв/.

-Японд хэнтэй амьдардаг вэ?

-Ганцаараа л.

-Аав ээж, гэр бүлийнхэн нь охиноо ганцааранг нь Япон явуулчихсан юм уу. Ингэхэд Болороо айлын хэд дэх хүүхэд вэ?

-Гурав дахь нь. Дээрээ ах, эгчтэй. Доороо гурван дүүтэй.

-Ах чинь сонгосон спортод чинь хэр нийцтэй хандах вэ. Охин дүүгээ тулаанч болчихоор санаа нь зовдог л байх даа, хүний ах болсон хойно?

-Манай ах цагдаа.

-Цагдаа гэхээр дэмждэг гэсэн үг үү?

-Манайхан ер нь цэрэг, цагдаагийнхан шүү дээ. Аав маань цэргийн хүн. Би бас Хилийн цэргийн дээд сургууль төгссөн. Манай ах цагдаа гээд хүчний байгууллагын нөхдүүд л нэг гэрт цугларчихаад байгаа юм даа/инээв/.

-Эмэгтэй хүн харь газар ганцаараа, тэгээд тулааны спортоор хичээллэх мэдээж хүнд байх. Бэртэж гэмтэхээс эхлээд л. Би лав айна аа?

-Бэртэж гэмтэх магадлал асар өндөр. Хэцүү, шантармаар үе угаасаа олон. Гэхдээ би чинь Монголын цорын ганц эмэгтэй тулаанч. Хэрэв шантраад больчихвол Монгол гэдэг улс орон “fighting”-ийн ертөнцөөс байхгүй болчих учраас дотроо үргэлж бодож, “Би монгол хүн. Би чадна. Би үүнийг давна” гэж л зоригоо чангалж, өөрийгөө хурцалдаг.

-Сонирхогчдын бокс, мэргэжлийн бокс ч юм уу, тулааны өөр төрлөөр хичээллэе гэж бодож байв уу?

-Мэдэхгүй ээ, би ер нь яаж яваад тулаанч болчихсон юм.

-Мэдэхгүй. Харин танаас л асуумаар байна?

-Заримдаа өөрийгөө гайхдаг шүү. Гэхдээ залуу хүн, санаж явахад болно биз дээ. Хүнд, хэцүү үе бишгүй л гардаг. Хүний газар өөрөө өөрийгөө спонсорлоод, тулалдаад, зодолдоод яваад байдаг. Гэтэл эх орон нь, ард түмэн нь мэддэг ч үгүй. Заримдаа ч бүр больдог юм бил үү гээд гутардаг л юм. “Яг юуны төлөө ингэж яваад байгаа юм” гэж бодогдох үе байсан. Гэхдээ үүнээс илүү өөрийгөө зоригжуулж, чангалж явдаг даа.

-Ер нь тулааны спортоор хичээллэхэд нас хэр нөлөөлөх вэ. Насны хязгаар гэж бий юу. Байдаг бол дээд тал нь хэдэн настай хичээллэх боломжтой бол?

-“Pro-wrestling”-т 50-тай авгай үзэлцээд л явж байна лээ. Жинхэнэ “fighting” дээд нь 35-36 настай. Түүнээс дээш гэхээр хэцүү л дээ.

-Сүүлийн үед “Дэлхийн монгол” гэж их ярьдаг болсон. Хүний газар эх орныхоо нэрийг гаргаж яваа салбар, салбарын шилдгүүдийн нэг нь та ч бас мөн. Харь газар, арлын Япон орны рингэнд Монгол Улсаараа овоглож, нэрээ дуудуулна гэдэг сайхан хэрэг?

-Тулааны өмнө Монгол гэдэг нэрээр зарлагдаж, үзэгчдийн дунд байгаа найзууд маань Монгол Улсынхаа төрийн далбааг бариад л уухайлж суудаг. Үнэхээр сайхан мэдрэмж шүү.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж