“Монголын гайхамшигт брэндүүд”-ийг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

“Монголын гайхамшигт брэндүүд”-ийг танилцуулав

“Маш нууц” сониныг үүсгэн байгуулагч, “Шилдэг ном” цувралыг эрхлэн гаргагч, зохиолч, орчуулагч О.Чинбаяр энэ удаад уншигчдын гар дээр “Монголын гайхамшигт брэндүүд” өргөн барилаа. Тэрбээр өмнө нь Ж.Жойсийн “Үлисс” роман, “Дублинчууд” өгүүллэгийн түүвэр, О.Уайльдын “Дориан Грейн хөрөг”, Ф.Кафкагийн “Шүүх ажиллагаа”, Дээрхийн Гэгээн XIV Далай лам Данзанжамцын “Шилмэл бүтээлүүд”, “Сонгомол бүтээлүүд”-ийг эх хэлнээ орчуулан уншигчдын хүртээл болгосон. Харин энэ удаад “Маш нууц” сонины ерөнхий эрхлэгч, сэтгүүлч, орчуулагч О.Чинзориг, тус сонины сэтгүүлч Т.Батнасан нартай хамтран “Монголын шилдэг брэндүүд”-ийг танилцуулав. 

Зохиолч, орчуулагч О.Чинбаярын эрхлэн гаргадаг “Шилдэг ном” цувралын 10 жилийн ой энэ намар тохиож байгаа аж. Орчуулгийн багынхан өнгөрсөн арван жилийн хугацаанд гүн ухаан, уран зохиолын болон бизнесийн шилдэг номнуудыг эх хэлнээ орчуулан гаргажээ. Тэд энэхүү туршлага дээрээ үндэслээд өнгөрсөн онд “Дэлхийн гайхамшигт брэндүүд” номыг орчуулан гаргасан. Үүнээс улбаалаад “Яагаад Монгол брэндээ сурталчилсан, залуучуудад таниулсан ийм ном байдаггүй юм бэ” гэсэн санаа төрж, энэхүү номоо бүтээжээ.  “Монголын гайхамшигт брэндүүд” номын зургаан бүлэгт Монголын 38 брэндийг танилцуулж буй. Брэндүүдийг сонгохдоо олон талаас нь бодож, боловсруулан “Монгол гайхамшиг” гэсэн шалгуурыг голчлон тавьсан байна.
Эл номынхоо хамгийн эхний брэнд буюу “Монгол түмний бахархал болсон брэнд”-ээр  Монголчуудын түүх, соёл, шашны  бэлгэдэл, бахархал болсон түүхэн урлагийн бүтээл Мэгжид Жанрайсиг бурхныг залан, дараа нь Их эзэн Чингис хааны үйл хэргийг сурталчилж байгаа “Жэнко тур”-ын хамт олны Цонжин болдогт босгосон “Чингис хааны морьт хөшөө” цогцолборыг “Аялал жуулчлалын гайхамшигт брэнд”-ээр онцолсон байна.
Мөн Монголын ууган болон шинэ залуу гарч ирж байгаа тав зургаан настай хэдий ч хөл дээрээ баттай зогсч чадсан компаниудыг сорчилж нэрлэсэн байна.
“Энэ номд ямарваа нэгэн компани юм уу брэндийг дөвийлгөж сайн муугаар бичихийг зорилгоо болгоогүй, хамгийн гол нь хэвлэл мэдээлэл дээр тулгуурлан уншигчдад маш зөв мэдээллийг өгөх үүргээ биелүүлсэн” гэж тус номыг эрхлэн гаргасан багийнхан ярьсан юм. Мөн “Аливаа байгууллага, компанийн түүхэн ойд зориулан ном гаргадгаас биш нэг дор ийнхүү багцалсан гэрэл гэгээтэй, мэдээлэл бүхий танин мэдэхүйн ном XXI  зууны эхний арван жилд анх удаа гарч байгаагаараа онцлог юм” гэж тэд тодотгож байлаа.

A.БАРС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж