Алтанбулагаас хөрөнгө оруулагчид зугтдаг болсон

Хуучирсан мэдээ: 2012.10.12-нд нийтлэгдсэн

Алтанбулагаас хөрөнгө оруулагчид зугтдаг болсон

Чөлөөт бүсийн зөвлөлийн нарийн бичгийн дарга  Х.Ганболдтой ярилцлаа.

-Чөлөөт бүс гэхээр л хэдэн хоосон хашаа байдаг гэх шүүмжлэл нэг үеэ бодвол алсарч байна. Таны хувьд их л бүрхэг байх үед нь ажил авсан хүн. Өнөөдөр эргээд харахад юу бодогдож байх юм бэ. Уг нь уул уурхай гэж ханарахаар чөлөөт бүс рүү л анхаарлаа хандуулах хэрэгтэй гэх хүн олон байдаг л даа?

-Хүнд эргээд олдохгүй амьдралын орон зай гэж байдаг.Тэр орон зайд хийсэн бүтээснээ боломж олдсон, олгосон нөхцөлд эргээд нэг харж, дүгнэчихдэг байх ёстой гэж би боддог юм. Урьд нь ч хийсэн ажлаа бодож дүгнээд л явдаг байсан. Энэ удаа ч бас нэг чөлөөт бүсийн ажлыг авчихаад өнгөрсөн хугацаанд би юу хийсэн юм бэ гэж нэг харсан. Эргээд харах нь ээ, ноосоо тушаасан хүн сэтгэл амар налайгаад суудаг даа, түүн шиг л нэлээд ажил амжуулсан юм байна даа гэж бодож сууна. Мэдээж цаашид  ч хийх ёстой юм их байна. Анх ажил авсны дараахан над дээр ирж уулзаж байсан хүмүүс “Энэ чөлөөт бүс чинь хэзээ ажилд орох юм бэ. Ямар бодлогоор яаж явуулах гэж байна вэ. Бид хурдан ажлаа эхэлмээр байна” гэдэг байсан. Тухайн үед нөхцөл байдал ямар байсныг та нар мэдэж байгаа. Чөлөөт бүс байгуулагдаад бараг арваад жил өнгөрчихсөн… Хөрөнгө оруулалт, хууль эрхзүйн орчин нь задгай, нийгмийн уур амьсгал бүрдээгүй. Нийгэм, иргэд байтугай  бизнесменүүд нь энэ тухай ойлгодоггүй, тийм цаг үед буюу 2009 онд Чөлөөт бүсийн зөвлөл байгуулагдсан юм шүү дээ. Дашрамд хэлэхэд хувь хүний хувьд  аливаа юмыг Ардчилсан эхлүүлдэг гэж би боддог. Тэгж  ч харагдаад байгаа юм. Ардчилсан Монгол Улсад өмч хувьчлалыг эхлүүлсэн. Мал, орон сууц, газар гэхчлэн… Санаачлагч, үндэслэгч нь Ардчилсан нам байдгийн бас нэг үлгэр жишээ нь чөлөөт бүс гэж би боддог. Мэдээж одоогоор яг таг хийгээд дуусгачихаагүй байна. Ажил ид өрнөж байна. Миний хувьд ямар ч байсан ажил хийж байх хугацаандаа сэтгэл амар юмаа хийгээд, нэгэнт эхлүүлснийх чөлөөт бүсийг төр, засгийн бүтэц рүү оруулсандаа баяртай байдаг. Чөлөөт бүсийн асуудал тухайн үеийн Тэргүүн  шадар сайдын эрхлэх ажлын хүрээнд багтсан нь маш зөв сонголт болчихсон юм. Тэргүүн шадар сайд 2009 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр намайг дуудаж уулзаад санал тавьсан. Надад үнэндээ тэр үед ямар ч ойлголт байгаагүй. Нийгэмд иргэд ямар ойлголттой байсан тэр хэмжээний л мэдээлэлтэй байсан. Замын-Үүд, Алтанбулагийн чөлөөт бүс гэж яригддаг, сонин хэвлэлээр таагүй мэдээлэл хөвөрдөг байлаа шүү дээ, тэр үед.

-Ингэхэд та яг ямар мэргэжилтэй хүн бэ. Чөлөөт бүсийн хөгжлийг хараад байхад үл мэдэгч эсвэл тэс хөндлөнгийн байдлаас болж ажил нь саатдаг юм болов  уу гэх бодол төрдөг л дөө?

-Би эдийн засагч, эрхзүйч мэргэжилтэй. Ажил аваад л дотроо, эндээс гарах гаргалгааг би олно. Улс төрийн шийдэл ч гарч ирнэ гэж мэдэж байсан. Мэдээж, хувь хүний хувьд өмнөө тавьсан зорилт, юм хийе гэсэн санаа ч байсан. Тийм ч учраас би энэ ажил руу их зоригтой яваад орчихсон, одоо эргээд бодох нь ээ. Энэ дөрвөн бүсийг яаж эвтэйхэн авч явах вэ, ямар бодлогоор босгож ирэх вэ гэдэг хүнд асуудал тулгарсан. Миний доор долоон хүн л ажилладаг. Наймуулаа л сэтгүүлчдийн хэлдгээр гар нүцгэн хөтлөлцөөд орж байлаа шүү дээ. Үнэхээр хүнд нөхцөл байдалтай байсан. Бүх юм зогсонги байдалтай. Тэгээд л эхний ээлжинд эрхзүйн орчноо зөв хийх ёстой юм байна. Дараа нь хөрөнгө оруулалтын орчинд анхаарлаа хандуулъя. Гуравт, нийгэм тэр тусмаа эхлээд дотооддоо, чөлөөт бүсийн тухай ойлголтыг зөв өгье. Дараа нь гадаад руу гэсэн зорилт тавьсан. Ялангуяа хоёр хөрш рүү гаръя гэсэн зорилтыг эхний ээлжинд тавьсан. Тавьсан зорилтоо биелүүлэхийн төлөө нэлээн ажилласан. Ажил авсны дараахан Алтанбулагийн хөрөнгө оруулагчид гээд Алтанбулагт газар авчихсан нөхдүүд над дээр орж ирсэн. Тэд “Алтанбулагийн чөлөөт бүс гэж яриад гурав, дөрвөн жил болчихлоо. Гэтэл юу ч алга. Дэд бүтэц нь босоогүй, байдал хүнд байна. Асуудлаа шийдэж өгөөч” гэж байсан. Эрхзүйн орчин нь ч тодорхойгүй асар олон проблем ярьж,  Алтанбулагийн 400 гаруй га газрыг эзэмшиж байгаа 100 гаруй аж ахуйн нэгжийн зүгээс санал тавьсан. Хууль судлаад сууж байхад, чөлөөт бүс нь өөрөө тухайн чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын зөвлөлтэй, уг зөвлөлд ажлаа тайлагнадаг байх ажлын уялдааг оруулаад өгчихсөн байсан юм. Өөрөөр хэлбэл, төрийн бус байгууллагатай хамтран ажиллах боломж нөхцөлийг хуульчилчихсан байсан. Тэгээд би “3а цөмөөрөө хамтарч ажиллая, гурван Р-гийн зарчмыг хэрэгжүүлье. Төрийн өмнөөс чөлөөт бүсийнхэн явъя, дагнасан төрийн бус байгууллагаа та нар байгуулчих. Санаачлага төслүүдээ гаргаад ир” гэж саналаа тавьсан. Тэр дагуу анх удаа Алтанбулагийн худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын зөвлөл гэж чөлөөт бүсэд  хандсан хөрөнгө оруулагчдын эвсэл бий болсон. Их том амжилт шүү. Хөрөнгө оруулагчдын зөвлөл биднийг шахаж, ажилласнаар Засгийн газарт энэ ажлыг явуулах бололцоог нээж өгсөн. Үүнийг тухайн үеийн Тэргүүн шадар сайд их зөв олж харсан юм шиг санагддаг юм. Тиймдээ ч бидний нэгдсэн санаачлагийг их сайн дэмждэг байсан хэрэг.

-Ингэснээр бодлогын ямар  ямар асуудал шийдэгдсэн бэ?

-Ерөөсөө л хууль эрхзүйн орчинг нь сайжруулъя. Замын-Үүд, Алтанбулагийн чөлөөт бүсийг эхний ээлжинд босгоод авъя гэж бодсон юм. Тэр ч утгаараа энэ хоёр бүсэд зориулсан бүх хууль эрхзүйн актуудыг бүрдүүлсэн. Эхний ээлжинд виз олгох, гадаадын харьяалалтай иргэний бүртгэлийн түр журам, гаалийн горим хэрэгжүүлэх журам гэхчлэн бүх журмуудыг асар богино хугацаанд буюу 2009-2010 оны хооронд хийж амжсан. Дээрээс нь энэ хоёр бүсийн ерөнхий төлөвлөгөө хийх ёстой байсан. Ерөнхий төлөвлөгөө бол бидний ажлын суурь бичиг баримт болж байгаа юм. Тухайн бүсийг хөгжүүлэх суурь бичиг баримт гэдэг утгаараа эрхзүйн орчны нэг хэлбэр нь нь. Алтанбулагийнх бол ерөнхийдөө хийгдчихсэн байсан. Харин бид Замын-Үүд, Цагааннуурынхыг хийсэн мөн Чойрынхыг хийж байгаа. Эрхзүйн бичиг баримтаа боловсруулаад Засгийн газрын хуралдаанаар оруулж, ямар ч байсан эхний ээлжинд Замын-Үүдийнхийг батлуулаад авчихсан. Ингээд эрхзүйн бичиг баримтаа цэгцэлчихээр хөрөнгө оруулалтын асуудал босоод ирж байгаа юм. Анх Чөлөөт бүсийн зөвлөлийг байгуулахад нийт чөлөөт бүс дээр оруулсан хөрөнгө оруулалт нь тавхан тэрбум төгрөг байсан юм шүү. Дөрвөн чөлөөт бүсийн хөрөнгө оруулалт  дээр гэсэн үг шүү дээ. Тэр таван тэрбум төгрөгийн гурван тэрбумаар нь гурван хашаа л барьсан байсан. Хоёр тэрбум төгрөгийнх нь нэг тэрбумаар нь Замын-Үүдийн мэргэжлийн албадын барилгыг барьж, үлдсэн нэг тэрбумыг нь Алтанбулагийн чөлөөт бүсэд хөрөнгө оруулсан л гэж байсан. Өөр мөнгө үнэндээ байгаагүй. Тэгээд ч 2009 онд улс даяар эдийн засгийн хямралд өртчихсөн хэцүү цаг үе байсан ч бид энэ үед нь ажлын зургуудаа хийлгээд авсан. Ажлын зурагнуудаа хийлгэнгүүтээ хөрөнгө оруулалтандаа анхаарал хандуулсан. Энэ дундаас хоёр зүйлийг онцгойлмоор байна.

-Яг юуг онцгойлно гэж?

-2009 оны аравдугаар сарын сүүлээр Замын-Үүд сумын үндсэн дэд бүтэц, тодруулбал, цэвэр усны хангамж, бохир усны шугам сүлжээ, ариутгал, эрчим хүч, дулааны хангамж, сум доторх замын асуудал гэсэн таван асуудлыг нэгтгэсэн ТЭЗҮ гаргаад Хятадын 300 сая ам.доллараас 50 сая ам.долларыг нь татаж авч байршуулсан маань “аймшигтай” том гавьяа байсан. Чөлөөт бүсээр овоглодог бүх байгууллага хүмүүс хамтарсны хүчин дээр шийдүүлсэн юм.  Тухайн үеийн Замын-Үүдийн чөлөөт бүсийн захирагч Гантөмөр манайхтай нягт хамтарч ажилласны хүчинд гол юмаа босгоод авсан хэрэг. Мөн Алтанбулагийн зураг төслийн ажлыг ч босгоод авсан.  Ингээд санхүүгийн эх үүсвэрээ хайж, Хятадын 300 сая ам.доллараас 50 саяыг нь Замын-Үүд рүү татсаны хүчинд өнөөдөр Замын-Үүдийн ажил эхэлж, ид бүтээн байгуулалт өрнөж байна. Тухайн үеийн Барилга хот, байгуулалтын сайд Х.Баттулга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Монгол-Хятадын Засгийн газрын комиссын дарга М.Энхболдын дэмжлэгээр энэ мөнгө Замын-Үүдэд хуваарилагдсан. Мөн 2010 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хятад улсад айлчлаад буцахдаа Замын-Үүдээр орсон нь бас нэмэр болсон. Өнөөдөр зөвхөн Алтанбулагт гэхэд л 25 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулчихаад байна. Асар том хөрөнгө оруулалт шүү. Би түрүүн хэлсэн, 2009 он хүртэл ганц хашаатайгаа нийлээд хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай байсныг 12 дахин нэмэгдүүлсэн. Өнөөдөр бүтээн байгуулалтын ажил хийгдээд бэлэн болчихсон. Товчхондоо эрхзүй болон хөрөнгө оруулалтын орчныг нь өнгөрсөн дөрвөн жилд шийдчихсэн. 2014 он гэхэд бүх юмаа бүрэн хүлээж авна гэсэн зорилттой явж байна. Амжина  гэж бодож байгаа. Уг нь урьдчилаад хийчих санаатай оролдсон ч нэгд, эдийн засаг “хотгор” байсан. Дээрээс нь зураг төсөл,  ТЭЗҮ хийх гэж бас ч гэж багагүй хугацаа алддаг юм билээ.

Гуравт, бид чөлөөт бүсийг нийгэмд зөвөөр ойлгуулах нь нэн чухал асуудал болчихоод байсан. Үүнд ч бас чамлахааргүй амжилт гаргасан. Алтанбулагийн хөрөнгө оруулагчдын зөвлөл, тэр байтугай Замын-Үүд дээр хоёр хөрөнгө оруулалтын зөвлөл зэрэг байгуулагдсан. Бас Цагаан нуур болон Чойрын хөрөнгө оруулагчдын зөвлөл гээд манайх чинь таван хөрөнгө оруулагчдын зөвлөлтэй болж байгаа юм. Дээрээс нь Худалдаа аж үйлдвэрийн дэргэд чөлөөт бүсүүдийн зөвлөл гэж манайтай хамтарсан бас нэг байгууллага байгуулагдсан. Мөн манай хөрөнгө оруулагчид нийлж байгаад Чөлөөт бүсийг хөгжүүлэх сан байгуулсан. Ерөнхийдөө энэ чиглэлд 7-8 төрийн бус байгууллага бий болно гэдэг чинь асар их сонирхлыг нийгэмд төлөвшүүлж, бизнесменүүдийн чөлөөт бүс рүү хандах хандлагыг татаж чадсаны үр дүн гэж хэлж болох байх.

-Тэгэхээр одоо ямар ч байсан дотооддоо чөлөөт бүсийг эергээр ойлгож хүлээж авах уур амьсгал бүрдчихсэн гэж ойлгож болох нь ээ?

-Тэгэлгүй яахав. Дотоод талаасаа хувийн хэвшлийнхэн болон төр засгийнхаа зүгээс дэмжлэг авчихлаа. Мөн хөрөнгө оруулалт, хууль эрхзүйн орчин бүрдсэн. Сайхан боломжтой болчихлоо. Нөгөөтэйгүүр бид геополитикийн хувьд нутаг дэвсгэр, байршлаа мэдэрч, ойлгох хэрэгтэй. Монголчууд өч төчнөөн хятад, оросууд орж ирлээ гэж яриад л байна. Хүссэн хүсээгүй энэ хоёр оронгүйгээр манай улс явахгүй. Манай улсын эдийн засгийн хөгжлийн сайн, муу тал нь энэ хоёр оронтой салшгүй холбоотой. Салгаж ойлгох аргагүй. Үүнтэй адилхан чөлөөт бүсүүдийн хөгжил энэ хоёр оронгүйгээр хол явахгүй. Тийм учраас энэ хоёр орон руу гарах гарцыг эхэлж гаргах ёстой.

-Хаанаас эхэлнэ гэж?

-Бид хаяанаасаа эхлэх л ёсто. Хажуудаа байгаа Хиагтад Алтанбулагийн чөлөөт бүсийг ойлгуулж чадахгүй бол Москвад ойлгуулна гэж үгүй. Тиймээс бид эхлээд Хиагт, дараа нь Улаан-Үдэд ойлгуулаад Москва руу явна. Хиагтын удирдлагад ойлгуулах гэж хэд хэдэн удаа урьж, чөлөөт бүсээ танилцуулсан. Улаан-Үдийн удирдлагыг ч мөн л хэд хэдэн удаа урьж, чөлөөт бүсээ танилцуулсан. Ялангуяа Буриадаас парламентынх нь дарга, Засгийн газрынхаа таван гишүүнтэй орж ирэн манай бүсийг үзсэн. Үүнээс хойш оросууд манай чөлөөт бүсийн  талаар баримталдаг бодлогоо эрс өөрчилсөн шүү. Х.Баттулга сайд, мөн Ерөнхий сайдтай 2010 онд Путин уулзаад тусгайлан ярилцсан, энэ асуудлаар..

-Юу гэж хэлсэн юм бэ?

-Алтанбулагийн чөлөөт бүсийг бид дэмжиж ажилланаа гэж… Орос, Монголын Засгийн газрын комиссын дарга Н.Алтанхуяг сайд байсан юм, тэр үед. Маш их анхаарал тавьж, Засгийн газар хоорондын хуралдаанд манай бүсийнхнээс байнга хүн дагуулж явдаг байсан. Тэр бүхэн хожим Путинээс энэ үг гарах үндэслэл болсон. Нэг ёсондоо бид доороос эхлээд дээр хүртлээ тохирсон, ойлголт өгчихсөн. Тэглээ гээд ойлголт өгөөд зогсчихсон хэрэг бус. Өнөөдөр оросууд Улаан-Үдээс Хиагт хүртэлх замаа бүрэн шинэчилчихлээ. Тусгалтай байгаа биз. Мөн Хиагтын дамжин нэвтрүүлэх боомтынхоо хүчин чадлыг нэмэхээр зураг төслийг нь хийгээд бэлэн болчихсон, одоо ажилдаа орчихоод явж байна. Түүнчлэн Хиагтад манай ачааг цаашаа дамжуулдаг ачааны суудлын терминалиудыг шинээр байгуулаад эхэлчихсэн. Ажил нь эхлээд явж байна. Хэдийгээр энэ орос талдаа хийгдэж байгаа ч бидний ажлын бас нэг үр дүн гэж би ойлгож байгаа. Тэр байтугай саяхан манай Гадаад харилцааны яаманд нот ирсэн. Тодруулбал, бид, та нарт дамжин өнгөрүүлэх чадамжаа сайжруул гэж олон удаагийн хүсэлт тавьсан. Мөн Хиагт, Алтанбулагийн чөлөөт бүсийг 24 цагийн үйл ажиллагаатай болгоё гэсэн хүсэлт тавьсан. Оросын тал хөдөлчихсөн байгаа биз. Дээрээс нь оросууд визгүй зорчъё гэсэн асуудлыг тавьсан, Гадаад яаманд. Манай засагт хүсэлтээ тавьчихсан байж байгаа гэсэн үг. Өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлын маань эцсийн үр дүнд оросууд дэд бүтцээ хийчихлээ, хилээр нэвтрүүлэх чадамжаа сайжруулчихлаа, одоо визний асуудлаа тавьчихлаа. Ерөнхийдөө бидний хүсээд байсан асуудлыг оросууд шийдчихлээ шүү дээ.  Энэ бүхэн гадаад харилцаан дээрээ бидний хийсэн маш том ололт. Дөрвөн жилийн дотор хийчихдэг жижиг ажил биш шүү. Дашрамд дуулгахад ХАА-н яамтай харилцан хамтран ажилласны үр дүнд Алтанбулаг ХЧБ-д мах боловсруулах үйлдвэр байгуулахаар UNIDO байгууллагатай хэлэлцээр хийж эхний шатны судалгаагаа хийж байна. Мөн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээс Чойр ЭЗЧБ-д махны үйлдвэр хөргөлттэй зоорь, Цагааннуур ХЧБ-д буудайны агуулах элеватор барихаар хэлцэл эхлүүлээд явж байгаа.

-Замын-Үүд ч нэг үеэ бодоход сайхан болжээ гэж бодогдсон. Сая салбарын сайдыг дагаж очиход?

-Хятадын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг аваад 10 жил болчихсон. Хөрөнгө оруулалтууд нь зогсчихсон. Төслүүдээ тавьж чадахгүй гацчихсан байж байхад манай Чөлөөт бүс өөрийнхөө төслүүдийг оруулсан гэж би дээр хэлсэн дээ. Ямар, ямар хүмүүс ажиллаж байсан гэдгийг… Маш идэвхтэй зохион байгуулж, тендерийг нь зарлаад, 2014 онд бүрэн хэмжээгээр ашиглалтанд оруулахаар Хятадын хөнгөлөлттэй зээлээс авчихсан ажлаа хийгээд явж байна. Энэ бол нэг ололт. Хоёрт, Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд Хятадад айлчлахдаа тохиолдлоор албан ёсны айлчлалын багийн бүрэлдэхүүндээ намайг оруулаагүй байх гэж би боддог юм. Бээжин, Чанчунь, Хөх хот, Эрээн, Замын-Үүд гэсэн маршрутаар явсан. Шанхай бол Хятадын хамгийн анхны чөлөөт бүс. Чанчунь бол одоо Түмэн голын төсөл буюу олон улсыг дамжсан чөлөөт бүс хийхээр төсөл нь хийгдээд маш идэвхтэй ажиллаж байгаа газар. Өвөрмонгол манайхтай соёл, хэл угсаа нэгтэй газар. Үйлдвэрлэл технологийн паркийг ид байгуулж байна, тэнд. Харин  Эрээн бол манай Замын-Үүдийн хөрш. Ерөнхийлөгч яг ийм маршрутаар явж ирсэн нь чөлөөт бүс цаашаа явах, хөгжих  ёстой гэдгийг олон нийт, Хятадын талд ойлгуулсан асар том ухаан байсан. Нэг ёсондоо Ерөнхийлөгчийн зүгээс чөлөөт бүсэд өгсөн асар том дэмжлэг гэж болно.

Түүнээс гадна өнгөрсөн хавар Ерөнхийлөгч Замын-Үүдээр дайраад өнгөрсөн. Өнгөрсөн хугацаанд ажил хэр урагшилж  вэ гэдгийг ажаад өнгөрсөн байх. Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгчийн зүгээс чөлөөт бүсэд анхаарал тавьж буйгийн илрэл гэж би ойлгож байгаа. Сая тавдугаар сард эхлүүлсэн ажлууд шүү дээ. Сая есдүгээр сарын эхээр очиход цэвэр усны байгууламж бэлэн боллоо, ирэх онд ашиглалтад өгнө. Чөлөөт бүсийн зам ирэх онд ашиглалтад орно, шугам сүлжээг 2013 онд дуусгачих байх. Харин дулааны станцын ажил жаахан хоцрогдолтой байгаа. Гэхдээ гэрээний хугацаанд хийнэ. Мэдээж сайны хажуугаар саар гэдэгчлэн проблем бол байгаа. Юуг нь нуух вэ. Гэхдээ Монголын талаас… Жишээ нь ажиллах хүч оруулах хууль гэх мэт гээд асуудал бас байнаа, байна. Өөрөөр хэлбэл, Монголын тал үүргээ биелүүлээгүйгээс гарч байгаа хоцрогдол. Хятадын талаас манайд хангалттай дэмжлэг үзүүлж байгаа. Тэгээд ч  бид чөлөөт бүсийн хөгжлийг Хятадын талтай ярихгүйгээр урагшлуулна гэж байхгүй гэдгээ ойлгох хэрэгтэй. Эрээн  болон Хөххотын удирдлагуудтай олон удаа уулзаж санал бодлоо солилцсон. Хөххотын худалдааны танхимтай хамтарч ажиллах гэрээ байгуулчихлаа. Түүнчлэн Шинжань, Уйгурын Хоргосын чөлөөт бүстэй танилцлаа. Манай эх газрын чөлөөт бүстэй адилхан бүс л дээ. Түүнээс гадна сая Өвөрмонголын удирдлагууд манай улсад айлчилэ гурван асуудлыг шийдчихээд явлаа.

-Ямар гурван асуудал?

-Эрээнээс Замын-Үүд рүү орж ирдэг ганцхан зам байдаг юм. Энэ замыг хос болгож 1,5 км замыг буцалтгүй тусламжаар тавьж өгнө гэж амласан. Хоёрт, цахилгааны эх үүсвэр тодруулбал сэргээгдэх эрчим хүчний буюу салхин цахилгаан станц барих ажилд дэмжлэг үзүүлж хамтарч хийе гэлээ. Гуравт танай хүмүүсийг сургаж, сургалтад хамруулъя гэсэн. Түүгээр зогсохгүй Өвөрмонголын топ компаниудыг танай чөлөөт бүс рүү оруулж ирэх ажлыг зохион байгуулж өгье гэж амлачихаад явлаа. Яалт ч үгүй өнгөрсөн  хэдэн жилд бидний гадаад харилцаандаа анхаарал тавьж ажилласны үр дүнд гарч байгаа том амжилт. Чамлалтгүй шүү. Гурван жил гэдэг бага хугацаа. Бага хугацаанд их ажил амжуулсны үр дүн гэж л хэлнэ дээ, би.

-Мэдээж цаашдаа хийх юм ч их байгаа байх. Нэн тэргүүнд гэж онцлох ажил гэвэл?

-Энэ чөлөөт бүс Монгол Улсын засгийн бүтцэд багтдаггүй байсан байгууллага. Та нар бараг итгэхгүй дээ. Үйлдвэр худалдааны яамны нэг газар, хэлтсийн доор ганцхан мэргэжилтэн хариуцдаг байсан юм шүү дээ, 2008 он хүртэл. 2009 оноос хойш чөлөөт бүсийн орон тооны бус зөвлөл байгуулагдаад Тэргүүн шадар сайдаар ахлуулсан. Зөвлөлийн ажлын алба энэ ажлыг авч явдаг байсан юм. Гэтэл өнөөдөр чөлөөт бүсийг үнэхээр явуулахгүй бол болохгүй юм байна гээд Засгийн газрын бүтцийн байгууллага болголоо. Чөлөөт бүсийг 100 хувь хүлээн зөвшөөрч буйн илрэл. Эдийн засгийн яаманд Чөлөөт бүсийн гэх тусгайлсан хэлтэс байгуулаад оруулж ирлээ. Би шшнд их баяртай байгаа. Ойлгож хүлээж авч хэлтэс болгосонд нь Эдийн засгийн сайд Батбаярт баярлаад байгаа юм. Байхаас өөр аргагүй асуудал л даа, угаасаа. Цаашид хийх ажил нэлээд бий гэдэг нь мэдээж. Гэхдээ нэн тэргүүнд Чөлөөт бүсийн тухай хуулийг өөрчлөх ёстой.

-Өнгөрсөн хугацаанд өөрчлөх боломж гараагүй юм уу?

-Хуулийн төслийг бол хийчихсэн байгаа. Гэхдээ нийгмийн уур амьсгал бүрдээгүй байхад хуучин хуулийг шинэчилж оруулж ирэх нь эрсдэлтэй байсан.

-Яагаад. Ямар эрсдэлтэй  гэж?

-УИХ-ын гишүүд нь өөрсдөө ойлгохгүй. Хэрвээ нэг л буцаачихвал дахиж хэлэлцэгдэхэд их хүндрэлтэй болно. Тиймээс тохиромжтой уур амьсгал бүрдэхийг хүлээсэн, өнгөрсөн гурав дөрвөн жилийн хугацаанд. Хүлээснээрээ ч оносон. Үйл ажиллагаагаараа тэр таатай нөхцөлийг бий болгож чадсан. Одоо бол Чөлөөт бүсийн тухай хуулийг оруулах боломж бүрдсэн гэж харж байгаа. Хийх ёстой. Үүнтэй холбоотойгоор чөлөөт бүсэд чөдөр тушаа болоод байгаа хуулиудыг өөрчлөх ёстой. Хамгийн эхэнд Чөлөөт бүс тусгайлан хамгаалагдсан хил болон гаалийн гадна талын бүс гэдгийг санах ёстой. Энэ бүс рүү гадны ажилчин орж гарахад Монгол Улсын Засгийн газраас гаргадаг гаднаас ажиллах хүчин авдаг, гаргадаг квотонд ордог байдлаас ангижрах хэрэгтэй. Чөлөөт бүс дээр гадны ажиллах хүч, технологи авах гэж байж юуных нь квот байдаг юм бэ. Жишээлбэл, эхний ээлжинд гаднаас ажиллах хүч авах, гаргах хуулинд өөрчлөлт оруулаад чөлөөт бүсэд хамаарахгүй гэсэн заалтыг оруулж өгөх ёстой. Гол цөм нь энд байгаа юм. Мөн чөлөөт бүсийн бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах ёстой. Чөлөөт бүсүүдийн захирагчийн ажлын албаныхан захиалагч байгууллага. Нэг ёсондоо ашиглалтын өмнөх захиалагч байгууллага л болох ёстой гээд байгаа юм. Тэгэхгүй бол нэг их нүсэр бүтэц гарч ирчихээд нүсэр харагдаад байгаа юм. Үүнийг өөрчлөх ёстой. Гуравт чөлөөт бүсийн дэд бүтцийн ажлууд 2014 онд бий болно гэж байна. Үүнтэй холбоотойгоор маш яаралтайгаар чөлөөт бүсүүдэд хөрөнгө оруулалтыг татан оролцуулж газар олголтыг хийх ёстой. Яагаад гэвэл 2014 онд дэд бүтцүүд нь ашиглалтад ороод ирэхэд ашиглагч байхгүй байж болохгүй шүү дээ. Жишээ болгож, Алтанбулагийн чөлөөт бүсийн асуудлыг тайлбарлая. Алтанбулагийн чөлөөт бүс Сүхбаатар сум руугаа цахилгааны шугамаа холбочихсон, цахилгаан, цэвэр усны 13 км шугам холбочихсон. Гэтэл  сум нь  холбогдоогүй,  өнөөдөр хэрэглэгчгүй болоод зогсчихсон байна. Нэг ёсондоо газрын доор үхмэл хөрөнгө бий болчихсон. Ашигладаггүйгээс болоод  их хэмжээний нэмэлт зардлууд гарч байна. Тэгэхээр үүнээс урьдчилан сэргийлж бодитой хөрөнгө оруулагчдыг татаж оруулах асуудалд анхаарлаа хандуулах л учиртай. Би бодохдоо газар олгох асуудлыг яг ерөнхий төлөвлөгөөний дагуу, батлагдсан төлөвлөгөөний дагуу сонгон шалгаруулалттайгаар тэндэх дэд бүтцэд оруулсан хөрөнгийг тухайн га газарт нь хуваагаад тэр хэмжээний дэнчинтэйгээр 2-3 компанийг зэрэгцүүлэн сонгон шалгаруулж олгох ёстой гэж бодоод байгаа юм.

-Яагаад 2-3 компани гэж. Дангаараа байж болохгүй юм уу. Нөгөөтэйгүүр манайхан дангаараа авахыг л чухалчлах юм биш үү?

-Нэг газар өгчихөөр нөгөөдөх нь өнөө газраа дараад суучихдаг. Юм хийсэн ч үнээ өсгөөд монопол тогтоочихдог. Тиймээс л өрсөлдөөн бий болгохын тулд 2-3 гээд байгаа юм. Үүнд гадаадын ганц нэг компани байх хэрэгтэй. Ийм байдлаар л газар олгох асуудлыг шийдэх ёстой. Одоо яагаад газар олгох тухай яриад байна вэ гэвэл Ерөнхий сайдын захирамжаар Замын-Үүдийн чөлөөт бүсийн газрыг ашиглах стратегийн хөрөнгө оруулагч ол гээд заачихсан байдаг юм. Одоо энэ хожимдлоо. Тийм учраас маш хурдан энэ ажлыг эхлүүлэх ёстой. Газрыг уралдаант шалгаруулалт, өрсөлдөөнгүй олгосноос одоо Алтанбулагт түгжрэл бий болчихсон. Хөрөнгө оруулагчид газар авчихаад юм хийдэггүй, зогсчихсон. Нэг ёсондоо Алтанбулагийн төсвөөс орсон хөрөнгийг хөлдөөж байна. Эхлээд намайг ажил авахад дэд бүтцээ хийгээдэх гэж орилоод байсан. Өнөөдөр дэд бүтцээ хийчихээд та нар ажилла гэхээр хөдөлдөггүй. Хөрөнгө оруулагчид биднээс зугтдаг болчихсон шүү дээ. Алтанбулагт байгаа хөрөнгө оруулагчдыг дуудаад юм хий гэхээр зугтаад ирэхгүй ш дээ. Урьд нь хүрч ирээд л та нар юм хийхгүй байна гээд биднийг барьж идчих дөхдөг байсан юм. Тэгэхээр өөрчлөлт гарсан байгаа биз. Шуудхан хэлэхэд Алтанбулагийн газрыг өрсөлдөөнгүйгээр аж ахуйн нэгжүүдэд өгсний балаг нь энэ. Хатуу гэрээ хийлгүй өгсний хар гай, лай ланчгийг өнөөдөр бид Алтанбулагаас мэдэрч байна. Алдаа нэг л байдаг. Замын-Үүдэд энэ алдааг яасан ч давтаж болохгүй. Алтанбулагийн газрыг цэгцлэх цаг болсон. Тэгэхээр газар олгох ашиглах ажлыг одоо засаг төрөөс хэдэн хуулиудад  өөрчлөлт хийгээд л гадныхныг чөлөөтэй оруулж виз олгох, харьяалалгүй иргэд оруулах журманд өөрчлөлт оруулаад хамгийн гол нь гаднаас ажиллах хүч авдаг заалтуудыг бүр мөсөн шийдвэрлээд тендер шалгаруулалтыг дахин  хийхгүйгээр амбан явахгүй байж байгаа шүү дээ. Одоо энэ засаг иймэрхүү ажлыг амжуулчихвал манай хоёр чөлөөт бүс хөдлөхөд ямар нэгэн асуудал байхгүй.

-Алтанбулагийн газар олголт ч нээрээ асуудалтай юм байна лээ. Анхнаасаа л яах гэж тэгсэн юм бол оо?

Энэ газрыг 2008-2009 онд Улаанбаатарт газар үнэд ороод бөөн юм болж байсан үе. Харин чөлөөт бүсүүдэд хөрөнгө оруулалт байхгүй байсан үед л хөрөнгө оруулах гээд хаа хамаагүй газруудад олгочихсон юм байна лээ. Ямар ч төсөлгүйгээр хандсан хүн, аж ахуйн нэгж болгонд өгчихсөн юм билээ. Судалгаагаар 60-70 аж ахуйн нэгж байгаа гэдэг юм. Яг үйл ажиллагаа явуулъя гэсэн сэтгэл зүрхтэй дөрөв таван аж ахуйн нэгж л байгаа. Бусад нь газрын бизнес хийх л сонирхолтой. Энэ бол бидний алдаа. Тухайн үеийн нөхцөл байдал, эдийн засгийн байдал, хүмүүсийн сэтгэхүй ч нөлөөлсөн биз. Хэдийгээр замбараагүй  ч гэсэн нэгэнт авчихсан, эзэнтэй болчихсон газрыг хөдөлгөж болдоггүй. Ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж, хөрөнгө оруулагч гээд газар авчихсан нөхөдтэй хуулийн дагуу хариуцлага тооцоод шинээр гэрээ байгуулах л ёстой. Маш нарийн гэрээ шүү… Уг газрыг яаж яг ямар зориулалтаар ашиглах вэ гэсэн нарийвчилсан төлөвлөгөөг гаргаад ир гэхчлэн… Яг л ерөнхий төлөвлөгөөний дагуу үйлдвэр байх ёстой газар нь үйлдвэр, орон сууц байх ёстой газар нь орон сууц, худалдаа байх ёстой газрыг нь худалдааных нь зориулалтаар олгоод энэ ажлыг хөдөлгөх ёстой. Хийж чадахгүй байгаа хүмүүст нь, битгий Монголын төр, бизнесменүүдэд гай бол, шавар хаа гээд л гэрээг нь цуцлаад хөөж явуулах хэрэгтэй. Одоо тэр байдал руу  явах, алхах цаг нь болчихсон. Айж эмээж болохгүй. Чөлөөт бүс муугаар яригддагийг сайнаар яригддаг болгох ёстой. Болох ч ёстой. Тэр нөхцөл байдлыг төр 100 хувь хангаад өгчихлөө. Одоо бүс хариуцаж байгаа нөхдүүд зоригтой алхам хийх ёстой. Ийм нөхцөл байдлыг нь засаг бүрдүүлээд өгчихсөн шүү дээ.  Тиймээс газар авчихсан нөхдүүдийг шахах нь бидний үүрэг болчихоод байгаа юм.

-Чөлөөт бүсийн гэж тусгайлсан дүрэм журамтай бие даасан хууль эрхзүйн орчинтой болж байж л жинхэнэ утгаараа хөгжинө  гэж ойлгож болох нь ээ?

-Манай төрийн байгууллагууд босоо удирдлагатай. Тэгээд хуулинд нь өөрчлөлт хийх гэхээр хөдөлмөр эрхлэлт, салбарын эрх ашгийг оруулж ирээд байдаг. Үүнийг өөрчлөх ёстой. Хэрвээ чөлөөт бүс л гэж байгаа бол тэр шүү дээ. Ер нь салбарын орон нутагт үйлчилдэг нийтлэг хуулинд өөрчлөлт оруулах ёстой. Чөлөөт бүсийг чөлөөтэй байлгах зарчмыг мөрдөхийн тулд өөрчлөх ёстой учраас нийтлэг хуулиудыг шүүрдэх л ёстой. Чөлөөт бүсийн холбогдолтой чөдөр тушаа болоод байгаа юмыг бүгдийг нь зогсоож, чөлөөт бүсэд үйлчлэхгүй хамаарахгүй гэсэн заалтуудыг оруулж чөлөөт бүсийг ямар нэгэн босоо удирдлага, орон нутгийн удирдлагаас гадна аваачиж байж чөлөөт бүс чөлөөтэй болно. Эрхзүйн орчны өөрчлөлт гэж энэ бодлогыг л хэлээд байгаа юм шүү дээ. Бид үүнийг өнгөрсөн дөрвөн жилд өөрчилж чадаагүй. Одоо заавал хийх ёстой.

-Ингэхэд Чөлөөт бүсийн тухай хуулийн төслийг өргөн барьсан уу?

-Өргөн баригдаагүй бэлэн боловсруулчихаад л байж байна.

Б.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж