“Хязгааргүй” мюзиклийн хязгааргүй орчин

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

“Хязгааргүй” мюзиклийн хязгааргүй орчин

Төв аймгийн “Монгол туургатан” театрын “Хязгааргүй” мюзикл энэ жилийн “Гэгээн Муза” наадмын гялалзсан тод од болж, долоон цомыг хүртлээ. Наадмын мюзиклийн төрөлд өрсөлдөж буй дөрвөн бүтээлийг наадмын өмнө Улсын драмын эрд-мийн театрт толилуулсан. Харин “Хязгаар-гүй” яагаад ингэж бусдаас гоц цойлон долоогийн долоон шагналыг хүртэв гэдэг асуулт сонирхолтой байв уу.

Тэгвэл эхлээд уг мюзиклийг товчхон танилцуулья. “Хязгааргүй”  Монголд анх удаа тавигдаж буй моно опера төрлийн дуулалт жүжиг гэдгээрээ үзэгчдийн сонирхлыг ихэд татсан юм. Өмнө нь “Гэгээн Муза” наадамд мюзикл бүтээлүүд өрсөлдөж байсан ч “Хязгааргүй” ганц хүний дуулалт жүжиг гэдгээрээ өвөрмөц байлаа. “Хязгааргүй” мюзикл эрэмдэг төрхтэй шөнийн хүн, түүний найз хэлгүй бүсгүй гэсэн хоёрхон дүртэй. Жүжгийн өмнө миний олж мэдсэн зүйл бол ердөө л энэ байлаа. Харин яг “амьдаар” нь үзсэний дараа яагаад ийн од болон гялалзсан учрыг ойлгож болох учраас жүжиг үзсэн сэтгэгдлээсээ хуваалцъя.
Хөшиг нээгдэн мюзикл эхлэхэд харанхуйг улам бүр бүдийлгэх мэт хүчтэй хэмнэл бүхий гунигт ая эгшиглэнэ. Бүүдгэр гэрэлд хүний толгой хэлбэртэй сонин байшин дундуураа нээгдэн улаан гэрэл ёлтойно. Энэ бол хүүхэд байхаасаа л нийгмээс гадуурхагдан эрэмдэг төрхөө бусдын нүднээс халхалж баг зүүсэн шөнийн хүний байшин байлаа. Тэрбээр зөвхөн шөнө л байшингаасаа гаран сийрсэн тортой хашаандаа сэтгэлийн гунигаа дуулна. Хүн бүр түүнийг шоолон зэвүүцэж гадуурхдаг байсан ч нэг охин л бусдаас илүү ойлгон аймшгийн оромжид нь үлджээ. Бүсгүй дэндүү үзэсгэлэнтэй ч төрөлхийн хэлгүй. Эрэмдэг залуугийн сэтгэлээ нээн ярьдаг ганц гадаад ертөнц нь энэ бүсгүй. Даанч хариу эс хэлнэ. Залуу нүүрнийхээ талыг халхалсан багаа байнга өмсөнө. Үргэлж дэргэд нь байдаг бүсгүйгээс ч зэрэмдэг төрхөө нуун ойртох бүрт нь хажиглан үнэн төрхийг нь хараад орхин явах вий хэмээн эмээнэ.
Мюзиклд дуучин П.Бат-Ундрах үнэхээр гайхалтай дуулж, дүрээ тайзнаа чадварлаг амьдруулсан. Түүний гайхалтай цараатай хоолой танхимд цуурайтаж үзэгчид нам гүм, дараа нь юу болох бол, яаж үргэлжлэх бол хэмээн амьсгаа даран чагнана. Төв аймгийн “Монгол туургатан” теат-рын урилгаар “Voice” хамтлагийн дуучин Д.Отгонжаргал  ч дүрээ гай-халтай сайхан бүтээсэн. Залуу уран бүтээлчдийн анх удаа тоглож буй бүрэн хэмжээний мюзикл нь байсан ч тэд гайхалтай хоршин үзэгчдийг байлдан дагуулсан билээ.

Эцгийнхээ нэрийг ч мэдэхгүй, эхийнхээ ангир уургийг ч хөхөж өсөөгүй шөнийн хүний гунигт тавилан, тарчлаант аялгуу харанхуйд уусан сэтгэл эмзэглүүлнэ. Түүнийг аргадан гүйх бүсгүй гэнэт сайхан аялгууг уянгалуулна. Гуниг сэтлэн цуурайтах энэ л аялгуу шөнийн хүний царайд баяр тодруулна. Гэвч бүсгүй хэл ордоггүй. Хоолойноос нь зөвхөн үггүй аялгуу л эгшиглэнэ. Гунигийг нь үргээн эгшиглэх тэр бүсгүйн намуу-хан цээл хоолой орчныг сэрээн гэрэлтүүлэх мэт байлаа. Бүсгүй улам бүр шөнийн хүнд татагдан түүний талаар илүү ихийг мэдэхийг хүснэ. Хором ч өөрөөсөө салгадаггүй энэхүү багны цаана юу нуугдаж байгааг харах гэж үргэлж тэмүүлдэг. Шөнийн хүнийг унтаж байхад нь бүсгүй багыг нь аван царайг нь харан цочирддог. Нүүрнийх нь талыг халхлан байгаа зэрэмдэг төрх шөнийн харанхуйд аймшигтай харагдана. Бүсгүй яаран гүйж байшинд орон улаан даавуугаар тагласан хөрөг зургийн бүтээлгийг хуултал гэр бүлийн хөрөг зурайна. Эцэг эхтэйгээ авахуулсан шөнийн хүний гэр бүлийн хөрөг. Эцэг нь эрэмдэг төрхтэй байсан нь хүүд удамшин үлджээ. Бүсгүй юунд ч юм бэ яаран тэндээс гүйн одно. Шөнийн хүн сэрэн нүүрэнд нь өнөөх өчнөөн жил зүүлттэй байсан багаа байхгүйг мэдэн ихэд цочирдоно. Бүсгүй энэ бүхнийг хийснийг ухааран түүнийг үзэн ядах гэвч хайртай байж гэдгээ дэндүү хожуу ухаарна. Сэтгэлээр унан гунигт автан бор дарсаар уйтгараа сэргээвч ахиж түүнийг харахгүй гэхээр байж ядан бачуурна. Шөнийн хүн энэ олон жилийн дараа анх удаа өнөөх торон хашаа, өгөрсөн аймшигт байшингаа орхин гадаад ертөнц рүү хайртай бүсгүйгээ хайн сэтгэлээ илчлэхээр шийдэн гаран одно. Тэнгэр харанхуйлан бороо цутгасан таагүй өдөр байлаа. Бүсгүйг эрэн усан бороон дунд шөнийн хүн уул талаар бүдчин гүйнэ.

Мюзиклийн бас нэг онцлог нь тайз засал, шийдлийг өмнө нь байгаагүй содон өвөрмөцөөр харуулсан юм. Видео дүрслэлийн тусламжтайгаар жүжигчид яг л бодит дүрслэл дунд мэт уусан харагдаж байлаа. Тэнгэрт аянга цахин ширүүн бороо шаагихад хайртаа хайн яваа шөнийн хүн, бороон дунд зогсох бүсгүй, түүний гар дээр бороон дуслууд шаагин буух гээд л тайзнаа тэр л орчинг бүрдүүлсэн мэт нийлэн харагдаж байлаа. Шөнийн хүн бүсгүйг олон түүнд хайр сэтгэлээ илчилдэг ч өнөөх эрэмдэг төрх нь залууг зовооно. Гэвч тэд хайр сэтгэлийн хүчээр энэ бүхнийг даван туулдаг. Хайр сэтгэл л хязгааргүй, хайрын хүч хязгааргүй гэдгийг энэхүү дуулалт жүжиг харуулдаг.
Энэ удаагийн “Гэгээн муза” наадмын дуулалт жүжгийн төрөлд мэргэжлийн дуучид жүжигт тоглон ур чадвараа сорьсон юм. Өмнөх жилүүдэд театрын жүжигчид энэ төрөлд өрсөлддөг байсан ч энэ жил мэргэжлийн цар хүрээний хувьд өрсөлдөөн ширүүхэн болсон.

“Хязгааргүй”-н бас нэг өрсөлдөгч нь Завхан аймгийн хөгжимт драмын театрынхны бүтээсэн “Учир-тай гурван толгой” дуулалт жүжиг байсан. Яагаад ч юм бэ, Улсын драмын эрдмийн театрын тайзнаа “Учиртай гурван толгой”-г тоглоход жүжигчдийн дуу хоолой нэг л бүдэгхэн сонсогдоод байсан. Харин “Хязгааргүй”-н дуулал болгон ца-раатай, чанга сонсогдож байсантай харьцуулахад уран бүтээлчдийнх нь чадвар ялгаатай байсан юм болов уу гэсэн бодол төрж байлаа. Нэг л тайзан дээр амилуулсан дуулалт жүжгүүд өөр хоорондоо нэлээд ялгаатай байлаа.
“Хязгааргүй” мюзикл “Гэгээн Муза 2010” наадмын “Хөгжимт жүжгийн төрөл”-д өрсөлдөн “Шилдэг жүжгийн зохиолч”-д тус жүжгийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Ганхуяг, “Шилдэг найруулагч”-д ерөнхий найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Ганхуяг, “Шилдэг шилдэг зураач”-д зураач Д.Ариунболд, “Шилдэг эрэгтэй гол дүрд”-д шөнийн хүний дүрээр жү-жигчин П.Бат-Ундрах, “Шилдэг эмэгтэй гол дүр”-д бүсгүйн дүрээр жүжигчин Д.Отгонжаргал, “Шилдэг хөгжмийн зохиолч”-д хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр нар тус тус “Гэгээн Муза” алтан цомын эзэн болон манлайлсан юм. Өрсөлдсөн бусад уран бүтээлчдэдээ орон зай үл үлдээн энэ төрөлдөө хязгааргүй Музагийн эзэд болсон Төв аймгийн “Монгол туургатан” театрын уран бүтээлчид “Гэгээн Муза 2010” наадмын тэргүүн дээд шагнал болох гранпригаас гадна зургаан цом гардан шагналын хур буулган одтой байлаа.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж