Ховдын ихрүүд баяраа тэмдэглэлээ

Хуучирсан мэдээ: 2012.10.13-нд нийтлэгдсэн

Ховдын ихрүүд баяраа тэмдэглэлээ

Хүний заяаг олж төрөх нь ховор. Тэр дундаа нэгэн насны найзтайгаа хамт ихэр төрөх нь бүр ховор гэдэг. Харин Монгол Улсын хэмжээнд 10 мянга гаруй ихэр байдаг гэсэн тоон мэдээлэл бий.

Ховд аймагт “Ижил заяа, ихэр заяа” нэртэй ихрүүдийн баярыг гурван жил дараалан зохион явуулж байна. Энэхүү арга хэмжээг өнгөрсөн жил Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо, “Сандаг” сан зохион байгуулж байсан бол энэ жил ерөнхий зохион байгуулагчаар аймгийн Хүүхдийн төлөө хэлтэс, “Сандаг” сан, “Цагаан бөлбөө” ХХК уламжлал болгон хамтран зохион байгууллаа. Ивээн тэтгэгчээр “Ховд Итгэл” төв, “Ганга нуур”, “Ховд Скай”, “Ховд НИК” зэрэг компаниуд оролцсон байна. Ивээн тэтгэгч байгууллагууд ихрүүдэд бэлэг дурсгалын зүйл гардуулж, зоог барин хүндэтгэл үзүүлсэн юм. Одоогоор Ховд аймгийн хэмжээнд 250 ихэр бүртгэгджээ.

Энэ удаагийн ихрүүдийн баяр төр, засагт өөрсдийн нийгмийн асуудлаа танилцуулж шийдвэрлүүлэхэд чухал байснаараа онцлог болжээ. Тухайлбал, ихэр хүүхэдтэй эцэг, эхэд ихрүүдээ өсгөж торниулж, асарч сувилахын тулд ажил хийх боломж олддоггүй тул хүүхдээ асарч хоёр нас хүргэтэл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тэтгэмж олгохыг төрөөс хүсчээ. Мөн ихрүүдийг эмчилгээ сувилгаанд явуулж эмчлүүлэхэд туслах, цэцэрлэг сургуульд ороход нь хувцас, хичээлийн хэрэглэлийн туслалцаа үзүүлэхийг хүссэн байна. Залуу гэр бүл ихэр хүүхэд төрүүлбэл байр орон сууц авахад нь хөнгөлөлттэй зээл тусламж үзүүлэх зэрэг нийгмийн халамжийн олон асуудал ихрүүдэд тулгамдаж байгааг төр, засгийн сонорт хүргэхийг энэ удаагийн ихрүүдийн баяраар онцгойлон чухалчилсан байна.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж