Н.Энхбаярт ялын тогтоол гардуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.12-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярт ялын тогтоол гардуулжээ

Албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдож дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн МАХН-ын дарга Н.Энхбаярт өнөөдөр яллах тогтоол гардуулсан байна.  Н.Энхбаяр нь Нэгдсэн II эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд Нийслэлийн шүүхийн ажилтнууд эмнэлэгт очиж тогтоолыг гардуулсан гэнэ. Нийслэлийн шүүхэд болсон хурлын дараа н.Энхбаярын өмгөөлөл С.Нарангэрэл дараагийн шатны шүүхэд хандана гэдгээ мэдэгдсэн. Тогтоол гардан авсан өдрөөс эхлэн 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хандах ёстой байдаг. 

Анхан болон давж заалдах шатны шүүхээс Н.Энхбаярыг дараах хэрэгт буруутай хэмээн үзсэн. Тодруулбал,

  • УИХ дахь цөөнхийн бүлгийн даргаар ажиллаж байхдаа 119.534 мянган төгрөгийн тоног төхөөрөмжийг 2000 оны зургадугаар сарын 16-нд албан тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа завшин Гандантэгчинлэн хийдэд онц хэмжээний хохирол учруулсан,
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг урвуулан ашиглаж, тухай нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Батбаяр, НИТХ-ын тэргүүлэгч даргаар ажиллаж байсан Н.Болормаа, Нийслэлийн Өмчийн газрын орлогч даргаар ажиллаж байсан Д.Дуламсүрэн нартай бүлэглэн “Өргөө” зочид буудлыг хувьчлан авч Нийслэлийн өмчид онц их хэмжээний хохирол учруулсан,
  • НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн өмч хувьчлах комиссын дарга Т.Билэгт, иргэн До.Чулуунбаатар нартай бүлэглэн “Улаанбаатар таймс” сонины байрыг өөрийн дүү Н.Энхтуяагийн “Медиа Холдинг” ХХК, До.Чулуунбаатар нарын нэрээр худалдан авч улмаар өөрийн үүсгэн байгуулсан компанид охин компани болгон завшиж, нийслэлийн өмчид онц их хэмжээний хохирол учруулсан,
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалаа урвуулан ашиглаж, “Эрдэнэт”  үйлдвэрийн захирал Х.Наранхүү /УИХ-ын гишүүн асан/, худалдааны асуудал хариуцсан орлогч захирал н.Ганбат, “Хэнлон” компаны захирал Ж.Мягмаржаргал нартай бүлэглэн гурван тэрбум 930 сая төгрөгийг завшиж, “Эрдэнэт” үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн хэрэгт буруутгаж байгаа юм.
Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж