Тэмцээний аваргын төлөөх тоглолтууд өнөөдөр болох бөгөөд Монголын гурван ширэн бээлийтэн финалд өрсөлдөх болзлоо хангажээ. Тодруулбал, 52 кг-ын жинд П.Сэрдамба, 56 кг-д Э.Идэрхүү, 64 кг-д У.Мөнх-Эрдэнэ нар “Мемориал Влажния-2011” тэмцээний аваргын төлөө өрсөлдөх юм. Манай бусад тамирчдын тухайд 49 кг-д М.Гандулам, 60 кг-д Б.Жавхлан, 75 кг-д Т.Чулуунтөмөр, +81 кг-ын жинд хүч үзсэн С.Эрдэнэбаяр нар хагас шигшээ тоглолтод ялагдсанаар хүрэл медаль хүртжээ. Харин 69 кг-д Ж.Отгонжаргал, +91 кг-д Д.Идэрбат нар эхний тулаандаа ялагдсанаар тэмцээнээ дуусгасан байна.
Монголын ширэн бээлийтнүүдийн дараагийн тэмцээн нь Польшийн нийслэл Варшав хотноо энэ сарын 5-9-ний хооронд болох юм. Залгуулаад боксчид энэ сарын 20-24-ний өдөр Сербийн нийслэл Бельградад болох “Belgrade Winner” тэмцээнд оролцоно.