Брокер, дилерийн компаниуд ил гарч ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Брокер, дилерийн компаниуд ил гарч ирлээ

“Монгол Улсын иргэн бүр “Эрдэнэс Тавантолгой” гэх арвин нөөцтэй уурхайн хувьцаанаас 536 ширхгийг эзэмших болсон. Хувьцааг ирэх долдугаар сараас тараах бөгөөд иргэд тус хувьцааг эзэмшихийн тулд үнэт цаасны данстай байх ёстой. "Та бушуухан дансаа нээлгэ” гэсэн мессежийг брокер, дилерийн компаниуд өгч байна. Монголын хөрөнгийн биржийн гишүүн 46 брокер, дилерийн компани байдгаас 14 нь энэ сарын 1-3-ны өдөр иргэдэд зориулан нээлттэй өдөрлөг зохиолоо. Монголын Засгийн газар дэлхийд данстай нүүрсний ордоо ашиглахдаа түүнээс ард түмэндээ хувь эзэмшүүлэх болсноор иргэд үнэт цаас, хөрөнгийн захыг сонирхох болсон. Тиймдээ ч иргэдэд энэ талын мэдлэг мэдээлэл олгох, брокер дилерийн компаниудыг сурталчилж, тэдний хооронд харилцаа холбоо тогтоохоор “Монгол 999”, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо дээрх өдөрлөгийг зохион байгуулжээ.

Энд тэндхийн үзэсгэлэн яармагийг бодвол энэ удаагийн өдөрлөг илүү бүтээлч байв. Оролцогчдод мэдээлэл сайн өгч, хэрэв данс нээлгэхийг хүсвэл газар дээр нь гүйцэтгэж байх аж. Данс нээлгэхэд насанд хүрсэн хүний иргэний үнэмлэх байхад л хангалттай. Тухайн брокер, дилерийн компаниас өгсөн анкетыг бөглөж, бичиг баримтынхаа хуулбарыг хавсаргана. Харин компанийн данс нээх тийм ч амар биш ярвигтай. Бүрдүүлэх материалын жагсаалтад таван зүйлийг дурджээ. Ерөнхийдөө иргэдэд данс нээх хураамж 5000, аж ахуйн нэгжид 50 мянган төгрөгийн хураамжтай. Шимтгэлийн хэмжээ нь хоёр хувь гэдэг нь одоогийн хамгийн доод ханш гэнэ. Үнэт цаасны дансыг зөвхөн “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг эзэмших зорилгоор нээлгэх албагүй. Харин хөрөнгийн захад оролцож, хөрөнгөө арай өндөр хурдаар өсгөх боломж буйг оролцогчид ойлгож байв. Гэхдээ нөгөө талд эрсдэл ихтэйг тооцоолж үзэхэд буруудахгүй биз ээ.

Монголын Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй 300 гаруй компаниас ногдол ашиг тараадаг нь ердөө 16. Хамгийн өндөр ногдол ашиг өгдөг нь жижиг Тавантолгой буюу орон нутгийн “Тавантолгой” ХК. Хамгийн сүүлд тэднийх нэг хувьцаандаа 50 мянган төгрөгийн ногдол ашиг тараажээ. Хувьцааны зах зээлийнх нь үнэ 1.4 сая төгрөг хүрч өсөөд өдгөө 800 мянган төгрөг болон буураад буй. Тэгвэл бага ч болов хэмжээгээр ногдол ашиг тараадаг компани “Талх чихэр”, “Баянгол зочид буудал”, “Говь”, “Улаанбаатар зочид буудал”, “Женко тур бюро”, “Гермес центр” зэргээр үргэлжилнэ. Зочид буудлуудын хувьцаа 30 мянган орчим төгрөгийн ханштай бол ногдол ашигт нь 300-500 төгрөг авах жишээтэй. Ногдол ашиг тараадаг компаниуд дундаа хамгийн бага ашиг өгдөг нь “Женко тур бюро”. Эднийх өнгөрсөн жилийн ногдол ашигтаа нэг төгрөг өгчээ.
Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны ногдол ашиг хэдэн төгрөг байх бол. Үүнд одоохондоо хариулт өгөх хүн алга. Өдөрлөгийн сүүлчийн өдөр зохион байгуулагчидтай уулзахад “Энэ өдрүүдэд хөл хөдөлгөөн тасарсангүй, пиг дүүрэн байлаа. Иргэдийн асууж сонирхож байгаа сэдвийг харахад ер нь энэ талаарх мэдлэг мэдээлэл олгох сургалт, семинар явуулах зайлшгүй шаардлагатай нь харагдсан” гэж байсан юм.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж