Ирэх чуулганаар цахим гарын үсгийг хуульчилна

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Ирэх чуулганаар цахим гарын үсгийг хуульчилна

УИХ-ын даргын баталсан хав­рын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтын хоёрдугаарт Цахим гарын үсгийн тухай хуулийн төсөл оржээ. Жагсаалын эхэнд буй хуулийн төслөөс илүү түргэвчлэн хэлэлцвэл ирэх чуулганаар батлаг­дах эхний хууль ч болж магадгүй. Уг хуулийн төслийг ийнхүү түр­гэн батлагдаж магадгүй гэхийн учир нь улс төржилтөөс ангид боловс­руулан, хэлэлцэгдсэн цөөн асуудлын нэг. Хуулийн төслийг бэлтгэх ажил нилээд хугацаанд үргэлжилсэн бөгөөд зохицуулалт шаардсан орчин хүлээсээр байгаа юм.

ХУУЛЬ ХЭЛЭЛЦЭГДЭХЭЭР БОЛСОН НЬ

2011.01.12. Хууль зүйн Байн­гын хорооны хуралдаан. Хэлэлцэх асуудлын талаар ихэнх гишүүд нарийн ойлголтгүй байлаа. УИХ-ын гишүүн Х.Жекей нарын гишүүд цахим гарын үсэг, тоон гарын үсэг, түлхүүр дэд бүтэц зэрэг нь хоорондоо ямар ялгаатай юм бэ гэх танин мэдэхүйн чанартай асуултууд тавьж байв. “Цахим гарын үсэг гэдэг нь олон улсад хэрэглэгддэг нэр томьёо. Иргэд, бизнесмэнүүд түншүүдтэйгээ интернэтээр ха­рил­цах­даа албан захиандаа нэрээ бичин баталгаажуулдаг. Харин үүнийгээ тоон гарын үсгээр баталгаажуулснаар нууцлал, аюул­­­гүй байдлыг бүрэн дүүрэн хангах болно. Харин түлхүүр гэ­дэг нь хэрэглээний дэд бүтцийг бий болгож буй ойлголт юм” гэх тайлбарыг ажлын хэсгийнхэн өг­лөө.  Энэ үеэр мөн “Цахим гарын үсэг эзэмших, гэрчилгээ авах ир­гэн, байгууллага гарах зардлыг хариуцах. Одоогоор цахим гарын үсэг эзэмших эрхийг хоёр жилээр олгохоор тооцоолоод байгаа бөгөөд үнийг урьдчилсан байдлаар 60-90 ам.доллар байхаар тооцоолоод байгаа” талаар танил­цуулсан юм. Гишүүд дээрх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

2011.01.16. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан.  Гарын үсэг олгох эрхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт олгож болохгүй бай­сан юм уу. Заавал энэ эрхийг хувийн хэвшилд өгөх гээд байгаа нь ямар учиртайг Ц.Бямбацогт гишүүн лавлав. Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газ­рын орлогч дарга Ж.Бат-Эрдэнэ “Олон улсын туршлага, өнөөгийн зах зээлийг авч үзэхэд Улсын бүрт­гэлийн ерөнхий газар эрх ол­го­­дог байна гэж шууд оруулах боломжгүй” гэж хариулав. Мөн үнэ өртгийн талаарх асуултад “Бусад орны туршлагыг судалсны үндсэн дээр нэг цахим гарын үсгийн эрхийг олгохдоо 90 ам.доллар байхаар тусгасан гэнэ. Эхний хоёр жилдээ энэ тариф мөр­дөгдөж, цаашид 2-5 ам.доллар болох боломжтой аж. Эрх эзэмших тодорхой тоо тавигдаагүй. Мөн гарын үсэг олгох эрхийг гурван компани эзэмшинэ” гэв. Гишүүд чуулганы хуралдаанаар уг хуулийг хэлэлцэхийг дэмжлээ.

ХУУЛИАР ЮУГ ЗОХИЦУУЛАХ ВЭ?

Төрөөс цахим гарын үсгийг энгийн гарын үсгийн нэгэн адил хүчинтэйд тооцож баталгаажуулах, түүнийг ашиглах журмыг тодор­хой болгох, тоон гарын үсгийн нийтийн түлхүүрийн дэд бүтцийг бий болгохтой холбоотой харил­цааг зохицуулсан эрх зүйн орч­ныг бүрдүүлэх шаардлага бий бол­сон тул уг хуулийн төслийг боловсруулсан аж.
Энэ хууль батлагдсанаар цахим гарын үсгийг бүтээх, хамгаалах, ашиглахтай холбоотой эрх зүйн орчин бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, бидний албан хэрэгцээндээ хэрэг­лэж буй файл, и-мэйлийг албан ёс­­ны мэдээлэл гэж үзэх, одоогийн интернэт орчинд хийж буй ажлыг хүчин төгөлдөр гэж үзэх эрх зүйн орчин бүрдэх; улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, аюулгүй, баталгаат тоон гарын үсэгт суурилсан хэрэглээ, үйлчилгээ хөгжих, банк санхүү, цахим засаглалын үйлчилгээний зах зээлийн багтаамж нэмэгдэх зэрэг урьдчилсан таамаглалыг гаргажээ.
Уг хуулийн төсөлд дараах асууд­лыг зохицуулахаар оруулсан байна. Үүнд: цахим болон тоон гарын үсгийг хэрэглэх, тоон гарын үсгийн хэрэгсэл, тамга орлуулах, хугацааг баталгаажуулах нөхцөл болон нээлттэй мэдээллийн тухай; тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа, түүний хуга­цаа, гэрчилгээг түтгэлзүүлэх, хүчингүй болгох, сунгах, өөрчлөлт оруулах журам болон гэрчилгээ эзэмшигчийн эрх, үүрэг болон га­даад улсын тоон гарын үсгийн гэрчилгээний тухай; тоон га­рын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөө­рөл, түүнийг олгох, түтгэлзүүлэх, хүчингүй болгох, сунгах жу­рам болон тусгай зөвшөөрөл эзэм­шиг­чид тавих шаардлага, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үү­рэг, тусгай зөвшөөрөл эзэмшиг­чид хориглох зүйлийн тухай зэрэг багтсан аж.

БУСАД УЛСЫН ТУРШЛАГА, СУРГАМЖ

Цахим гарын үсгийг хууль­чилсан улс орнууд энэ технологийг нэвтрүүлэхэд ихээхэн хүндрэл, бэрх­­шээлтэй тулгарч алдаатай зүйл их гарч байжээ. Цахим гарын үсгийн хууль баталснаар нийтийн түлхүүрийн тогтолцооны загвараа бий болгодог. Энэ нь цахим гарын үсэг, цахим гэрчилгээний цаашдын хэрэглээ, энэ үйлчилгээг нэвтрүүлэхэд шаардагдах хөрөнгө санхүү, энэ салбарт бизнес эрх­лэгч байгууллагын бизнесийн тогтвортой байдал, цахим ху­дал­даа арилжаа үйлчилгээ, мөн­гөн гүйлгээ, эцэст нь эцсийн хэрэглэгчдэд оногдох ачаалал гээд бүхэл бүтэн тогтолцооны шинж чанартай олон асуудал хөндөгд­дөгтэй холбоотой аж.
Гэтэл Цахим гарын үсгийн хууль батлан гаргасан улс орнууд нийтийн түлхүүрийн тогтолцоогоо хуульчлаагүй нийтлэг алдаа гарсан байна. Ингэснээр салбар бүрт бие даасан Төв гэрчилгээжүүлэх байгууллага бий болж “автономит” байдлыг бий болгочихсон бай­на. Үүнээс үүдэлтэйгээр юуны түрүүнд үр ашиг муутай, дав­хард­сан хөрөнгө оруулалт хийг­дэж хөрөнгө санхүүгийн үр ашиг­гүй зардал гаргахад хүргэж. Мөн гаргасан хөрөнгө эргэж нөхөг­дөхгүй байх ч болов. Бие даасан “автономит” ууд нэгэнт бий болмогц тэдгээрийн харилцан ний­цэл, мэдээлэл-үйлчилгээний нэгд­­мэл байдал алдагдаж, үл ойлгол­цох нөхцөл үүсч.
Жишээ нь, АНУ-ын хувьд 2001 онд баталсан Цахим гарын үс­гийн хуулиар тогтолцооны талаар огт дурдаагүй. Тэр ч дагуу төв Засгийн газрын төвшинд гэхэд бие даасан төв гэрчилгээжүүлэх байгууллагууд үүсч тэдгээрийг хол­бох, харилцан нийцлийг хан­гахын тулд Federal Bridge СА байгуулахад хүрчээ. 2003 оны байдлаар АНУ-ын төв Засгийн газар нэг тэрбум ам.долларын хөрөнгийг үүнд зарцуулсан тооцоо гарчээ.
Азийн орнуудын хувьд ч ял­гаагүй, Тайвань, Япон зэрэг ор­нууд мөн ийм хүндрэлтэй тул­­гарчээ. Европын холбооны орнуудад байдал мөн ижил бай­гаа ч энэ асуудалд онцгой анхаарч удаа дараагийн хэлэлцүүлэг, судалгаа явуулжээ. Үүний үр дүнд нийтийн түлхүү­рийн шаталсан тогтолцоог хам­гийн үр ашигтай хувилбар гэж тогтсон байна. Түүнчлэн цахим гарын үсгийн тусгайлсан хуульгүй улс бий бөгөөд Мексик үүний жишээ юм. Мексикчүүд Цахим гарын үсгийг баталгаажуулах эрх зүйн заалтыг Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлбэрээр буюу  цахим гарын үсэг нь гараар үйлдсэн гарын үсэгтэй эрх зүйн чадамжийн хувьд адил гэсэн заалт оруулж шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, Мексик нь ца­хим гарын үсгийн талаар   тусгайл­сан хууль боловсруулахад “хө­рөн­гө” зарцуулаагүй,  харин илүү прагматик аргыг сонгосон туршлагатай орон юм.
Гэхдээ тус улсад цахим гарын үсэг хэрэг­жүүлсэн туршлагын хамгийн гол сургамж бол компа­ниудад анхлан олгосон цахим түлхүүрийг хүчингүй бол­гох, да­хин сэргээх механизмыг бий болгож чадаагүй явдал байв. Үүнийг цахим га­рын үсэг боловс­руулалтын үед төвөггүй засч залруулж болох бай­сан энгийн зүй­лийг урьдчилан харж тооцоолж чадаагүйгээс бол­сон гэж дүгнэдэг аж.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж