Санал өгөөгүй иргэнийг яах вэ?

Хуучирсан мэдээ: 2012.08.30-нд нийтлэгдсэн

Санал өгөөгүй иргэнийг яах вэ?

Орон нутгийн сонгуулийн хуулийн
төслийн хэлэлцүүлэг УИХ дээр үргэлжилж байна. Удахгүй болох орон нутгийн
сонгууль ямар хуулийн хүрээнд болохыг хэлэлцэж байна. Энэ үеэр
сонгуульд ирж саналаа өгөөгүй иргэнд тодорхой хариуцлага хүлээлгэх тухай
заалт орж ирсэн бөгөөд МАН болоод Ардчилсан намын гишүүд үүн дээр эсрэг
байр суурийг илэрхийлж байна.

Н.Энхболд: АЖИЛГҮЙ БОЛГОНО ГЭСЭН ХАРГИС ЗААЛТ ОРУУЛАХ ЯМАР ХЭРЭГ БАЙГАА ЮМ

Сонгуульд
оролцоогүй бол чамайг хоолноос чинь салгана, ажилгүй болгоно гэсэн
харгис заалт оруулах ямар хэрэг байгаа юм бэ. Энэ заалт хүний эрх
чөлөөтэй хэрхэн уялдаж байгаа юм бэ. Сонгуульд оролцохыг үүрэгжүүлсэн
орнуудын жишээг авсан гэж байна. Гэтэл дэлхийд үүрэгжүүлээгүй орон илүү
олон байдаг юм. Хариуцлага тооцож болох оролцогчийг зүгээр л төрийн
албан хаагч гэж харж байгаа юм уу. Уг нь бол хамгийн хариуцлага тооцож
болдоггүй субьект чинь намуудын төлөөлөл юм шүү дээ. Энэ удаагийн
сонгуулийн хуульд хяналтын тооллогын заалтыг оруулж болно. Хяналтын
тооллого хийгээгүй тойргуудад сая өчнөөн олон будилаан гарсан. Энэ
хуулийг харахаар төвлөрсөн суурин газар, сумын төвийн хүмүүст
зориулагдсан, хөдөө орон нутгийн хүмүүсийг ирж өгч чадвал тэр л биз
гэсэн мэт харагдаж байна. Хөдөө орон нутагт амьдарч буй малчид маань
төрийн албанд орох хүсэл, боломж нэг их байхгүй, харин төвлөрсөн газрын
хүмүүст энэ нь илүү хөшүүрэгтэй. Манай нам өнгөрсөн УИХ-ын сонгуульд
хөдөө орон нутгийнхнаас илүү санал авсан. Ингээд бодохоор хардах бодол
өөрийн эрхгүй төрж байна.

С.Баярцогт: БУРУУ ОЙЛГООД ХООЛНООС НЬ САЛГАХ ХУУЛЬ ОРУУЛЖ ИРЛЭЭ ГЭЭД БАЙНА

Орон
нутгийн их хурлын сонгуулийн хууль нь өмнөх хуулиудын алдаан дээр
суралцан нэлээд сайжирч гарч ирсэн. Хуулийн төсөлд одоо байгаа төрийн
албан хаагчдийг ажлаас нь хална гэсэн заалт ганц ч байхгүй. Үүнийг буруу
ойлгоод хоолноос нь салгах хууль оруулж ирлээ гээд байна. Сонгуульд
оролцоогүй хүн нь төрийн албан хаагчийн шалгалтанд оролцох, албанд
томилогдохыг түр түдгэлзүүлнэ гэсэн утгатай заалт. Одоо ажиллаж байгаа
хүнд энэ заалт огтхон ч хамаарахгүй. Дэлхийд сонгуульд иргэдийн саналын
ирцтэй холбоотой хоёр өөр янзын ойлголт байна. Хэрэв сонгуулийн хүчинтэй
ирцийг тогтоогоогүй, тухайлбал иргэдийн 25 хувь нь ирж саналаа өгсөн
байсан ч сонгуулийг хүчинтэйд тооцож үр дүнг гаргадаг улсууд нь
сонгуульд оролцохыг үүрэгддэггүй. Хэдэн хувьтай байсан ч тоолоод дүнгээ
гаргадаг. Харин манай улс шиг заавал сонгуулийн санал хураалтын ирц 50
аас дээш байх ёстой гэж заасан улсууд нь сонгуульд оролцохыг иргэнд
үүрэг болгож өгдөг түгээмэл жишээтэй байна. Бид дэлхий нийтэд буй олон
практикаас хамгийн бололцоотой журамт үүрэгтэй холбоотой хоёр заалтыг л
авч хэрэглэсэн.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж