Марлон Брандо 1924 оны дөрөвдүгээр сарын 3-нд АНУ-ын Небраска мужийн Омаха (Небраска, США) хотноо төржээ. Түүний амьдрал кино зохиол шиг л байлаа. Түүний гэр бүлийг жишиг гэж хэлж болохооргүй бөгөөд өөрөө ч сургуулиа төгсөөгүй юм. Харгис эцэг, архичин эхээсээ зугтан Нью-Йоркт ирэн янз бүрийн ажил хийж, заримдаа тайзнаа хоёрдугаар зэргийн жүжигт тоглон амьдарч байв.
Тэр үед түүнтэй “Хүслийн трамвай” жүжгийн Стэнли Ковалькийн дүрд жүжигчин хайж байсан Уильямс Теннеси тааралдлаа. Брандо нүүр царайгаараа уг дүрд тохирон Холливудад нэвтэрч чадав. Хэвлэлийнхэн түүнд “зэрлэг” гэсэн хоч өгсөн гэдэг. Учир нь тэрээр таалагдаагүй кино, найруулагчдыг харааж, зэрлэг зангаа харуулна. “Загалмайлсан эцэг” киноны Дон Карлеонын дүрээр Оскарын шагнал авах байсан ёслол дээр тэрээр оролцолгүй индианчуудыг хавчиж байгаа эсэргүүцэн шагналаасаа татгалзсан удаатай. Холливудад тэрээр нэг их таатай хандаж байсангүй. Брандо эхнэр хүүхдийн асуудлаар ихээхэн дуулиантай амьдарчээ.
Дуулианы эзэн, тогтмол олон ааш гаргадаг учраас найруулагч нар түүнийг кинондоо урих нь ховорхон болов. Гэвч тэрээр үүнд сэтгэл зовсогүй, хуримтлагдсан хөрөнгөөрөө арал худалдан авч өнөр өтгөн гэр бүлийнхээ хамт амьдарч байлаа. Ихэнх цагаа Таити аралд өнгөрөөн нутгийн бүсгүйтэй гэрлэв. Найман хүүхэдтэй Брандо дээр нь гурван хүүхэд өргөж авсан. Амьдралын сүүлийн жилүүддээ тэрээр ихээхэн таргалж, зөнөглөсөн байв. “Загалмайлсан эцэг” 2004 оны зургадугаар сарын 1-нд уушгины өвчнөөр өөд болжээ.
Энэ өдөр таалал төгсчээ
Шиважи, Энэтхэгийн үндэсний баатар (1630.02.16-1680.04.03)
Декканы баруун хэсэгт лалын ноёрхлын зуун жилийн дараа Шиважи тэдний эсрэг бослого гарган Махараштра мужийн нутаг дэвсгэрт маратхуудын хүчирхэг улсыг байгуулсан бөгөөд Энэтхэгийн үндэсний баатар гэгддэг. Шиважи Агуу Моголуудын эзэнт улсыг сулруулж, уналтыг нь бэлтгэв.
Чатрапати Шиваджи 1630 оны хоёрдугаар сарын 16-нд Энэтхэгийн Пуна мужид төржээ. Тэрээр нөлөө бүхий феодал, цэргийн жанжны хүү байлаа. 1646-1655 онд цэргийн хүч, арга заль, хахууль хэрэглэн Баруун хойд Махараштра ба Хойд Конканыг эзэлсэн байв. 1658-1661 онд Бижапуртай амжилттай дайтав. 1660-1665 онд Агуу Моголын эзэнт улстай дайтан ялагдав. Пурандхарын энхийн гэрээг 1665 онд байгуулаад Шиважийн эзэнт улсын асар их нутгийг моголууд авч өөрөө нөлөөтэй захирагч болсон байжээ. 1670 онд тэрээр моголуудад дахин дайн зарлан байлдаж, алдсан нутгаа эргүүлэн авч дээр нь Сурат боомтыг эзлэв. Түүнийг Махараштрагийн дээд захирагчаар 1674 онд титэмлэжээ.
1675-1678 онд Каннара, Карнатик, Майсурт аян дайн хийж, амьдралынхаа сүүлийн жилүүддээ Махараштра, Каннара, Конкан, Карнатик, Майсурыг захирч байлаа. Шиважи 1680 оны дөрөвдүгээр сарын 3-нд өөрийн улсын нийслэл Райгарх хотноо таалал төгсчээ. Энэтхэгийн Бомбей хотын томоохон нисэх буудал, төмөр замын буудлыг түүний нэрээр нэрлэсэн юм.