
Зарим нь ардын баатрын талд орж, зарим нь коммунистуудаа магтан дуулж, ёстой л төрийн төлөө оготоно боож үхэх нь гэгчээр бие биеэ элдвээр хэлээд л. Ашгүй хөшөөг хаа нэгтээ авч явсны дараа мэдээллийн хэрэгслүүд ч намжиж хүмүүс арай тайван байдалд шилжив. Гэхдээ амралтын өдөр буюу ням гаригийн хамгийн халуун сэдэв энэ байлаа.
Энэ дундаас хамгийн олон жиргээчдийг нэгтгэж чадсан санаа нь “Э.Бат-Үүл дарга нээлтэд оролцох хөшөө байхгүй болохоор нураахад нь ирдэг болж, Э.Бат-Үүл даргад хийх ажил олдохгүй байгаа юм байх даа” хэмээх жиргээ байв. Энэ далимд нийслэлд хотын даргын хийх ажил олон байгааг жиргээчид сануулав. Дүн өвлийн хүйтэн хаяанд ирчихсэн, зам засвар нь талдаа ч ороогүй, овоолсон шороо хотын хаа сайгүй байгааг хэлэх хүн олон байлаа. Ямартай ч өчигдрийн “халуун сэдэв” Ленин ахын хөшөөг буулгах байсан ч хотын дарга маань жиргээчид, фэйсбүүкчдээс “онц” үнэлгээ авч чадсангүй.