Төсвийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.10.12-нд нийтлэгдсэн

Төсвийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүллээ


УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 2013 оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийн хийж, дараагийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Ирэх онд зэсийн дундаж үнийг 8152 ам.доллар гэсэн байна.  Эдийн засгийн хямралын үед зэсийн үнэ ямар байх, худалдан авалт, эрэлт нь ямар байх ёстойг тодорхой болгож, 8152 ам.доллар гэдгийг эргэн харах ёстой байх гэж бодож байна. Мөн төсвийн орлого талаас боломжит эх үүсвэрийг хайна гэж байна. Боломжийн цаана байгаа боломжийг олж харах ёстой байх. Тухайлбал, 1200 ажилчинтай Багануурын уурхай сард 200 тонн нүүрс олборлож байхад 200 гаруй ажилчинтай аж ахуйн нэгж нэг сая тонн нүүрс олборлож байгаа явдал байна. Тиймээс боломжуудыг хайж, судалж, дараагийн хэлэлцүүлэгт анхаарах байх. Нийгмийн даатгалын орлогыг нэмэгдүүлэх, одоо байгаа боломжид суурилах бүрэн боломжтой. Гаднаас ажиллах хүч авахдаа Үндэсний аюулгүй байдлыг анхаарах шаардлагатай. Үүүнээс гадна нөхөрлөл, хоршооллын асуудлыг ярилцах, эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийн хуваарилалтыг тодорхой болгох хэрэгтэй байна” гэлээ.

Р.Гончигдорж “Иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор бид урагшлах ёстой. Энэ төслийн хувьд онцлогтой. Сонгуулийн жилийн төсөв бусад төсвөөс ялгаатай байдаг. Төсвийн зохицуулалтад уян хатан хандах хэрэгтэй. Тодорхой эрсдэл бүхий орчинд энэ төсөл хийгдэнэ. Дотоодын болон гадны хүчин зүйлээс хамаарна. Төсвийн бодлого дээр шинэчлэл хийх ёстой. 40 хувийн хөрөнгө оруулалтын эрсдэлийг тооцож, уян хатан ойлголцох хэрэгтэй” гэв.

Харин гишүүн Я.Содбаатар “Манай сайд нар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ажлаа хийгээд яамандаа ажиллахгүй байна. Бурууг Сангийн яаманд түлхэж байгаа зүйл ажиглагдаж байна. Улсын төсвийг Ерөнхий сайд хариуцан ажилладаг. Ирэх онд уран олборлож эхлэх юм байна. Хайрхан, Хараат, Дулаан-Уулд ТЭЗҮ-г нь хийж, үйлдвэрлэлийг эхлүүлнэ гэж Төсвийн төсөлд тусгасан байна. Үндэсний аюулгүй байдал болон бусад олон зүйлд уран олборлох зорилгоор 50 тэрбум төгрөг зарцуулна гэж байна. Гэтэл энэ талаар УИХ-ын гишүүд мэдээлэлгүй байна. Иргэд, төрийн бус байгууллагууд уран олборлохыг шүүмжилж, эсэргүүцэж байна. Уран олборлохоос өөрөөр мөнгө олох, улс орныхоо хөгжлийг урагшлуулах боломж байгаа. Тиймээс хэлэлцүүлгийн үед анхаарахыг хүсч байна. Мөн он оны төсвийн гүйцэтгэлийг харж байхад дэд бүтэцтэй холбоотой байна. Дэд бүтэцтэй тендерүүдийг эргэн харж үзэхийг хэлэлцүүлгийн үеэр анхаарахыг хүсч байна” гэснээр 2013 оны Төсвийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж