Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Дөрөвдүгээр сарын 4

Энэ өдөр төржээ

Майн Рид, Английн зохиолч, адал явдалт романуудыг бүтээгч (1818.04.04-1883.10.22)

Томас Майн Рид 1818 оны дөрөвдүгээр сарын 4-нд төрчээ. Түүний эцэг, эх нь сүмийн ажилтан, ядуу хүмүүс байжээ. Тэрээр Белфастад хаантны их сургуулийн коллеж төгссөн. Майн Рид  эцэг эхийнхээ замаар замнахгүй гээд 1840 онд Америкийн зүглэжээ. Тэнд багш, наймаачин, сурвалжлагч зэрэг янз бүрийн ажил эрхэлж, индиан омгийнхны төлөөлөгчидтэй сайн танил болсон байлаа. Тэрбээр «Spirit Of The Time» хэвлэлийн сурвалжлагчаар АНУ, Мексикийн дайнд явж, байлдахын зэрэгцээ “Буучийн тэмдэглэл” гэсэн долоо хоногийн сонинд байнга материал бичиж байв. 1848 онд ахмад цолтойгоор цэргээс халагдан утга зохиолын ертөнцөд орж иржээ. Дайны сэдвээр “Чөлөөт буучид” гэсэн анхны романаа 1950 онд бичин нийтлүүлсний дараа тэрээр нэр алдартай зохиолч болсон байв. Майн Рид 16 жилийн дотор “Цагаан удирдагч”, “Оцеола”, “Морь унасан толгойгүй хүн”, “Квартреон эмэгтэй” романуудаа бичжээ. Мөн тэрээр угсаатан зүй болон байгаль судлалын тэмдэглэл, өгүүлэл нийтлүүлж байв.
1870 онд дайны үеийн шарх нь сэдэрч зохиолчийн ажил хийх нь бэрхшээлтэй болсон ч тэрээр бууж өгсөнгүй. Зохиолч 1883 оны аравдугаар сарын 22-нд нас барав. Нас барснаас нь хойш “Трансваалийн шилжин ирэгсэд”, “Шархалсан зүрх” зэрэг өгүүллэгийн түүвэр эмхтгэлүүд нь хэвлэгдсэн юм. Түүний номыг олон хэлнээ хөрүүлсэн. Түүний алдартай романуудыг нь ч монгол хэлнээ хөрвүүлэн монголчуудын танил болсон билээ.

Энэ өдөр таалал төгсжээ

Карло Гоцци, Италийн жүжгийн зохиолч (1720.12.13-1806.04.04)

Карло Гоцци 1720 оны арванхоёрдугаар сарын 13-нд Венеци хотноо ядуурсан язгууртны гэр бүлд төржээ. Гэрийн боловсролтой. Гоцци 16 насандаа цэргийн албанд татагдаж, Далмацид гурван жил алба хаасан. Хэд хэдэн шог зохиол бичсэн нь түүнийг уран зохиолчдын хүрээнд оруулан алдар нэртэй болгосон гэдэг. Гранеллескийн уран зохиолын академи нь Тосканийн уран зохиолын уламжлалыг хадгалж, Пьетро Кьяри ба Карло Гольдони нарын шинэ реалист жүжгийг эсэргүүцэж байв. Гоцци үлгэрийн жүжгүүдээрээ шинэ урсгалыг сөрөхөөр оролдсон билээ. Язгууртан бөгөөд консерватор тэрээр уран зохиолын шинэлэг урсгалын эсрэг ямагт зогсч иржээ.
Тэрбээр багт инээдмийн жүжгийн уламжлалыг сэргээн Гоцци «фьяб» гэж нэрлэсэн хэд хэдэн үлгэрийн жүжиг бичив. Багийн баатрууд  Панталоне, Труффальдино ба бусад баатрууд ид шидийн хүчээр уг жүжгүүдэд амилдаг. “Гурван жүржид хайртай болсон нь” жүжиг 1761 онд маш амжилттай тавигдаж, хожим нь Сергей Прокофьевын ийм нэртэй дуурийн үндэс болсон юм. Гоцци 10 фьяб үлгэр зохиосон бөгөөд үүгээр Жакомо Пуччини “Турондот” дууриа бүтээсэн юм. Гоцци 1780 оноос дурсамжаа бичин үүнийгээ “Ямар ч хэрэггүй дурсамж” гэж нэрлэсэн юм. Гоцци 1806 оны дөрөвдүгээр сарын 4-нд хорвоог орхижээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж