МАН ”Шударга ёс” эвсэлтэй хамтарна

Хуучирсан мэдээ: 2012.09.05-нд нийтлэгдсэн

МАН ”Шударга ёс” эвсэлтэй хамтарна

УИХ-ын ээлжит бус чуулганы
өчигдрийн  хуралдаанаар Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийн 
анхны хэлэлцүүлгийг дэмжиж, Төрийн байгуулалтын байнгын хороонд
шилжүүлсэн. Орон нутгийн сонгуулийн хуулийн төсөлд зарчмын хувьд
хэлэлцэх ёстой асуудлууд олон бий гэж УИХ-ын гишүүд үзэж буй. Зарим
гишүүдийн байр суурийг сонслоо.

Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: Анхны төслийг дэмжиж байгаа

-Ардчилсан
намын бүлгээс Орон нутгийн сонгуулийн хуулийн анх оруулж ирсэн төслийг
дэмжиж байгаа, цаашид ч дэмжих байр сууриа илэрхийлсэн байгаа. Бусад
намын зүгээс орон нутгийн төлөөллийг өөрсдөө сонгох, тухайлбал, сумын
сонгуулийг намын жагсаалтаар явуулах гэж байгаа нь улстөржсөн асуудал
гэх шүүмжлэл гараад байгаа. Гэвч Орон нутгийн сонгууль Үндсэн хуулийн
дагуух зарчмаар явагдана. Манай намын хэсэг гишүүд Үндсэн хуульд
өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсан байгаа. Үүнийг бусад
намууд ч мөн дэмжихийг хүсч байна. Энэ хуулийн төсөлд Засаг даргыг орон
нутгаас нь сонгох зэрэг заалтууд бий. Энэ хуулийн төслийг дэмжээд явбал
Орон нутгийн сонгууль зарчмын дагуу явагдана. Ардчилсан намын зүгээс
хуулийг төслийг дэмжиж, дараагийн шатны байгууллагад нь шилжүүлэн,
батлуулах хүсэлтэй байгаа. Ингэж байж Орон нутгийн сонгууль хугацаандаа
явна.

“Шудараг ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг: Бүлгээр хэлэлцэж байна

-Эвслийн
гишүүд суманд жагсаалт байх эсэх, иргэд өөрсдөө Засаг даргаа сонгох
эсэх, иргэний үүрэг буюу сонгууль өгөөгүй бол төрийн албанд оруулахгүй
байх гэсэн гол заалтууд дээр хэлэлцэж байгаа. Ер нь бол хуулийг яаж
баталснаас Монголын төрийн дунд шатны бэхжилт, төсвийн оновчтой зөв
хуваарилалт, орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэх ажлыг хурдан
шуурхай зохион байгуулахтай холбоотой гээд олон зүйл шалтгаална. Энэ
үүднээс бид аймаг, сум, дүүргийн иргэдийн хурлыг зохион байгуулахдаа
намын оролцоог илүү түлхүү болгосон энэ концепц ер нь зөв үү, буруу юу
гэдэг дээр эргэлзэж байгаа. Тиймээс үүнийг бүлгийн хуралдаанаар ярилцах
шаардлагатай гэж үзэж байгаа юм. Ялангуяа 340 орчим сумын 300 орчим нь
хүн амын хувьд бага, жижиг. Сумын иргэд ихэнхи нь мал аж ахуй эрхэлдэг,
аж ахуйн соёлыг авч үзэхэд иргэд өөрийн оролцоогоор, өөрийнхөө үүсгэл
санаачлагаар зохион байгуулаад явуулах бүрэн бололцоо байгаа юм. Заавал
улс төрийн намын үүрэг нэмэгдүүлэх тийм ч зохистой биш болов уу гэж
бодож байгаа юм. Өөрөөр хэлбэл, намын жагсаалтаар нэр дэвшүүлэх нь сумын
хувьд байж болох зүйл мөн үү гэдгийг эргэн харах шаардлагатай. Одоогоор
бүлгийн хуралдаанаар саналаа хэлж хэлэлцэж байна.

Н.Энхболд: “Шударга ёс” эвсэлтэй хамтарна


-Орон
нутгийн сонгуулийн хуу­лийн төслийн ажлын хэсэгт танай намаас таван
гишүүн ажил­­­лаж буй. Энэ хуулийн төсөл дээр ямар байр суурьтай байгаа
вэ?

-Орон
нутгийн сонгууль гэхээсээ илүү орон нутгийн өөрөө удирдах байгууллага
гэж ойлгох нь зүйтэй. Тиймээс бид нар энэ өнцгөөс нь хандаж байгаа.
Нутгийн өөрөө удирдах байгууллагыг улс төрөөс ангид байлгах, өөрийнхөө
асуудлыг өөсрдөө шийддэг байх ёстой гэж үзэж байгаа. Энэ хуулиар орон
нутаг улс төрөөс илүү их хамаарахаар байгааг нь дэмжих боломжгүй гэж
үзээд байгаа юм. УИХ бол төрийн бодлого боловсруулдаг, үйл ажиллагаа
явуулдаг намууд өөрсдийн  бодлогыг тусгаж байх ёстой. Орон нутагт, 
ялангуяа сумдад сүүлийн 20 жил бидний мэдэрсэн сургамж бол унитар төртэй
Монгол Улсын хувьд төрийн нэгдсэн бодлого чухал гэдгийг мэдэж авсан.
Орон нутаг намын хараат байх хэрэггүй гэдгийг өнгөрсөн туршлагаас харж
болохоор байна. Зарчмын зөрүүтэй олон асуудлууд байгаа. Тухайлбал,
хугацааны хувьд арваннэгдүгээр сард гэдэг бол ирц буурах нэг шалтгаан
болно, ялангуяа хөдөө. Үүнийг зориудаар хугацааг нь хойшлуулж байна гэж
ойлгож байна. УИХ-ын сонгуулиар МАН хөдөө орон нутагт олонхийн санал
авснаас болгоомжилж ийм хугацаа тогтоож байна гэж харж байгаа. Сүүлийн
жилүүдэд Орон нутгийн сонгуулийн ирц жилээс жилд буурч байгаа. Одоо
мөрдөж байгаа хуулиар бол Орон нутгийн сонгууль 50-аас дээш хувийн
ирцтэй байж саналыг хүчинтэйд тооцно гэж байгаа. Хэрэв ирц хүрэхгүй,
дахин санал хураах ажил гарвал хариуцлагыг нь хэн хүлээх вэ гэдэг
асуудал гарч ирж байгаа юм. Тиймээс бид ийм хариуцлагагүй зүйлд
оролцохыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн. Хугацааны асуудлыг автомат
машинтай холбож тайлбарлаж байна. Автомат сонгуулийн хуульд сонгууль
бүрийг автоматаар явуулах эсэхээ тухайн сонгуулийн үед нь шийдвэрлээд
явна гэсэн байгаа. Заавал автоматаар явуулах шаардлагагүй гэсэн байр
суурьтай байгаа. Мөн Үндсэн хуулиас давсан үүргийг иргэдэд олгох гээд
байгаа. Энэ мэт зарчмын зөрүүтэй  асуудал олон бий.

-Үндсэн хуулиас давсан гэхээс илүү иргэний хариуцлага талаас нь харах хүмүүс олон байна?

-Энгийнээр
ойлгоход хэрэв та сонгуульд оролцохгүй бол төрийн албанд оруулахгүй.
Сонгууль өгөөгүй хүнээс яагаад сонгуульд ороогүй, бүр цаашилбал яагаад
манай намын төлөө саналаа өгөөгүй юм бэ гэж асуух нь л дээ. Ийм нөхцөл
байдал руу түлхэж байна. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон сонгох,
сонгогдох эрхийг нь боож байгаа юм.

-Танай нам Орон нутгийн сонгуулийн хуулийн төсөл дээр “Шударга ёс” эвсэлтэй хамтран ажиллах гэж байгаа гэсэн?

-“Шударга
ёс” эвсэл  Орон нутгийн сонгуулийн хуулийн төслийн концепцтэй холбоотой
зарчмын зөрүүтэй асуудал дээр манай намтай ижил байр суурьтай байгаа юм
билээ. Тиймээс манай хоёр намын бүлгээс ажлын хэсэг гарч ажиллана.
Өнгөрсөн даваа гаригт ажлын хэсэг хуралдах байсан ч тус эвсэл намын
бүлэг дотроо ярилцах асуудал байгаа учраас түр хойшлоод байна. Манай
намын ажлын хэсэг бэлэн байгаа.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж