Хадгаламжийн хүүгийн татварыг хойшлуулъя гэв

Хуучирсан мэдээ: 2012.10.16-нд нийтлэгдсэн

Хадгаламжийн хүүгийн татварыг хойшлуулъя гэв

УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр гишүүд ирэх жилээс нэг банкинд 100 саяас дээш төгрөгийн хадгаламжтай иргэдийн хадгаламжийн хүүгээс татвар авах асуудлаар байр сууриа илэрхийллээ. Гишүүдийн дийлэнх нь  хадгаламжийн мөнгөний хүүгээс татвар авахыг 2016 он хүртэл хойшлуулах саналтай байсан юм. Эсрэг байр суурьтай гишүүд ч байв.

Ингээд уг асуудлаар гишүүд ямар санал хэлснийг хүргэе.


Гишүүн С.Баярцогт:

-Монголчууд хадгаламж хийж сураагүй улс. Гэтэл Азийн бусад орнууд хадгаламж их төвлөрүүлдэг. Монголчууд Хятад, Япон шиг хадгаламжтай биш. Хадгаламжтай болж эхэлж байхад нь татвар татах нь сайн зүйл биш. Үүнийг 2016 он хүртэл хойшлуулъя.

Нийт хадгаламжаас 100 саяас дээш төгрөгийн хадгаламжтай иргэдээс хүүгийн татвар авна гэдэг нь хүний эрх зөрчиж байгаа асуудал. Одоо бүх хүн 100 сая төгрөгөөс доош хадгаламжтай болно. Мөнгөө өөр хүний нэр дээр хувааж хадгалуулдаг болно. Тиймээс хадгаламжийн хүүгээс татвар авах хугацааг 2016 он хүртэл сунгая. Монголчууд хадгаламж хийж сурсан хойно нь татвар авъя.

Гишүүн С.Ганбаатар:

-Монголын эдийн засаг түрээсийн, мөнгө хүүлэлтийн эдийн засаг болсон. Орлого олж л байгаа бол татвар төлөх ёстой. Манай зарим нь гаднын мөнгө угааж мөнгө хүүлдэг болоод байна. Ер нь хадгаламжтай хүн цөөн. Их хадгаламжтай нь мөнгө хүүлэлт рүү яваад байна.

Гишүүн Д.Ганхуяг:

-Ядуурлын шалтгаан гол хоёр хүчин зүйлд байна. Үүний нэг нь банкны өндөр хүү. Үүнийг Сангийн яам, Монголбанк зохицуулж чаддаггүй. Монголбанк инфляц өндөр болоод ирэхээр бодлогын хүүгээ өсгөж ирсэн. Татвар авахад 100 сая төгрөг гэдэг бол боломжтой мөнгө. Мөнгө хүүлнэ гэдэг бол баялаг бүтээхгүй байна гэсэн үг. Хадгаламжийн хүүгээс татвар авна гэдэг нь зөв бодлого гарч ирж байна.

Гишүүн Д.Хаянхирваа:

-Нийт хадгаламж эзэмшигчдээс 100 саяас дээш төгрөгийн хадгаламжтай нь гуравхан хувь гэж байгаа. Тэд нийт хадгаламжийн мөнгөний 70-80 хувийг эзэмшдэг. Цөөн тооны их хадгаламжтай хүнээс татвар аваад ирэхээр тэд мөнгөө банкнаас татаж банкны үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Тэгэхээр энэ асуудлыг мөнгөний бодлогой уялдуулж гаргаарай гэж байв.

Уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шилжүүллээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж