
Уулзалтын үеэр дэслэгч генерал Жон Аллен АНУ-ын Төвийн командлалаас шууд удирдан явуулдаг Ирак, Афганистан Улс дахь цэргийн ажиллагаанд Монгол Улс эхнээс нь идэвхитэй оролцон үүргээ нэр төртэй гүйцэтгэж, өнөөг хүртэл итгэлтэй хамтрагч хэвээр байгааг онцолсон бол хариуд нь Батлан хамгаалахын сайд Л.Болд хоёр орны цэргийн алба хаагчид даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөө мөр зэрэгцэн алба хааж байгаа нь цэргийн хамтын ажиллагааны дээд хэлбэр гэж үзэж Монгол Улс цаашид ч оролцоогоо нэмэгдүүлэх байр суурьтай байгааг мэдэгджээ.
Уулзалтын дараа Батлан хамгаалахын сайд Л.Болд төлөөлөгчдийн хамт Төвийн командлалын Нэгдсэн төлөвлөлтийн багийн болон Эвслийн цэргийн зохицуулах төвийн үйл ажиллагаатай танилцаж, эвслийн цэргийн үндэсний ахлах төлөөлөгчдийн уулзалтад оролцон, Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны оролцооны талаар мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуудлаар харилцан ярилцлаа.
Батлан хамгаалахын сайд Л.Болд дөрөвдүгээр сарын 1-ний өдөр АНУ-ын Нью-Йорк хотод айлчлан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Улс төрийн газрын дарга ноён Линн Паскотой уулзаж Монгол Улс, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагаа, НҮБ-ын Улс төрийн газраас удирдан явуулж буй энхийг дэмжих ажиллагааны талаар харилцан санал солилцов.
Дараа нь Батлан хамгаалахын сайд Л.Болдыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Энхийг сахиулах ажиллагааны газрын дарга ноён Ален Ле-Руа хүлээн авч уулзан НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа, түүнд Монгол Улсын үүрэг, оролцоо, Монгол Улсын батлан хамгаалах салбарын энхийг сахиулах ажиллагааны талаар баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар санал солилцжээ. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Л.Болд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх байр сууриа нотолсон төдийгүй энхийг сахиулах ажиллагааны газартай Монголын Зэвсэгт хүчний цэргийн баг, зарим техникийг энхийг дэмжих тодорхой ажиллагаанд оролцуулах тухайд харилцан тохиролцоонд хүрлээ. Мөн ноён Ален Ле-Руаг ирэх наймдугаар сард Монгол Улсад зохион байгуулагдах Энхийг сахиулах ажиллагааны бага хуралд оролцохыг урьсан байна.