Нийслэлийн ардчилсан нам хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Нийслэлийн ардчилсан нам хуралдлаа

Нийслэлийн Ардчилсан Намын Зөвлөлдөх Хорооны ээлжит XII хурал өнгөрсөн бямба гаригт “Discover Mongolia” төвийн хурлын танхимд боллоо. Хурлыг нээж Нийслэлийн АН-ын дарга Ш.Түвдэндорж үг хэлж улс төрийн илтгэл тавьсан. Тэрбээр илтгэлдээ  “УИХ-ын ээлжит сонгуулийн хугацаа хаяанд ирсэн буюу сонгуулийн өмнөх жилийн бэлтгэл ажлаа хангах зорилт тул­гарсан нэн хариуцлагатай үед нийслэлийн АН /НАН/-ын Зөвлөл­дөх хороо хуралдаж байна. Улс төрийн хүрээнд үүссэн доргилт ирэх сонгуулийн жил хүртэл хэвээр үргэлжлэх нь  тодорхой болсон. Ийм байдалд хүрэхэд нөлөөлсөн хүчин зүйлсэд МАХН нэрээ МАН болгон өөрчилснөөс үүдэн тус намд хагарал гарсан. Нөгөөтэйгүүр парламентад суудалтай болон суудалгүй намууд улс төрийн гуравдагч хүчний орон зайг эзлэхийн төлөө өрсөлдөж үйл ажиллагаагаа эрчимжүүлэх нэг­дэх процесс явагдах болсон. Парламентад суудалгүй улс төрийн нам, иргэний хөдөлгөөнүүдийн үйл ажиллагаа идэвхижиж байгаа зэргээс харвал ирэх 2012 оны парламентийн сонгууль ширүүн өрсөлдөөн дунд болох төлөвтэй байна” хэмээн онцлон хэлсэн юм. Мөн  МАН, Ард­чилсан нам хамтран Засгийн газар байгуулсан нь төрийн эрхэнд гарах гэсэн улс төрийн зарим нэг нам, иргэний хөдөлгөөнүүдийн дайрч давш­лах гол бай болж байгаа тухай дурд­сан юм. Зарим хүмүүс өнөөгийн нийгэмд тулгамдсан бэрхшээлтэй асуудлуудад дөрөөлөн ашиг хонжоо хайж байгаагаар барахгүй Үндсэн хуулийн бус аргаар ч болов төр засгийн эрхэнд гарахыг уриалан санаархаж байгаа” гэж илтгэлдээ дурдсан.

Нөгөөтэйгүүр орон нутгийн засаг захиргааны шинэчлэлтийн асуудал яригдах болсон. Үүнтэй зэрэгцэн нутгийн өөрөө удирдах ёсны бай­гуул­­лагуудын эрхийг өргөтгөх та­лаар өргөн хэлэлцүүлэг өрнөж байгаа. Энэ сэдвээр Нийслэлийн АН-ын зүгээс нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болон иргэдийн төлөөлөгчидтэй хамтран хэлэлцүүлэг зохион явуулжээ. УИХ болон орон нутгийн сонгуульд өөрчлөлт оруулах тухайд АН, МАН-ын УИХ дахь бүлгүүдийн хооронд хийгдсэн сонгуулийн холимог системийн та­лаар тохиролцоо шийдэгдэлгүй олон чуулганы нүүр үзэж байгаа нь тулгамдсан асуудал болоод байгааг хэллээ.

Дараагаар нь Нийслэлийн Ард­­чил­сан намын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Гантөмөр өнгөрсөн хугацаанд хийж гүйцэт­гэсэн ажлын тайланг хурлын төлөө­­лөгчдөд тайлагнасан. Мөн НИТХ дахь АН-ын Бүлгийн дарга Б.Ариунболд төлөөлөгчдөд хандан мэдээлэл хий­сэн. Уг хур­лаар намын орон нутгийн байгууллагуудын үйл ажил­­лагаа, зо­хион байгуулалтыг зохицуулах тус­гай журмын 3.1.10 дахь заалт, Нийс­лэлийн Ардчилсан намын Сон­гуу­лийн Нутаг Дэвсгэрийн Хороо­ны 2011 оны гуравдугаар сарын 31-ны өдрийн 03 тоот тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн Ард­­чил­сан намын Тэргүүлэгчид бо­лон Зөвлөлдөх хорооны шинээр сонгогдсон 29 гишүүдийн бүрэн эрхийг батламжлав. Хурлын үеэр төлөөлөгчид Улаанбаатарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Нийслэлийн Ардчилсан намын гишүүд дэмжигчид, намын Хэрэг эрхлэх газар бүрэн чадлаараа ажил­лах шаардлагатай байгааг тэм­дэг­лээд үүссэн асуудлуудын та­лаар тухай бүрд нь хэвлэл мэдээлэл, олон нийтэд мэдээлж байхыг холбогдох хүмүүст захиж сануулав. Мөн өнгөр­­сөн хугацаанд шийдвэрлэсэн намын дотоод хага­рлын асуудлыг ч төлөөлөгчид хөндөж санал гомд­лоо солилцсон юм. Нийслэлийн Ардчилсан намын дар­га Ш.Түвдэндорж хурлын үеэр хэлэхдээ “Чингэлтэй, Баянзүрх дүүр­­гийн дотоод хагарлын асуудлыг нааштайгаар шийдвэрлэсэн явдал нь ажил байдлыг эрчимжүүлж байна” гэлээ. Хан-Уул дүүргийн АН-ын дотоод хагарлын асуудлыг шийдэж, үл ойлголцлоо эергээр ший­дэх талаар идэвхийлэн ажиллаж байна хэмээн тус дүүргийн төлөө­лөгчдөд мэдэгдсэн юм. Үүний дараагаар Нийслэлийн АН Зөвлөлдөх хорооны тэргүүлэх гишүүдээ сонголоо. Зөвлөлдөх хороо нийт 11 гишүүнтэй.
Зөвлөлдөх хорооны тэргүүлэх гишүүнээр Нийслэлийн АН-ын дарга Ш.Түвдэндорж, Хэрэг эрхлэх газрын дарга Н.Гантөмөр нар сон­гогд­лоо. Нийслэлийн Баянгол дүүр­­­гээс Н.Батаа, Т.Мөнхбаяр нар сонгогдсон бол Баянзүрх дүүргээс дүүргийн намын дарга Д.Пүрэвдаваа, И.Нарантуяа нар сонгогджээ. Сонги­но­хайрхан  дүүргийг төлөөлж П.Да­лин­дэв, Д.Энхсайхан нар сонгогдсон бол Сүхбаатар дүүргээс П.Мөнхбаяр болон Ардчилсан залуучуудын хол­бооны дэд дарга С.Цэлмэг нар сонгогдов. Хан-Уул дүүргийн хувьд Б.Батбилэг, Ж.Батбаяр, Чингэлтэй дүүргээс Б.Батбаатар, Д.Алтанхуяг, Налайх дүүргээс Х.Болдбаатар, Багануур дүүргээс  Б.Баянбазар, Багахангай дүүргээс Б.Мөнхжаргал нар тус тус сонгогдлоо.

Нийслэлийн АН-ын Хяналтын салбар хорооны долоон гишүүдийг мөн энэ үеэр сонгожээ. Хяналтын салбар хорооны гишүүдээр Б.Бат-Эрдэнэ, Д.Пүрэвбаатар, Э.Дорж­рагчаа, Ж.Орхон, П.Гантулга, Г.Тү­мэн­дэлгэр, Г.Доржсүрэн нар сонгогджээ. 

Тус хороонд шинээр сонгогдсон гишүүдийн хувьд Нийслэлийн АН-д олон жил ажилласан туршлагатай гэх хүмүүсийг нэр дэвшүүлж хуралд оролцож буй гишүүдийн  олонхийн саналаар сонгосон аж.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж