
Болзошгүй газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн бүрэлдэхүүн өнөөдрийн хуралдаанаараа дүрмээ баталсны зэрэгцээ “Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үндэсний чадавхийг бэхжүүлэх төлөвлөгөө”-тэй танилцаж, ойрын хугацаанд хийх ажлаа тодотголоо. Нийслэлийн газар хөдлөлтийн бичил мужлалын зургийг боловсруулах, нийслэлийн орон сууц, олон нийт, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтын барилга байгууламжийн 40-өөс доошгүй хувийг шалгаж, паспортжуулах, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрт газар хөдлөлтийн талаар үндсэн мэдлэг ойлголт өгөх, гамшгийн үед өөрийгөө болон бусдыг хамгаалах чадвартай болгох чиглэлээр бүлэг сэдэв боловсруулж, 2011 оны хичээлийн жилээс эхлэх, нурах аюултай барилгуудыг мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг үндэслэн үе шаттайгаар буулгах, дахин шинээр барилгажуулах ажлыг зохион байгуулах хууль зүйн орчныг бүрдүүлж, орон сууцны барилгыг шинэчлэн барих тухай Хот суурингийн төлөвлөлтийн тухай хуулийн төсөл боловсруулж батлуулах зэрэг 32 ажлыг 2013 он хүртэл хийхээр төлөвлөжээ.
Монгол Улсын Шадар сайд, Болзошгүй газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн дарга М.Энхболд энэ хурлын үеэр болзошгүй гамшгийн үед 100 мянгаас доошгүй хүн амын нэг сарын хэрэгцээг хангах нөөц бүрдүүлэх, тэдгээрийг хадгалах, чанар аюулгүй байдлыг хангах агуулах, сав тоног төхөөрөмжийг байгуулах болон Дундговь, Сэлэнгэ, Баянхонгор аймагт газар хөдлөлт бүртгэх байнгын станц шинээр байгуулах хөрөнгийн эх үүсвэрийг энэ оны улсын төсөвт суулгаж шийдвэрлүүлэхийг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.