-Мо Яньд Нобелийн шагнал олгосон явдлыг та хэрхэн хүлээж авав?
-Хятад хэл, Хятадын утга зохиолын мэргэжилтний хувьд би тун баяртай байна. Мо Янь утга зохиолын шагнал авлаа. Тэгвэл утга зохиол гэдэг бол хэлний урлаг юм. Ингэснээр Нобелийн шагналыг Хятадын зохиолчид олгосон нь хятад хэлийг дэлхийн хэмжээнд үнэлж, хүлээн зөвшөөрсөн явдал гэж ойлгож байна. Гэхдээ Нобелийн шагналын хороо хятад хэлт зохиолчдыг анх удаа үнэлж байгаа нь энэ хараахан биш л дээ. Үүний өмнө Шэнь Цунвэнь, Лао Шэ, Линь Юйтан, Ба Цзинь нар энэ шагналд нэр дэвшиж байсан. Хятад хэлээр бичдэг цагаач зохиолч Гао Синцзянь 2000 онд Нобель авсан нь, шагнал нүдээ олсон явдал байлаа. Тэр үед Гао овогтын хэмжээнд очих хятад хэлт зохиолч Хятадад ч, гадаадад ч байгаагүй. Гэхдээ тэр хүн цагаач амьдралынхаа тухай биш, 1980-аад онд Хубэй мужаар аялж, Хятадын хөдөө тосгоны амьдралыг дотроос нь нэгд нэггүй судалсан зохиолоороо авсан. Гао Синцзянь Францад гарч, тэр улсын иргэн болсон хойноо энэ шагналыг авсан бол Мо Янь эх хэлээрээ бичдэг Хятадын зохиолчийнхоо хувиар авлаа.
-Нобелийн шагналын энд хүрсэн хятад хэлт ганц зохиолч гэвэл өнөөдөр Мо Янь л байна гэвэл та юу хэлэх вэ? Түүнийг Хятадын орчин үеийн утга зохиолын түүхэнд гарсан хамгийн сайн зохиолчдын нэг гэвэл болох уу?
-Ганц л лут зохиолч байна гэвэл үгүй юм аа. Нобелийн хороо шагналаа олгох хүнээ сонгохдоо уран зохиолчийнх нь үүднээс төдийгүй нийгмийн хөгжилд хэр хувь нэмэр оруулсан бэ гэдэг талаас нь дүгнэдэг. Тэгэхлээр ёсзүйн ч, улстөрийн ч асуудал юм даа.
-Сүүлийн 12 жилд Хятадаас энэ шагналыг зохиолч Гао Синцзянь, тэрс үзэлт Лю Сяобо нар авлаа. Нобелийн хорооны энэ хоёр шийдвэрийг хоёуланд нь Хятадын эрх баригчид туйлын ихээр эгдүүцсэн. Энэ удаагийн шийдвэрт улс төр агуулга хэр орсон бол? Мо Янь үнэхээр шагнал авах хэмжээнд байв уу, эсвэл Нобелийн хороо Хятадын эрх баригчдыг тэгэхээс тэгэх гэж ингэв үү?
-Нобелийн хорооны энэ удаагийн шийдвэр Гао Синцзянийн ч, Лю Сяобогийн ч нэртэй холбоотой байж болно. Мөн нөгөө талаас нь харвал Хятад-Японы харилцааг эерүүлэх үүднээс тэгсэн байж ч магадгүй юм. Физиологи, анагаах ухааны салбарт япон хүнд, утга зохиолын салбарт хятад хүнд өглөө шүү дээ.
-Мо Янь гэдэг зохиолч олны танил болж эхэлсэн нь хэдий үеийн явдал вэ? Хятадын залуу үеийнхэн түүний зохиолыг уншдаг уу?
-“Улаан сорог” гэдэг зохиол нь гарч байж алдаршсан хүн юм. Хоёр жилийн дараа найруулагч Жан Имоу энэ зохиолоор мөн ийм нэртэй кино хийсэн. Могийн зохиол одоо ч алдартай, хүмүүс хүлээж байж уншдаг юм. Гао Синцзянийн хувьд гэвэл баахан ондоо. Унших хүн их биш, Бээжин бодлогоор тэгтлээ дэмждэггүй, гэхдээ учир зүггүй адлаад байдаггүй. Ийм учраас хятадууд тэр болгон нийтээрээ уншиж чаддаггүй.
-Мо Янийн сүүлийн үеийн бүтээлүүдийн талаар та юу хэлэх вэ?
-2004 онд “Том хөх, бандгар бөгс” гэдэг нэртэй роман гарсан юм. Нэр нь бүдүүлэг ч зохиол нь аргагүй сайн. Яагаад ийм нэр өгсөн юм бэ гэж та асууна аа даа. Энэ зууны эхэн үеэс Хятадын зохиолчид нийтэд номоо борлуулахын тулд ийм маягийн нэр рүү хошуурах болсон юм. Мо бол Хятадад өөртөө ийм пайз наах хэрэггүй л алдартай зохиолч доо, уул нь. Энэ зохиолд “Улаан сорог”-ийн нэгэн адилаар Японд эзлэгдэх үеийн Хятадын байдал гардаг. Найман охинтой айлын хар хүн хүүтэй болох гээд үзээд байдаг, ес дэх нь охин гарна. Хүүхэн нь ихэр хүүхэд гаргаж байж хүүтэй болохоо мэдээд л гаргаад байжээ. Тэгээд арав дахь удаа амаржихдаа хүүтэй болж байгаа юм. Мо Янь нэг айлын гурван үеийг харуулахдаа нэг агуу эхийн дүрийг гол болгосон.
-Нобелийн хороо Мо Янийг Фолкнэр, Маркестай эн зэрэгцүүлж үнэлсэн бол “Wikipedia” түүнийг Кафкатай жишжээ. Үүнийг та юу гэж бодож байна?
-Хятадын олон зохиолчийн нэгэн адил Мо Барууны зохиолчдоос ихийг сурсан хүн. Ялангуяа нээлттэй бодлогын дүнд Хятадад Барууны уран зохиол давалгаалж орж ирсэн 1980-90-ээд оны үед. Мо өөрөө Фолкнэрийг багшаа гэж шууд хэлдэг. Фолкнэр роман бичихдээ “өөрийнхөө ганц мэддэг зүйл болох алга дарам газрын тухай л бичдэг” гэдэг байсан, тэр суурь зарчмыг нь Мо авч хэрэглэсэн юм. Тиймээс түрүү үеийн зохиолуудынх нь үйл явдал өсч төрсөн тосгонд нь л өрнөдөг. Үүнээс гадна түүний хүүрнэх арга хэлбэрт Латин Америкийн шидэт реализм их нөлөөлсөн. Мо Маркес, Астуриас, Варгас Льоса энэ хэдийг бүгдийг уншсан, нэвт шувт мэднэ. Маркес, Астиуриас нарын хэл Могийн 2009 оны “Мэлхий” романаас тов тодорхой амтагддаг, гэхдээ энийгээ хэлдэггүй хүн. Харин Маркес, Кафкагаас их юм авсан хүн учраас Мог Кафкатай харьцуулдаг байж магадгүй юм.
-Мо Янь зохиолчийнхоо хувиар албан ёсны ямар статустай хүн бэ? Хааны шүлэгч мөн үү, эсвэл хаанд талтай шүлэгч гэх үү?
-Нийтийн буюу массын зохиолч гэж болно. Засаг төрд талтай гэвэл үгүй. Хятадын олон зохиолчийн адилаар, улс төрөөс зай барихыг боддог хүн. 2011 онд Хятадын утга зохиолын хамгийн том шагнал болох Мао Дунийн шагналыг авсан. Нам засгаас өгдөг боловч заавал нам засгийг магтсан хүнд өгдөг шагнал биш л дээ. Ер нь Хятадад соёлын бодлого олон талаар өөрчлөгдөж харьцангуй чөлөөтэй болж байгаа. Утга зохиол үзэл суртлын зэвсэг байхаа болиод удаж байна. Лю Чжиюй энэ тэр гээд нийгмийн эмзэг асуудлаар илэн далангүй бичдэг зохиолчид олон бий. Ном хэдэн хувь хэвлэгдэх нь зах зээлийн эрэлтээсээ л хамаардаг. Мо Янийн хувьд тэнцвэрийг сайн хадгалахыг хичээдэг хүн. Нийтийн таашаалд тааруулна, нам засгийг өдөөд байхгүй, зохиолчийн өөрийн гэсэн хэв маягаа алдахгүй барина.
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин