СЕХ-ны шийдвэр бол эцсийн шийдвэр гэлээ

Хуучирсан мэдээ: 2012.10.16-нд нийтлэгдсэн

СЕХ-ны шийдвэр бол эцсийн шийдвэр гэлээ

УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог буюу Өвөрхангай аймгийн хоёр мандатын маргааны асуудлаар Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр албан ёсны шийдвэрээ гаргалаа. СЕХ-ноос УИХ-ын сонгуулиар Өвөрхангай аймгаас өрсөлдсөн МАН-аас нэр дэвшигч Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэн, УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг нь хураан авч, оронд нь АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тангараг өргүүлэхээр болов. 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48,2 дахь хэсэг, 49 дугээр зүйлийн 49,3 Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12,3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос 148 тоот тогтоол гаргасныг өнөө орой 20.00 цагийн орчим УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүллээ. УИХ-ын сонгуулийн 10-р тойрогт нийт сонгогчдын 40,39 хувийн санал авсан Г.Батхүү, 34,02 хувийн санал авсан Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, ийнхүү УИХ-д өргөн мэдүүлсэн байна.

Өнгөрөгч долоо хоногт Өвөрхангай аймгийн сонгуулийн 10 дугаар тойргийн хорооноос МАН-ын нэр дэвшигчид сонгуулийн явцад насанд хүрээгүй хүүхдийг сонгуульд татан оролцуулж хууль зөрчсөн гэдгийг тогтоосон боловч нэр дэвшигчдийг нэрсийн жагсаалтаас хасч, хариуцлага хүлээлгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Үүнийг нь Өвөрхангай аймгийн сум дундын шүүх захирамж гарган баталгаажуулсан байна.

Дээрх баримтад тулгуурлан СЕХ-оос УИХ-ын сонгуулийн Өвөрхангай аймгийн 10 дугаар тойргийн хорооны сонгуулийн санал хураалтын дараа гаргасан хууль бус шийдвэрийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцээд, хуулийн хүрээнд шийдвэрээ гаргажээ. 

Ийнхүү удтал дуншсан Өвөрхангай аймгийн сонгуулийн маргааныг эцэслэн шийдвэрлэлээ. Монгол Улсын СЕХ-ны шийдвэр бол эцсийн шийдвэр. Гэтэл МАН-ын удирдлагууд болон тус намаас УИХ-д сонгогдсон гишүүд СЕХ-ны шийдвэрт нөлөөлөх гэж оролдсон. СЕХ-ны шийдвэрийг улстөржүүлэх, тэр тусмаа аль нэг нам, хувь хүн үгүйсгэх нь байж боломгүй асуудал гэж улс төрийн хурээнийхэн узэж байгаа  юм.

 СЕХ Өвөрхангай аймгийн сонгуулийн тойргийн хороо болон тус аймгийн шүүхийн шийдвэрт тулгуурлан хуулийн хүрээнд эцсийн шийдвэрээ гаргасан. Өмнө нь УИХ-ын сонгуулийн Өвөрхангай дахь 10 дугаар тойрогт нэр дэвшин өрсөлдөгчдийн маргааныг иргэний харьяаллын дагуу нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүх шийдвэрлэсэн байдаг. Үүнийг шүүх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэсэн ч хариуцагч тал буюу С.Чинзориг, Н.Төмөрхүү нар эсэргүүцэж, Нийслэлийн шүүхэд давж заалдсан билээ. Нийслэлийн шүүх эл маргааныг хэлэлцээд, маргааныг эхлээд Өвөрхангай аймгийн цагдаа, шүүхийн байгууллага шалган тогтоох ёстой гэж шийдвэрлэсний дагуу Өвөрхангай аймгийн шүүхээс эцсийн шийдвэр гаргажээ. Түүнчлэн Өвөрхангай аймгийн цагдаагийн байгууллага МАН-аас УИХ-д нэр дэвшин өрсөлдсөн С.Чинзориг, Н.Төмөрхүү нарт сонгуулийн сурталчилгааны үеэр мөнгө, эд бараа тараасан асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.

                              Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж