Хэнтий аймагт нэр дэвшигчид тодорчээ

Хуучирсан мэдээ: 2012.10.16-нд нийтлэгдсэн

Хэнтий аймагт нэр дэвшигчид тодорчээ

Хэнтий аймагт аймаг, сум дүүргийн ИТХ-ын сонгуульд МАН, АН, МАХН, ИЗНН, МҮАН оролцохоор батламжаа гардан авсан ч нэр дэвшүүлэх журмын дагуу гурван нам болон бие даагчид сонгуульд өрсөлдөхөөр болжээ.

МАН бүх сумын хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн бол АН Өмнөдэлгэрээс бусад суманд сонгуульд оролцох ажээ. МАХН 10, ИЗНН долоо, МҮАН нэг суманд оролцохоор бүртгүүлжээ. Гэвч аймгийн Сонгуулийн хороо аймгийн ИТХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшүүлэхээр хүсэлтээ ирүүлсэн аймгийн намуудын болон бие даан нэр дэвшигчдийн баримт бичгийг нягтлан шалгаад МАН-ын 38, АН-ын 38, ИЗНН-ын 5, бие даагч 1 нэр дэвшигчийг сонгуульд өрсөлдүүлэхээр бүртгэж авсан байна. Хэнтий аймгийн хурал 39 суудалтай ч гол хоёр намаас нэг нэг суудал дутуу бүртгүүлжээ.

Аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхээр хүсэлтээ ирүүлсэн ИЗНН-ын нэр дэвшигч Г.Батболд, Д.Батболд, Ж.Өлзийжаргал, Б.Жамсранжав, Д.Наранцэцэг, АН-ын нэр дэвшигч Р.Эрдэнэбилэг, МАН-аас нэр дэвшигч Д.Ариунболд, Норовлин суманд бие даан нэр дэвшигч Б.Даваасүрэн, Дадал суманд бие даан нэр дэвшигч Ц.Сүхболд нарын баримт бичгийг аймгийн сонгуулийн хороо нягтлан шалгаад бүртгэхээс татгалзсан тогтоол гаргасан байна.

Аймгийн сонгуулийн хороонд аймгийн МҮАН-ын хорооноос “Сонгуульд нэр дэвшүүлэхээс татгалзсан тухай” албан бичиг ирүүлжээ. Уг албан бичигт, “2012 оны аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх тухай аймгийн МҮАН-ын хороо хуралдаад улс төрийн шинэ нөхцөл үүссэнийг харгалзан дүгнээд “намаас нэр дэвшүүлэхгүй” байхаар шийдвэрлэсэн болно. Дарга Н.Санжаадорж” гэсэн бол аймгийн МАХН-ын мянгатаас мөн албан бичгээр тайлбар ирүүлжээ. Үүндээ, “2012 оны аймаг, сум, дүүргийн ИТХ-ыг сонгох сонгуульд нэр дэвшүүлэх үйл ажиллагааны явцад МАХН-ын удирдах албан тушаалтан бид хариуцлагагүй хандсаны улмаас нэр дэвшигчдийн материалыг хуулийн хугацаанаас долоо минут хоцроосон бөгөөд аймгийн сонгуулийн хорооноос буруу ташаа мэдээлэл өгөөгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье. МАХН-ын гишүүдийн зүгээс боломж бололцоо байвал манай намын нэр дэвшигчдийг сонгуульд оролцуулж өгөхийг хүсье. Та бүхний ажилд амжилт хүсье. МАХН-ын мянгатын дарга Д.Дангаасүрэн” гэжээ.

Ийнхүү Хэнтий аймагт орон нутгийн сонгуульд өрсөлдөх намууд болон аймгийн ИТХ-д нэр дэвшигчид хуулийн хугацаандаа тодроод байна. Өмнөдэлгэр сумын ИТХ-д ганц МАН өрсөлдөгчгүйгээр сонгуульд оролцохоор болжээ. АН сонгуульд оролцох хүсэлтээ хуулийн дагуу тогтоолоор бус албан тоотоор гаргаж ирүүлсэн нь сонгуулиас хасагдах шалтгаан болсон аж.

Б.АРВИЖИХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж