Лениний хөшөөг дуудлагаар худалдана

Хуучирсан мэдээ: 2012.10.14-нд нийтлэгдсэн

Лениний хөшөөг дуудлагаар худалдана

“Улаанбаатар” зочид буудлын урд олон жилийг үдсэн В.И.Лениний хөшөөг НИТХ-ын захирамжийн дагуу өнөөдөр буулгалаа.

Хөшөөг буулгах  ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон албаны бусад хүмүүс, иргэд, гадаадын аялагчид ирсэн байв.

Лениний хөшөөг буулгахаас өмнө хотын дарга Э.Бат-Үүл мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Хүн төрөлхтний түүхэнд коммунистууд шиг үндэс угсаа нэгтнээ үй олноор нь өргөн цар хүрээтэй устгаж байсан нэг ч хүчин байгаагүй. Жишээ нь, Зөвлөлтийн удирдагч нар 20 сая иргэнээ хөнөөн устгаж байсан. Хятадын коммунист удирдагчид 60 сая иргэнээ хоморголон устгаж байсан. Энэ бол харийн түрэмгийлэгчид хятад хүнийг хөнөөж байсан тооноос 10 дахин их хэмжээний хүнийг хөнөөж байсан явдал. Коммунистууд эх орон нэгтнээ өргөн цар хүрээтэй устгаж байсан шиг тийм явдал хүн төрөлхтний түүхэнд хэзээ ч гарч байгаагүй. Коммунистууд шиг ийм хүчин хаана ч байхгүй. Тэдний устгасан хүний тоо 100 саяд хүрсэн гэж үздэг. Ямар ч дайн ийм их хүн устгаж байгаагүй. Тэд эх орон нэгтнээ, үндэс угсаа нэгтнээ шашин шүтсэнийх нь төлөө, тайж гаралтай байсных нь төлөө, үзэл бодлыг нь  зөвшөөрсөнгүй гээд бууддаг, ямар ч гэмгүй хүнийг устгадаг байсан. Ийм аймшигт хүчнийг бий болгосон хүн нь Ленин юм. Гэхдээ бид коммунистууд шиг эвдэлж нураахгүй. Энэ хөшөөг дуудлага худалдаанд оруулж, өөр газар байрлуулна. Сталины  хөшөө нэг хүнд байгаа. Лениний хөшөөг авч ихэрлүүлнэ гэж ярьж байсан. Хэн ч, хаана ч хадгалж болно” гэсэн юм.

Лениний хөшөөг буулгахыг эсэргүүцсэн цөөнгүй хүн энэ үйл ажиллагаанд ирсэн байлаа. Хотын дарга Э.Бат-Үүл тэдний үзэл бодлыг хүндэтгэж байна гээд  “Ленинийг сайн багш гэж боддог хүмүүсийг ойлгож байна. Энэ хүмүүсээр бахархаж байна. Ленин сайн хүн байсан гэж ярих эрхийг хангаж, үүний төлөө тэмцэж явсандаа би бахархаж байна. Хэрвээ социализмын үед байсан бол энэ үйл явдлыг эсэргүүцсэн хүмүүс маргааш нь шууд буудуулах байсан. Үүнийг сайн ойлгох хэрэгтэй” гэв.

Лениний хөшөөний дуудлага худалдааг нээлттэй явуулах бөгөөд өмнө нь үнэлгээний компаниар үнэлүүлэх аж.  Тус хөшөөний оронд долдугаар сарын 1-нд амь үрэгдсэн таван хүний хөшөөг, эсвэл Ерөнхий сайд А.Амарын хөшөөг босгоё гэсэн санал ирээд байгаа аж. Гэхдээ энэ асуудлыг одоогоор шийдээгүй байгаа юм.

Ш.ЧИМЭГ

.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж