Феликс Баумгартнер аравдугаар сарын 9-нд сансраас чөлөөт уналт хийхээр төлөвлөж байсан боловч цаг агаарын байдлаас болж хойшлогдсоор өчигдрийг хүргэсэн юм.
Феликс Баумгартерын хувьд даалгаврыг амжилттай биелүүлж, эсэн мэнд газардахад салхины хурд, чиглэл маш чухал үүрэгтэй байв. 43 настай Феликс Баумгартнер сансрын туршилтын бүхээгтэй хөөрч, агаар мандалд хүрсэн юм. Задгай сансраас дэлхий рүү чөлөөт уналт хийсэн “Red Bull Stratos” төслийн багт тун чадварлаг эрдэмтэн, инженер эмч нар ажиллажээ. Төслийн эмч Жонатан Кларк энэ ажиллагааны талаар “Дэлхийн агаар мандлаас 15 км-ийн өндөрт хүн гарвал агаарын даралтыг тэсвэрлэх тусгай өмсгөл өмсөх шаардлагатай байдаг. Хүн агаар мандалд 19 км-ээс өндөрт удаан байх боломжгүй. Тэнд буцлам халуун усан давхарга байдаг” гэжээ.
Энэхүү сонирхолтой аялалын баатар Феликс Баумгартнер агаар мандлаас гарсныхаа дараа дэлхий рүү яарчээ. Шүхрээ дэлгэхээс өмнө тэр чөлөөт уналтын хурдыг 1100 км/цаг хүрнэ хэмээн таамаглаж байсан гэнэ. Багийнхныг хамгийн ихээр санаа зовоож байсан зүйл бол Баумгартнерын тусгай хувцас байв. Хувцас агаарын даралтыг тэсвэрлэлгүй задрах вий, хүчил төрөгч хүрэлцэхгүй бол яах вэ зэрэг олон эрсдэл тэднийг айлгаж байсан юм. Туршилтын үед Феликс хяналтаа алдаж, ухаан алдвал шүхрээ задалж чадахгүй болох эрсдэл ч түүнийг хүлээж байв. Гэхдээ дууны хурдыг давсан чөлөөт уналтыг хийхийн тулд төслийн баг бүхэл бүтэн таван жилийн турш бэлтгэсэн тул түүхэн аялалдаа итгэлтэй байжээ. Төслийн эмч Жонатан Кларк дээд амжилт тогтоосон чөлөөт уналтын өмнө "Агаар мандал дахь эхний 2-3 минут жинхэнэ тэсвэр тэвчээр шаардана. Шүхэрчин уушгиний дутагдалд ч орж магадгүй. Гэхдээ бид түүнийг газардмагц яаралтай тусламж үзүүлэх эмч нарыг бэлтгэсэн байгаа” хэмээн ярьсан байна.
Австрийн Зальцбург хотод төрсөн Феликс 16 настайдаа анх шүхрээр буужээ. Австрийн армид элссэн нь түүнд багагүй бэлтгэл болж, шүхрээр идэвхитэй хичээллэх болсон бөгөөд 1988 оноос “Red Bull”-ын шүхрийн үзүүлбэрт оролцох болжээ. Феликс 1990 оноос хойш BASE jump төрөлд болон экстрим спортын томоохон тэмцээнүүдэд оролцож байв.
1999 онд Малайзын Куала Лумпур хот дахь “Петронас” цамхаг дээрээс шүхрээр бууж дэлхийн дээд амжилт тогтоосон Феликс 2003 онд карбон материалаар хийсэн тусгай далавчтай Ла-Маншийн хоолойг гаталсан анхны хүн болсон юм. Феликс мөн Рио Де Жанейро хот дахь Христийн хөшөөний гарнаас шүхрээр бууж, “BASE jump”-ын төрөлд бас нэг дээд амжилт тогтоож байжээ. Тоочоод байвал олон. Тэр бас Францын хамгийн алдартай дүүжин гүүр Виадук Мийо́ гүүр, Шведийн Торсо цамхаг, Тайванийн Тайпей хот дахь дэлхийн хамгийн өндөр цамхаг гэгдэж байсан Тайпей цамхаг дээрээс ч шүхрээр буусан юм.
Задгай сансраас дэлхий дээр чөлөөт уналт хийн, Мексикийн цөлд газардсан зоригт эрийн “нислэг”-ийг 7,3 сая хүн дэлхий даяар шууд хүлээн авч үзжээ.
Феликс Баумгартнер эх дэлхийдээ газардсаныхаа дараа “Тэр дээрээс дэлхий маш өчүүхэн зүйл шиг харагдсан. Би тэр үед дэлхийн дээд амжилт, шинжлэх ухааны шинэ нээлтийн тухай биш зөвхөн амьд үлдэх байгаа даа л гэж бодсон. Та нар үүнийг мэдэрч үзүүгүй болохоор тайлбарлахад хэцүү байна” хэмээн ярьжээ.
Тооны хэлээр:
- Феликсийн туулсан зам-39,045 км
- Феликсийн хурд-1342 км/цаг
- Дэлхийд ирсэн хугацаа: 04:19 сек
- Түүний малгайны жин: 3,6 кг
Дээд амжилт:
Феликс дууны хурдыг давсан чөлөөт уналт хийснээрээ дэлхийд дөрвөн дээд амжилт тогтоожээ.
- Агаарын бөмбөлгөөр хамгийн өндөрт гарсан.
- Агаар мандлаас дээш хамгийн өндрөөс буусан.
- Чөлөөт уналтаар дууны хурдыг давсан.
- Агаар мандалд хамгийн удаан тэссэн.
YOUTUBE: Феликс Баумгартнерийн сансраас чөлөөт уналт хийн, дэлхий дээр газардах үеийн бичлэгийг нэгхэн өдрийн дотор нийт 8 сая удаа үзсэн байна. Мөн түүний газардах үеийн бичлэгийг дэлхийн 50 оронд телевизээр шууд дамжуулан үзүүлжээ.
FACEBOOK: Түүнийг үсрэлт хийж буй зураг 40 хүрэхгүй минутын дотор 29 мянга гаруй удаа зураг хуулагдаж, 216 сая “like” авчээ. Дээд амжилтын эзэн болсон баатарлаг залуугийн зургууд 10 мянга гаруй сэтгэгдэл хүлээн авсан байна.
TWITTER: Түүний чөлөөт уналтын тухай мэдээ жиргээчдийн дунд “хит” болж байна.
REDDIT: 29 мянга гаруй хэрэглэгч холбогдож, зөвхөн Феликс Баумгартнерийн талаар шуугисан байна.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.