
Одоогийн парламентыг хоёр танхимтай болгохын тулд 76 гишүүн өнгөрсөн өвлөөс эхлэн төлөвлөгөөгөө хэрэгжүүлсэн бололтой юм. Санаж буй бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуулийг гишүүд нэг их талцаж “Чи, би” дээрээ тулж байгаад баталсан даа. Мал бол төрийн хамгаалалтад байх ёстой, ёсгүй гээд л. Гэтэл цаагуураа парламентыг хоёр танхимтай болгох алсын бодлого өвөртлөн энэ тал руу хууль зүйн заалтуудыг тусгаад байж. Тухайлбал, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуульд зааснаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан тохиолдолд тухайн цаг хугацаанаас эхлэн найман жилийн турш тогтвортой дагаж мөрдөнө гэж заажээ. Ингэснээр парламентыг хоёр танхимтай болгох заалтыг Үндсэн хуульд тусган, баталсан тохиолдолд найман жилийн турш мөрдөхөөс аргагүй хамгаалалт болж хувирах ажээ.
Уг нь 2.7 сая хүн амтай Монгол Улсад нэг танхимтай 76 гишүүнтэй парламент багадах ч үгүй, нүсэрдэх ч үгүй таарч байгаа гэж улстөр судлаачид хэлэх юм билээ. Гагцхүү ард түмнийхээ итгэлийг дааж, үндэснийхээ аюулгүй байдалд нийцсэн хуулийг баталж чадаж байна уу, үгүй юу гэдэг л чухал болохоос биш. Хэрвээ гадны том корпорациуд, үндэсний олигархууд та нарын 76 гишүүнийг авлигадах гээд тэр нөлөөнд нь автаж буй бол бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох хэрэгтэй. Ард түмний сонголтоор УИХ-д суудал эзэгнэчихээд, авлига авч, хууль батална гэж өөрсдийгөө дүгнэж байгаа бол хэлэх ч үг алга.
Тэгээд ч хоёр танхимтай парламент байгуулах хэмжээний эдийн засгийн чадавхитай улс мөн билүү, Монгол. Хүн амынх нь 60 гаруй хувь ядуу амьдарч, сар бүрийн Хүний хөгжлийн сангийн мөнгөөрөө амин зуулгаа арайхийн залгуулж байхад 403 гишүүнтэй болж, татвар төлөгчдийн мөнгөөр зардлыг нь санхүүжүүлнэ гэвэл хэрээс хэтэрсэн хэрэг болно. Өнөөгийн парламентын 76 гишүүн тойрогтоо хөрөнгө оруулалт оруулах нэрийн дор 76 тэрбум төгрөгийг улсын төсөвт жил бүр суулгаж, татвар төлөгчдийн мөнгөөр тоглодог болсон. Хэрвээ дээд, доод танхимтай парламенттай болчихвол дор хаяж 403 тэрбум төгрөгийг улсын төсөвт жил бүр суулгах хэрэгтэй болох нь ээ. Дээрээс нь хууль боловсруулах нэрийн дор гишүүн бүр 20 сая төгрөг, баталсан хуулиа олон нийтэд сурталчлах нэрийн дор 10 сая төгрөг, гадаад гүрэн рүү томилолтоор явах зардалдаа зориулж таван сая төгрөг зарцуулж таарна. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар УИХ-ын гишүүд ийм эрх эдэлж байгаа. 403 гишүүнийг дагаад тус бүр гурван туслахын орон тоо гарч ирнэ. Диплом өвөртөлсөн хэсэг нөхөд ажилтай болж мэдэх юм гэж бодоход цаад ухагдахуунаараа дахиад л татвар төлөгчдийн халаас руу гараа шургуулахаас аргагүй болно. Одоо УИХ-ын гишүүн бүр гурван туслахтай, хоёр парламенттай болоход аягүй бол тав болж нэмэгдэж мэднэ. Учир нь 2004-2008 оны парламентын гишүүн нэг туслахтай ажлаа гүйцэтгэж болоод байсан ч 2008 оноос хойш дийлэхгүй болчихсон юм гэнэ билээ.
Мөн 403 гишүүнийг дагаад 403 жолооч хэрэгтэй болно. Ард биш төрийн түшээ юм болохоор автобусаар зорчино л гэж байхгүй дэг. Хуучин Улсын бага хурлын гишүүд автобусаар зорчдог байсан юм гэнэ лээ, одоо бол хол очиж наад үлгэрээ ярь гэх биз.
Хамгийн гарлагатай нь, 403 гишүүн Төрийн ордонд залрахын тулд авто машиныг нь “хооллож” таарна биз дээ. Одоогийн үнэлгээгээр бол УИХ-ын гишүүнд өдөрт 70 км-ээр тооцож, шатахууных үнийг нь тооцож өгдөг гэсэн. Хэрвээ 403 гишүүний жипийг өдөрт 70 км явах шатахуунаар цэнэглэнэ гэхэд төсвийн мөнгө урсч өгөхөөр байгаа биз. Хамгийн марзан нь 403 гишүүн тэрхүү унаагаараа зөвхөн өөрийгөө Төрийн ордонд хүргүүлчихээд дараа нь эхнэрээ дэлгүүрээр зугаацуулах, хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэхэд ашиглачихна гэж бодохоор бүр хайран санагдана.