
Гишүүн М.Батчимэг Хятадын эдийн засаг ихээхэн түгшүүртэй болж байгааг санууллаа. “Ирэх 2013 оны намар хүртэл Хятадын эдийн засагт нааштай байдал гарахгүй гэдгийг төсөв хийхдээ анхаарах хэрэгтэй гэлээ. Ирэх арваннэгдүгээр сарын 8-нд ХКН-ын их хурлаар удирдлага нь солигдоно. Ирэх оны хавар Хятадын Төрийн зөвлөл буюу Засгийн газрын удирдлага шинэчлэгдэнэ. Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдац 7,5 хувь гэж байгаа ч бодит байдал дээрээ зургаан хувь л байхаар ажиглагджээ. Зургаан хувийн өсөлт бол Хятадын эдийн засагт сүйрэл болно” гэж М.Батчимэг гишүүн хэллээ. Тэрээр Монголын эдийн засагт бодит секторын бус зөвхөн экспортын өсөлт явж ирсэн. Гадаад эдийн засаг хямралтай үед энэ байдлаасаа салах хэрэгтэй гэж байлаа.
Гишүүн Д.Лүндээжанцан эдийн засгийн хүнд үед ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хаяж болохгүй. Тэдний нийгмийн халамжийг үргэлжлүүлэх хэрэгтэй, ямар нэг байдлаар үүнийг төсөвт оруулах хэрэгтэй гэж байв.