Пхеньяны төв талбайгаас Лениний зургийг хураажээ

Хуучирсан мэдээ: 2012.10.16-нд нийтлэгдсэн

Пхеньяны төв талбайгаас Лениний зургийг хураажээ

Пхеньян хотын Ким Ир Сенийн төв талбайгаас Владимир Ленин, Карл Маркс нарын хөргийг авсан тухай Хойд Солонгосын үйл явдлыг мэдээлдэг NKNews сайтад өгүүлсэн байна.

Коммунизмийг үндэслэгч эцгүүд болсон дээрх хоёр эрхмийн хөргийг энэ зун авсан, харин өдгөөг хүртэл буцааж байрлуулаагүй гэнэ. БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын үзэл баримтлал өөрчлөгдсөн ч хойд солонгосчуудын жагсаал цуглаан хийдэг талбайд Маркс, Ленин нарын хөрөг байнга өлгөөтэй байдаг байж. Сануулахад Хойд Солонгосчууд коммунизмийг өөрсдийн хүчинд тулгуурлах гэсэн орон нутгийн  “чучхе” гэсэн гүн ухаанаар сольсон билээ.

NKNews тэмдэглэснээр Маркс, Ленинийг Хойд Солонгосын түүхээс гаргаж буй нь хойгийн хойд хэсэгт гарч буй өөрчлөлттэй холбоотой байж магадгүй гэнэ. БНАСАУ-ын залуу удирдагч Ким Чен Ун энгийн иргэдийн амьжиргааг сайжруулах чиглэлийг зарлаад, цэргийнхнээс эрх мэдлийг нь салган авах оролдлого хийж байгаа юм. Тэрээр нийгмийн амьдралыг улам ил тод болгохоор олон нийтийн дэмжлэг авах үүднээс жүжигчин эмэгтэйтэй гэрлэснийг дурдаж бас болно.

“Ленин, Маркс нарын хөргийг буулгах асуудалд Ким Чен Ун баттай зогссон байх. Тэрээр мөн тус талбай дахь өвөөгийнхөө хөргийг инээж буй зургаар солиулсан” хэмээн Британийн “The Telegraph” сонинд нийтэлжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж